Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын АрдынТөлөөлөгчдийн Их Хурал хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалт 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Бээжин хотноо болов. Уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Пөн Чинхуа нар удирдан явууллаа.
Хоёр улсын парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалтаар хоёр улсын парламент, Байнгын хороод хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, ногоон хөгжил, цөлжилттэй тэмцэх, эрчим хүч, хил боомт гэсэн дөрвөн чиглэлээр санал солилцож, цаашид хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд дөхөм үзүүлэхээр тохиролцов.
Хоёр талын төлөөлөгчид Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой, Монгол, Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсний 10 жилийн ой, Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд Байнгын уулзалтын механизм байгуулагдсаны 10 жилийн ой тус тус тохиож байгаа цаг үед энэхүү уулзалт болж буйг онцлон тэмдэглэв.
Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин болон Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Д.Батлут нар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын талаас Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Хурал болон Байнгын хороодын гишүүд оролцлоо.
Энэ удаагийн уулзалт нь Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд 2014 онд байгуулагдсан Байнгын уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийн дагуу тав дахь удаагаа зохион байгуулагдаж, Монгол, Хятадын стратегийн иж бүрэн түншлэлийг гүнзгийрүүлэх, эл хүрээнд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )