“Эмэгтэй нэр дэвшигчид хөгжлийн бодлого боловсруулж оролцох хэрэгтэй”

2023 оны 12 сарын 15

Эмэгтэй парламентчдын чуулган жил бүр болдог. Тэд энэ жилийн чуулганаа “Парламентад хүрэх мянган алхам” хэмээн нэрлэж, Төрийн ордонд зохион байгуулав.

Тус чуулганд УИХ-ын гишүүн асан Т.Ганди, Н.Амарзаяа, Ц.Цогзолмаа, З.Нарантуяа, Д.Оюунхорол, Г.Уянга, З.Баянсэлэнгэ, ХНХ-ын сайд асан А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нарын үе үеийн парламентын эмэгтэй гишүүд оролцлоо. Мөн улс төрийн намууд,  иргэний нийгмийн байгууллага, ТББ-ын төлөөлөл оролцсон юм.

Энэ удаагийн чуулганаар  “Эмэгтэй парламентчдын чуулган-2022”-оос гарсан “Тунхаг бичиг”-ийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, үр дүнг ахиулах асуудлыг хэлэлцэв. Өнгөрсөн онд анхдугаар чуулганаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн олон улсын эрх зүйн орчин, Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар хэлэлцэж тунхаг бичиг гаргажээ. Энэ удаа “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах уриалга” гаргалаа. 

 Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших найман удаагийн УИХ-ын сонгуульд 45 эмэгтэй давхардсан тоогоор нийт 65 удаа сонгогдсон байна.  Үүнээс 10 эмэгтэй хоёр ба түүнээс дээш, үлдсэн 35 эмэгтэй нэг удаа сонгогдсон судалгааг чуулганы үеэр танилцуулсан. Тэгвэл үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн төлөөлөгчдөөс  Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Х.Шүүдэрцэцэг “Бид эмэгтэй учраас сонгогдохгүй байна. Улс төрд эмэгтэйчүүдийн  уян зөөлөн чанар үгүйлэгдэж байна” гэх улиг болсон зүйлээ өнөөдөр ч яриад сууж байгаа нь учир дутагдалтай. Эмэгтэй хүн учраас улс төрд орох ёстой гэхээс илүү нийгэмдээ, олон нийтэд  хүлээн зөвшөөрөгдөхөд анхаарч энэ чиглэлд ажиллах хэрэгтэй. Улс төр хатуу юм бол  эмэгтэйчүүд зөөлөн биш харин ч хатуу байх ёстой. Зарчим хатуу байдаг биз дээ. Дээр нь нийгмийн асуудлуудаа харахгүй, хөндөхгүй байж  сандал суудал  яриад суух нь зохихгүй” гэсэн утгатай байр суурийг илэрхийлсэн. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ  өнөөдөр нийгэмд утаа, түгжрэлээс эхлээд олон асуудал байхад эмэгтэйчүүд дуугарахгүй байж сонгууль гэхээр яаж сонгогдох вэ гээд яриад сууж байгаад  мөн шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэгвэл иргэний нийгмийн зүтгэлтэн Д.Сүхжаргалмаа ирэх сонгуульд эмэгтэйчүүд хөгжлийн том бодлого боловсруулж орох хэрэгтэй гэж харж байна гэв. Эмэгтэй парламентчдын чуулганы үеэр  Массачусетсийн Технологийн их сургуулийн Антропологийн профессор Др. Буяндэлгэрийн Мандухайн бүтээл "Парламентад хүрэх мянган алхам" буюу монгол эмэгтэй сонгуульд нэр дэвшсэн нь  номын нээлт болсон. Номын хөтөчөөс харахад “Сонгогдохуйц байх нь-Эмэгтэй бүр өөрийхөө төлөө”, “Засаглал ба ардчиллын шинэ эдийн засгийн хэлбэрүүд”, “Кампанит ажил ба жендэр, улс төрийн харилцан хамаарал”, “Эмэгтэйчүүд мөнгөний кампанит ажлын эсрэг”, “Нэр дэвшигчдийн дотоод ба гадаад дүр төрх” гэсэн сонирхолтой асуудлуудыг дэвшүүлжээ.

Ч.ЧОЛДОХ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.179.212) 2023 оны 12 сарын 15

emegtei gishuud kheregguiee

0  |  0
zochin(66.181.179.212) 2023 оны 12 сарын 15

emegtei gishuud kheregguiee

0  |  0
zochin(66.181.179.212) 2023 оны 12 сарын 15

emegtei gishuud kheregguiee

0  |  0
Top