Г.Занданшатар: Татварын цогц реформ хийхэд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус судалгаа тооцоо суурь болно

2024 оны 01 сарын 11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2024.01.11/ Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Төсвийн байнгын хороо нэр дэвшигчдийн талаар нээлттэй сонгон шалгаруулалт,  сонсгол явуулж, тайлангаа хэлэлцсэн бөгөөд Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаатар, А.Энхбат, Р.Рэнцэнбазар, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа нарыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхийг тус тус дэмжсэн. Иймд чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэ гишүүдийг томилох санал хураалтыг хүн нэг бүрээр нууцаар явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоолын төслийг батлав.

УИХ-аас томилдог албан тушаалтнуудыг УИХ-ын дарга Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулаад томилдог байсныг халж нээлттэй сонгон шалгаруулалт хийж, нээлттэй сонсгол явуулж, УИХ-ын чуулганаар  нууц санал хураалтаар томилдог болсон. Энэ нь хараат бус, аливаа институцийн тогтвортой байдлыг эхнээс нь хангаж буй сайн жишиг болж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгов. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд өндөр ач холбогдол өгч байгааг дурдаад, Засгийн газраас хараат бусаар ажиллаж төсвийн үр ашгийг хангахад чиглэгдэж байгаа институц тул энэ чиглэлээр судалгаа, тооцоо тогтмол хийх шаардлагатайг санууллаа. Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооноос боловсруулж байгаа төсөв, татварын цогц реформ, төрийн санхүү, нийтийн санхүүгийн шинэчлэлийн ажилд судалгаа, нотолгоо бүхий шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлэхийг даалгав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top