Хайр гэдэг нь гайхалтай, ид шидийн мэдрэмж ч гэлээ хүнийг олон сорилтыг давахад хүргэх нь бий. Зарим алдартнууд хайр сэтгэлийнхээ төлөө өөрийгөө золиослох, хаан ширээнээсээ татгалзах зэргийг ч хийсэн байдаг. Төрийн эрх барих хаан ширээнд суух ёстой байсан ч хайртай хүнтэйгээ гэрлэхийн тулд хэргэм зэргээсээ татгалзсан хүмүүсийн сонирхолтой түүхийг өгүүлье.
Хунтайж Филипп
Их Британийн хатан хаан II Элизабетын нөхөр хунтайж Филипп нь Грек, Данийн ханхүү Андрей болон гүнж Алиса нарын гэр бүлд төрсөн. Тэрээр Их Британийн гүнж Элизабеттай гэрлэснээр Грек болон Данийн хаан ширээ залгамжлагчийн хэргэм зэргээсээ татгалзсан юм.
Филипп хайр сэтгэлийнхээ төлөө ийнхүү золиос гаргасныхаа дараа Гринвичийн тайж, Эдинбургийн гүн зэрэг хэд хэдэн цол хэргэмтэй болжээ. Филипп, Элизабет хоёр 1947 онд гэрлэж, 2021 онд хунтайжийг насан эцэслэх хүртэл 74 жил хамт амьдарсан юм.
Тайж Константин Романов
Оросын агуу тайж гэгддэг Константин Романовын хайрын түүх мөн түүхэнд үлджээ. Эзэн хаан Павелын хоёр дахь хүү байсан Константинд хаан ширээ залгамжлах боломж гарч ирнэ гэж хэн ч бодоогүй байх. Эцгийг нь нас барсны дараа түүний ах Александр хаан ширээ залгамжилсан ч 1825 онд тэрээр Таганрогт учир битүүлгээр нас барж, улс орон нь хаангүй үлджээ.
Тийнхүү Константины ээлж ирсэн ч хаан ширээнд суух хүсэлгүй, гэрлэсэн байсан тэрээр ижил зиндааны бус хүнтэй гэрлэсэн гэх шалтгаанаар дарагдаж, эхнэр, гүнгийн авхай Жанетта Грузинскаятайгаа амьдарч, хаан ширээг дүү Николай нь залгамжилсан байна.
VIII Эдуард хаан
Хаан ширээнээс татгалзсан хамгийн цуутай тохиолдол бол Их Британийн хаан VIII Эдуард болон Уоллис Симпсон нарын хайрын түүх юм. Жил хүрэхгүйн хугацаанд улс орноо удирдсан Эдуард хайртай эмэгтэйтэйгээ гэрлэхийн тулд суудлаасаа бууж, гэр бүлийнхээ эсэргүүцлийг үл тоон Лондонг орхин явав. Тэрээр хаан ширээгээ орхихдоо “Өндөр хариуцлагын ачааг үүрч, хааны үүрэг хариуцлагаа өөрийн хүсэж байснаар хайртай эмэгтэйнхээ тусламж, дэмжлэггүйгээр биелүүлж чадахгүй гэдгээ мэдлээ” гэж мэдэгджээ.
Эдуард насан эцэслэтлээ Уоллистойгоо амьдарсан юм.
Мако гүнж
Хайр сэтгэлийнхээ төлөө гаргасан романтик үйлдэл зөвхөн өнгөрсөн зуунуудад ч бус манай үед ч бий. Тэдний нэг нь Японы эзэн хааны гэр бүлээс явсан Мако гүнжийн түүх юм. Мако жирийн гэр бүлээс гаралтай найз залуутайгаа гэрлэхийн тулд хэргэм зэргээсээ татгалзаж, 2021 оны аравдугаар сард Кэй Комүротой гэрлэн одоо Америкт амьдарч байна.
Ханхүү Фризо
2004 онд Нидерландад хамгийн дуулиан тарьсан мэдээлэл бол ханхүү Фризо, Мейбл Смит нарын хурим юм. Хурим тус улсын парламентын албан ёсны адислалгүйгээр болж, ханхүү Фризо ахаасаа өвлөж авах боломжтой байсан суудлаасаа татгалзжээ.
Гэхдээ ханхүү Фризогийн гэр бүл 2013 онд түүнийг насан эцэслэтэл хатан хааны гэр бүлийн гишүүд гэж тооцогдож байсан бөгөөд Фризо өөрөө л засгийн эрхэнд гарах эрхгүй байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )