Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын дэргэдэх Ардчиллын түншлэл байгууллага (HDP)-аас “Хараат бус хуулийн судалгаа, шинжилгээний байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд олон улсын туршлагыг ашиглахуй” сургалт, семинарыг Вашингтон ДиСи хотноо 2024 оны нэгдүгээр сарын 21-нээс 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус байгууллага нь Олон улсын хөгжлийн агентлаг (USAID), Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI) зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр Ардчиллын түншлэл хөтөлбөр хэрэгжүүлдэг ба парламентын ардчиллыг бэхжүүлэх, дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагуудын тэргүүн туршлага солилцох зорилтын хүрээнд жил бүр уламжлал болгон сургалт, семинар зохион байгуулдаг аж.
Энэ удаагийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, Армени Улсын Үндэсний Ассамблейн Экспертиз, дүн шинжилгээний газар, АНУ-ын Конгрессын судалгааны албаны төлөөлөл оролцож, хууль тогтоох байгууллагад үзүүлэх судалгааны үйлчилгээ, хууль тогтоогчдын хэрэгцээг хангахад мэдээлэлд суурилсан стратегийн хандлагыг төлөвшүүлэх, боломжит нөөцийг оновчтой ашиглах талаар илтгэл хэлэлцүүлж, санал солилцлоо. Түүнчлэн оролцогчид АНУ-ын Тhink Тank байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, төрийн бус байгууллага болон хууль тогтоогчидтой хэрхэн хамтран ажилладаг талаар хэлэлцүүлэг өрнүүлж, судалгааг ашиглах боломжийг хууль тогтоогчдод олгохын тулд гадны байгууллага болон хууль тогтоох салбартай хэрхэн уялдан ажилладаг талаар ярилцлаа.
Монголын парламентыг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, ахлах зөвлөх, эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Норовдондог, Судалгааны албаны Эдийн засгийн судалгааны хэсгийн зөвлөх Д.Халиун, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн судалгааны хэсгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан О.Билгүүтэй, Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Болор нар төлөөлөв.
Сургалтад хамрагдагсад АНУ-ын Конгрессын номын сангийн үйл ажиллагаатай танилцах үеэр Ази, номхон далайн мэдээлэл хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж, Монголын парламентын судалгааны эмхэтгэл, танилцуулга, мэдээллийн хуудас зэрэг Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг бүтээгдэхүүнийг Конгрессын номын санд бүртгүүлсэн байна. Мөн энэ үеэр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн төв оффист зочилж, хөтөлбөрийн үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дэргэдэх Ардчиллын түншлэлийн байгууллага нь түншлэгч орнуудынхаа хууль тогтоох байгууллагын чадавхыг бэхжүүлэх, үр дүнтэй, бие даасан, хариуцлагатай хууль тогтоох байгууллагын мэргэшсэн институцийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилладаг, улс төрөөс ангид байгууллага юм. "Ардчиллын түншлэл” хөтөлбөрийн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн АНУ-ын Конгрессын судалгааны албатай хамтран “Парламентын судалгааны онцлог, ач холбогдол” сэдэвт туршлага солилцох сургалтыг 2022 оны 6 дугаар сард Монгол Улсад зохион байгуулж байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 1 )
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа юу вэ МАНгаруудаа. Монгол улс сөнөж байна.\n