1072 | Ногдол ашиг тараах эсэх талаар хэн юу хэлэв?

2024 оны 01 сарын 17

““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хийж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.


УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр гишүүд дараах байрь суурийг илэрхийлэв.

Үүнд: Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар явуулах үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ч.Ундрам, Д.Батлут нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ногдол ашиг тараах эсэх, тус компанийн өр төлбөрийн талаар асууж, тус тогтоолоор зохицуулагдах боломжгүй зарим асуудлыг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлд тусгаж шийдвэрлэх талаар саналаа хэлсэн байна.

Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хорооны хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, иргэдэд олгосон хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцаанд ногдох ашгаас компанийн өр төлбөрийг барагдуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэхдээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1.3 их наяд, 2023 онд 3.0 их наяд төгрөгийн ашигтай ажиллахын 2.0 их наяд төгрөгийг 3.5 сая иргэндээ ногдол ашиг болгож өгвөл нэг хүнд 580 000 төгрөг ногдоно гэж одоогоос сарын өмнө Байнгын хорооны хурал дээр хэлж байсан хэмээгээд, үүнийг цалин, тэтгэвэр нэмэхтэй зэрэгцүүлэн олговол эдийн засагт доргилт өгөх магадлалтай тул цагаан сарын өмнө өгөх ёстой гэсэн шаардлага тавьж байгаагаа дурав.

Тэрбээр, 2022 оны ашиг 120 000 гаруй төгрөгийг цагаан сарын өмнө, 2023 оны ашиг 450 000 гаруй төгрөгийн ногдол ашгийг дөрөвдүгээр сарын сүүлээр өгөх нь зүйтэй гэж үзэж байна гээд ногдол ашгийг дутуу олговол үлдэх хэсгийг хэн хулгайлж, луйвардаж байгаа тухай асуудлыг ярина гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа төрийн өмчит компаниуд, байгалийн баялагт хулгай, луйвар нүүрлэж, ашиг, орлогыг үр ашиггүй зарцуулж байгааг дурдаад, иргэдийн хувьцааны ногдол ашгийг олгох, хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэв.

Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, уул уурхайн салбар биднийг тэжээж байгаа тухай дурдаад, байгалийн баялгийн өгөөж, орлогыг үр ашиггүй, хууль бус, луйврын төслүүд рүү оруулж, хулгайлсны нэг хэсэг нь “нүүрсний хулгай” шүү гэсэн юм. Тэрбээр 1072 ширхэг хувьцаа хэзээ бодитой хувьцаа болох вэ гэсэн асуулт тавьж, компанийн өр шир ямар байгаа болон цаашид тогтвортой авч явах талаар ямар анхаарал тавьж байгааг асууж хариулт авсан юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал С.Наранцогт үүнд, компани жилдээ 1.0 их наяд орчим төгрөгийн өр барагдуулж байгаа талаар дурдаад, өнөөдрийн байдлаар 4.0 их наяд төгрөгийн өр төлбөртэй хэмээн хариулсан юм. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд авлага боловч бусад төрийн өмчит компаниудад өр төлбөр болсон 4.9 их наяд төгрөгийн асуудал байгааг дурдав.

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, тогтоолын төсөлд туссан энгийн хувьцааны асуудал нь уг хувьцааг захиран зарцуулах иргэдийн эрхийг агуулж байгаа эсэхийг асуугаад “нүүрсний хулгай”-д алдсан 5.2 сая тонн нүүрс, төмөр замын төслийг санхүүжүүлсэн хөрөнгө, өглөг, авлагын асуудлыг хөндөж, төрийн өмчит компанийн орлогыг нээлттэй, хяналттай захиран зарцуулах талаар саналаа хэлсэн юм. Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар “нүүрсний сонсгол”-ын шинжээчид ташаа мэдээлэл өгсөн талаар ярьсныг мөн тодруулж асуув. Үүнд Сангийн яамны Төрий нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариулахдаа, сонсголын үеэр 5.2 сая тонн нүүрс дутсан гэх мэдээлэл гарсан, харин дараа нь тулгалт хийж үзэхэд зөрүү гараагүй байж болзошгүй байгаа тул нягталж байгаа гэсэн хариултыг өглөө.

Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа халамжийн данс болсон, сонгуулийн дөхөхөөр халамжийн дансандаа мөнгө хийдэг болсон хэмээн шүүмжлээд, Үндэсний баялгийн сангийн хуулиар энэ алдаа завхралыг засаж залруулах асуудал яагаад орж ирэхгүй байгааг асуусан юм. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулган зарлаж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлах ёстой гэсэн юм.

1072 ширхэг хувьцааны асуудал эмх замбараагүй болж, ойлгомжгүй олон асуудал хуримтлагдсаныг энэ тогтоолоор шийдвэрлэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам тодруулан тайлбарлаад, цаашид өмчийн харилцаанд орох боломжтой болж байгааг онцлов. Ногдол ашиг хуваарилах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр илэрхийлээд, үүнийг компанийн ТУЗ зөв зүйтэй шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн тэрбээр, нүүрсний хулгайн хохирлоо барагдуулах талаар өөрсдөө хөөцөлдөж, идэвхтэй ажиллах хэрэгтэйг зөвлөв.

Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин мөн тогтоолын ач холбогдлыг онцлоод, “Эрдэнэс Тавантолгой” ХК цаашид тогтвортой, үр ашигтай ажиллахын тулд эхний ээлжинд захиргаадалтаар бий болсон өр, төлбөрийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, тогтоолын төсөл харьцангуй хожуу буюу Засгийн газарт чиглэл болгосон хугацаанаас хоцорч орж ирж буйг анхааруулаад, Улсын Их Хурлаас өгсөн чиглэлүүдээс ард иргэдэд ногдол ашиг олгох асуудлыг орхигдуулсны үндэслэлийг асууж хариулт авсан юм.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “...Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан тул Улсын Их Хурлын тогтоолоор шийдвэрлэх боломжгүй гэлээ.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс бэлтгэж, Эдийн засгийн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй зургаан саналаар санал хураалт явууллаа.

Зарчмын зөрүүтэй саналын зургаа дахь “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолыг хүчингүй болгохтой холбоотой асуудал эрх зүйн үр дагавартай тул хуралдаан даргалагч, УИХ-ын дарга Г.Занданшатар гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Зарчмын зөрүүтэй саналуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тэгвэл Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.01.17) хуралдаан 10 цаг 20 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хувьцааны ногдол ашиг олгох нь зүйтэй хэдий ч Монгол Улсын иргэн бүрийн эзэмшлийн хувьцааг урт хугацаандаа үр өгөөжтэй байлгах тохиолдолд өр төлбөрөө нэн тэргүүнд барагдуулж, бүтээн байгуулалтууддаа хөрөнгө оруулалт хийх зэрэг үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэхийн чухлыг Ж.Ганбаатар гишүүн хэлж байв. Олсон ашиг бүрээ хуваагаад байх юм бол ирээдүйд үнэ цэн, өртөг бүтээх боломжоо тэр хэрээрээ хязгаарлах, улмаар иргэдийн эзэмшлийн хувьцааны ирээдүйн үнэ цэнийг унагаж, өгөөжийг бууруулах үр дагавартай гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тиймээс шийдвэр гаргахдаа асуудлыг өргөн хүрээнд харж, тооцоо судалгаа хийх шаардлагын талаар хэлж байв. Компанийн үнэ цэн, хувьцааны ирээдүйн үр өгөөжийг сайжруулах асуудлыг бизнес төлөвлөгөө гаргаж, зөв менежмент хийх, холбогдох шийдвэрийг ТУЗ гарган ажиллах үүрэгтэй болохыг Ц.Цэрэнпунцаг дарга хэлж байсан.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал нар иргэдийн эзэмшлийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг өгөх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, тайлбарыг дэлгэрэнгүй хэллээ. Хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааснаар үйл ажиллагаанд доголдол үүснэ гэдэг нь зохисгүй тайлбар хэмээн шүүмжилсэн. Хэлэлцэж буй энэхүү төслөөр хувьцааны ногдол ашиг тараах эсэх шийдвэр гарахгүй, гол зохицуулалт нь 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэх буюу 1.5 сая иргэндээ, хүүхдүүдэд 1072 ширхэг энгийн хувьцаа эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж байгааг Б.Баттөмөр гишүүн тайлбарласан.

Ийнхүү Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлэсэн юм. Чуулган үдээс хойш 14 цагт хуралдах товтой байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(98.181.118.33) 2024 оны 01 сарын 18

Хувьцааг энгийн, энгийн бус гэж ангилах шаардлага байхгүй. Иргэд Таван толгойн бүх хувьцааны 80 % ийг эзэмшиж 20 % ийг төрд үлдээх. Хувьцаа эзэмшигчдээс асуугаагүй, нууцаар тавьсан өр төлбөрийг иргэд хариуцахгүй тул 2010 оноос хойш олгоогүй жилүүдийн ноогдол ашгийг нөхөн тооцож олгох ёстой. Инэгэж чадах уу хариулаарай.

0  |  0
зочин(103.41.93.133) 2024 оны 01 сарын 17

44 их наяд 440 их наяд саяын 5.2 сая тоннын үнэ аль нь юм бэ?

0  |  0
Top