ЭЗБХ ээлжит чуулганы хугацаанд 3 хууль, УИХ-ын 4 тогтоолын төслийг батлуулжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 26

 

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 15 удаа, ажлын хэсэг 17 удаа, давхардсан тоогоор нийт 35 асуудлыг хэлэлцэж, 3 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 4 тогтоолын төсөл, Байнгын хорооны 10 тогтоол, 2 зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх, албан тушаалтныг томилох, чөлөөлөх 2 асуудлын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байнгын хороо хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд дараах санал, дүгнэлт, танилцуулгыг бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласан байна.

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 3 хууль, Улсын Их Хурлын 4 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган эцэслэн батлуулж, Байнгын хорооны 10 тогтоолыг баталсан. Байнгын хорооны тогтоолоор хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 3 ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм байна.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийн хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд Монголбанканд ажиллаж, АмЧам Монголиа АНУ-ын худалдааны танхимын төлөөлөгчид, Монголын бизнесийн зөвлөл, МҮХАҮТ-ын төлөөлөгчдийг оролцуулан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс “Ковид-19” цар тахлын үеийн төсвийн зарцуулалтын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах санал ирүүлсний дагуу Эдийн засгийн байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоолыг баталж, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийг томилсон бөгөөд сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж, уг сонсголд Байнгын хорооны 9 гишүүн ирснээр ирц бүрдэж, гишүүд асуулт асууж, хариулт аван хэлэлцүүлэг явагдаж, тус сонсголыг зохион байгуулжээ.     

Байнгын хороо 8 хурал, зөвлөгөөн, 38 уулзалт, ярилцлага, гадаадын зочид төлөөлөгчтэй уулзах 15 уулзалтыг зохион байгуулж ажилласан байна.

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээс санал авах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 7 хууль, тогтоолын төсөл, Байнгын хорооны 32 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн 2 танилцуулгыг тайланг иргэд, олон нийтээс санал авахаар D.Parliament.mn цахим системд байршуулсан.

Иргэдээс Байнгын хороонд 22 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хариу өгөх шаардлагатай 22 өргөдөл, гомдолд хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 83 албан бичиг ирүүлснийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, Байнгын хорооноос 13 албан бичигт хариу өгсөн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top