ТОЙМЧИЙН ӨНЦӨГ I Мөнгө биш хөтөлбөр шийдэг

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 12 сарын 15

Удахгүй дээ, тун удахгүй сонгууль эхэлнэ. Он солигдохтой зэрэг л хаалга нь нээгдэнэ. Хэсэг хугацаанд шуургалаад сонго+уйл боллоо гэж санаашрах өдрүүд залгана. Нээрээ хэдүүлээ сонгуулийг “сонго+уйл” болгочихгүй юмсан.

Манайхан мөрөөдөлтэйг нь хоосон гэж хараад мөнгөтэй хүн  л бол юм хийж, бүтээнэ гэж шуурдаг байлаа. Одоо мөнгөтэйг биш мөрийн хөтөлбөртэй хүнийг дэвшүүлнэ гэлцэж байна. Тойргийг томсгож, төвийн бүс, баруун, зүүн бүс, хангайн бүс, говийн бүс гэж тав хуваан  бүсчлэх тухай ярьж байна. Одоо л улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөж, нэр дэвшигчдийн жагсаалтаас төлөвлөгөөтэй хүний нэрийг дугуйлдаг шинэ жишиг рүү явах бололтой. Үнэн бол аштайв дээ.

Улсын төсвийг бялууны зарчмаар 76 хуваадаг, аймаг, суманд цэцэрлэг, сургуулийн хашаа будах, хаалга цонх сэлбэх мэтээр үрж, ихэнхийг нь тойргоо услахад зарцуулдаг байсан хуучин жишигт баяртай гэж  эрх бариг нам зоригтой хэлж байгаа аж. Үүнтэй хамт сонгогчид бас өөрчлөгдөх ёстой. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх ажлууд одооноос хийгдэх учиртай.

Жишээ нь,  бодлого ярьсан боловсролтой нэгнийг ад шоо үзэх атал мөнгө тараан улайран зүтгэж буй нэр дэвшигчийг хүсэмжилдэг муухай монгол зангаасаа бид салах шаардлагатай Үзэл бодол, хүмүүжил төлөвшил, хүнийг нь харьцуулан харж байж төр түшүүлж ирсэн монгол төрийн мэргэн ухаан хаачив гэдэг эрэл суралд эртнээс гарах хэрэгтэй. УИХ-д гарах гэж улайрсан баячуулд саналаа худалдаад юу өөрчлөгдсөн бэ. Мөнгөний сонгууль хийсээр ирсэн буруу зуршил, гаж хандлагаа өөрчлөөгүй цагт бидний  хэнбугай ч цаг мөнхөд ядуу байна.

Энэ удаа сонгуулийн хувьсгалыг хийчих юм бол ирэх жилүүдэд зөв бодолтой, өөрийн гэсэн үзэлтэй нэр дэвшигч, ард түмний амьдралыг дээшлүүлэх гарц гаргалгааг олж харсан, боломжийг тооцоолсон мөрийн хөтөлбөртэй улс төрийн нам, эвсэл бий болж төлөвших биз. Сонгууль гэгч "Сохорын дууль", солиорлын туйл өөрчлөгдсөн цагт л монголчуудын хандах зүг, санахуй, сэрэхүй зөв болох биз ээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top