Хотын удирдлагад хуульчид, хүчнийхнээс илүү инженерүүд, нийгмийн чиглэлийн мэргэжилтнүүд хэрэгтэй гэж зөндөө л бичсэн дээ. Хотын мэрийн дэргэд хуулийн зөвлөх, Тамгын газрын дарга хоёр нь л хуульч байвал хангалттай гэж санадаг. Муу нэрт ногоон автобусны дуулианаар хотын хуучин удирдлагын баг огцроход орыг нь хууль, хүчний байгууллагынхнаар голдуу залгуулсан нь өнөөдөр гэнэтийн шийдвэр гаргадаг, иргэд үзэл бодлоо илэрхийлбэл торгуулдаг, хүний эрх зөрчсөн ямар ч шийдэл гарлаа гэхэд “Мэдлээ, гүйцэтгэе эрхэм мэр” хэмээн ёслон хүлээж авч байхаар байдалд оруулчихлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хийсэн томилгоог эргэн авч үзье.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүүгийн оронд Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Л.Хосбаярыг, Нийтийн тээврийн газрын дарга байсан С.Жавхлантбаатарын суудалд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга Д.Отгонжаргалыг томилсон. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцаж. байсан Ж.Сандагсүрэнгийн оронд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөгийн оронд УИХ-ын даргын хуулийн асуудал хариуцсан зөвлөх байсан О.Номинчимэгийг суулгасан.
Баахан цагдаа, хуулийнхныг хотын толгойд залсны балгаар шууд тулгасан шийдвэрүүд гаргаж, иргэд арга буюу түүнийг “түргэн жагсаал” авсан цэргийн ёсоор гүйцэтгэдэг болж байна. Сошиалд иргэдийн бичиж байгаа зүйлийн зах зухаас харъя л даа. “Х.Нямбаатар даргыг цагдаа нарын үгэнд болгоомжтой ханд гэж зөвлөх юмсан. Цаадуул чинь юм бол хязгаарлаад хаячихъя, хориод орхиё гэдгээ урьтал болгодог муу зуршилтай. Хааж хориглохоос өөр шийдэл хайх, толгойгоо ажиллуулах тун дургүй. Нэгэнт хичээлийг цахимд шилжүүлж, автобус хүрэлцэхгүй байгаа энэ үед машиныг нь хорих ямар хэрэг байна аа. Такси бол бүр гонжийн жоо. Алхаад явъя гэхээр халтирч унаад үхэх нь баараггүй. Энэ хүйтэнд бүгдээрээ автобус хэдэн цагаар хүлээж өвчин тус гэж байгаа юм шиг”, “Цагдаажсан нийгэм болжээ. Шүүмжилбэл торгоно, айлгана, болохгүй бол ачиж аваачаад хорино. Тэгш сондгойгоор явуулахыг шүүмжлэн үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг цагдаагийн албан шаардлага биелүүлээгүй хэмээн Зөрчлийн тухай хуулиар 250 нэгжээр торгожээ. Энэ юу болж байна аа? Үндсэн хуулиар хамгаалсан хүний суурь эрхээ эдэлснийхөө төлөө торгууль хүлээжээ. Хойд Солонгос шиг болчихжээ, бүүр...!!”. “Хөлдвөл хөлд. Автобусыг маань дарга нар идчихсэн шүү дээ. Хүлээж хүлээж ирсэн автобусанд сууж багтахгүй. Энэ бол эрх баригчдын шинэ жилийн сюрприз”, “Автобус хүлээх дундаж хугацаа 8 минут гэж заасан байдаг ч энэ хүйтэнд оргил ачааллын үед 30-40 минут, заримдаа бүр нэг цаг хүлээх тохиолдол их гарч байна”. Ийм сэтгэгдлүүд ар араасаа хөвөрч байна. Арай олон нийтийн сүлжээнд шүүмжлэл бичсэн иргэдээ айлгаж, ичээж, хорьж, торгохгүй биз. Мөнөөх шүүмжлэл хэлж торгуулсан иргэн хөдөлгөөнд оролцолгүй, хязгаарлалтын бүсээс буцаад эргэсэн гэдгийг харсан хүмүүс хэлсэн л байна.
Хүйтний зах үзэв үү, үгүй юу хотын дарга бүтэн сайн өдрөөр яаран сандран мэдэгдэл хийж, маргааш өдрөөс нь буюу 12 дугаар сарын 18-наас 2024 оны хоёрдугаар сарын 1 хүртэл автомашинуудыг тэгш сондгойгоор явуулахаар болчихсон. Тэг зогсолтоо шийдэж буй нь тэр. “Мэдлээ, гүйцэтгэе эрхэм мэр, явган таваргая, эсвэл автобусаа хүлээгээд чичрээд байж байя. Багтахгүй бол дараагийнхыг хэдэн цагаар ч хамаагүй хүлээе”. Нийслэл хотын төр, захиргааны байгууллагуудын ажилтнууд энэ долоо хоногт цахимаар ажиллана. Хотын авто замын түгжрэлийг бууруулах шинэ хууль батлагдсан учраас. “Мэдлээ, гүйцэтгэе эрхэм мэр. Биеэр уулзах ажил иргэдэд байсан ч тэвчие”. Ханиад, томуу ихэслээ, хүүхдүүдийг харах хүнтэй эсэх нь хамаагүй цахимаар хичээлээ үзээд гэртээ байж бай гэлээ. “Мэдлээ, гүйцэтгэе эрхэм мэр. Гэнэтийн шийдвэр гарч компьютер зэхэж амжаагүй ч, багш нар цахимаар юу заахаа төлөвлөөгүй ч хүлээж авъя”. Гэснээс Засгийн газар өнөөдөр хуралдаж бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг албан байгууллагууд цахимаар ажиллуулах саналыг оруулахаар болсон гэнэ. Ниргэсэн хойно хашгирав гэгч болж байгаа юм биз ээ. Эхлээд асуудлыг шийдэх аргаа боловсруулаад шийдвэрээ гаргадаг болохоос биш, сэтгэлийн хөөрлөөр мэдэгдэл хийчихээд хэд хоногийн дараа араас нь шийдэл хийдгийг анх удаа харах нь энэ.
Ийнхүү нийслэл Улаанбаатар хотынхон дээрээс тавьсан гэнэтийн үүргүүдийг хүчний байгууллагын ажилтнууд мэт тов хийтэл ёслон хүлээн авч гүйцэтгэж байхаар боллоо.
Гэтэл асуудал дуусдаггүй ээ. Угаасаа Монгол Улсын хүн амын гуравны хоёр нь төвлөрсөн саятан, мегаполис хотод амар шийдэгдэх ажил гэж байхгүй. Хотын даргыг үүрэг тавиад дуусав уу, үгүй юу эрчим хүчний гэмтэл гарч нийслэлийн баруун тал тэр чигээрээ харанхуйд автав. Хоёр цагийн дотор гэмтлийг зассан ч дулаан бас доголдсон учир хасах 30-аас давж хүйтэрч буй эл өдрүүдэд, ялангуяа орой үдшийн сэрүү ордог цагаар нялх хүүхэдтэй, бие тааруу хүнтэй айлууд зутарснаа ярьцгааж байсан. Машины дугаарын тэгш, сондгойгоор явуулах шийдвэр гараад зам гэдэг цэлийж байх юм бодтол автобус хүлээдгээрээ хүлээсээр. Угаасаа цөөхөн явж байгаа юм биш үү.
Дээр нь авто замуудын дэргэдэх шонгуудаа бөхлөхгүй бол зам тээж унасан, машин дарсан тохиолдол гарсаар. Намрын сүүл, өвлийн эхээр Баянхошууны Хөтөлд гэрлийн шон сууринаасаа ховхорч машин дарж, зам хөндлөн унаснаас хотоос цааших хөдөлгөөн тэг бүү хэл таг зогссон. Энэ байдал 12 дугаар сарын 18-ны даваа гарагт давтагдаж, Зурагтын шинэ эцсийн хойхно бас л шон унаж хөдөлгөөн гацаав. Нэг бүдрэхэд долоо бүдэрнэ гэдгийн үлгэр хүйт тачигнасан энэ өдрүүдэд үргэлжилсээр. Гацуурын чимэглэлээс нэгэн байрны дөрөвдүгээр давхарт гал гарч, нэг айлын гурван хүүхэд, нийт долоон хүн эндэж, олон хүн угаартсаны зэрэгцээ гал унтрааж аврахаар очсон БНСУ-д сургууль төгсөж ажилд ороод удаагүй Онцгой байдлын залуухан ажилтан угаартаж амиа алджээ. Хамгаалах хувцас хэрэглэл, баг зэрэг нь шаардлага хангадаггүйгээс болсон байж таарна. Түүнд зарцуулах мөнгө бас цавчаа, луйвраар орсон хэрэг үү. Үүнийг шалгаж шийдэхгүй бол дахин хэдэн ажилтныхаа амийг тавьж туухыг мэдэхгүй. Ядаж байхад зам дээр цацдаг давс, бодис нь хасах 30 хэмээс дээш хүйтэнд мөс хайлуулж дийлдэггүй гэх. Ингээд нийслэлийн авто зам, мөнөөх алдарт халтиргаат явган хүний гялгар хавтан зам сарны гадаргуу, Ангаргийн хөрс мэт арсайсан хөлдүүс болж хувирлаа. Хусаад хусаад энэ их мөсийг арилгаж дийлэхгүй ТҮК-ийн шүүр, хүрзхэн багажтай ажилтнууд хүчин мөхөсдөж байна. Тэртээ 1950-60-аад онд нийслэлийн гудамж талбайн цасыг орсон дор нь цуглуулж хутгаж аваад машинд аччихдаг техник байсан байна лээ шүү.
Юм болгоныг тулгаж, хүчирхийлж, “Мэдлээ гүйцэтгэе” хэмээн иргэд нь хүлээж авсаар байвал хотод бүтэх ажил нэг ч үлдэхгүй. Хавар болоход энэ их орсон цас хайлж уруйн үер, шар усны үер бууна. Мөнөөх үерт автдаг айлуудад дахиад аюул тулгарна. Зундаа гудамж талбайгаар завиар явахаа шахдагаа бараг мартсан биз. Утаа униар ч сураг алдарсан, утаатай мантай унгиралдаж, иргэддээ цэргийн хүн мэт үүрэг тавьсаар суутал сонгуультай залгах биз ээ.
Иймээс л хотын удирдлагад олон хуульчаас инженерийн ухаан, хүнээ гэсэн сэтгэлтэй ажилтнууд илүү хэрэгтэй байгаа юм аа, хотын мэр ээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Иргэдийн амьдрал мэддэг хүнийг хотын удирдлагад тавьж болдоггүй юм уу?Баг бүрдүүлэх нэрээр хуучин хамт ажиллаж байсан нөхдөө чирээд явдгийн учир юу вэ? БШУЯам бас нэг үе Хууль зүйн Яам болчихсон байсан.Хөгжлийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх чадах нгөхдөө албан тушаалд тавих хэрэгтэй байна.\n