Г.Занданшатарын парламент “Ч.Хүрэлбаатарын хууль”-д цэг тавина

Б.Төрбат | Zindaa.mn
2024 оны 02 сарын 07

Хэрэв уншигчид санаж байгаа бол УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган завсарлахын өмнөхөн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын санаачилж, өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл олны анхааралд орсон. Уг хуулийн төсөлд тусгагдсан "Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах" гэх заалт маргаан дагуулсан хэрэг. Энэхүү заалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан, "Женко" Х.Баттулга хүртэл эсэргүүцснээр хууль санаачлагч Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын дунд "Хэн нь Хятад, хэн нь Монгол вэ" гэдэг маргаан дэгдэж, тэр хэрээр иргэд хоёр хуваагдаад байгаа юм.

Тэгвэл "Ч.Хүрэлбаатарын хууль" гэж нэрлэгдтлээ олон нийтийн сүлжээнд сэвэгдсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэл парламентын босго давалгүй унах магадлал өндөр байна. Учир нь, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу УИХ-ын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах”-ыг иргэн Н.Номун-Эрдэнэ санаачилжээ.

Уг санал нь хэдхэн хоногийн дотор 100 гаруй мянган иргэний дэмжлэгийг авсан нь УИХ-ын дарга Г.Занданшатарыг Тамгын газартаа үүрэг, чиглэл өгөх нөхцөлийг бүрдүүлэв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар “D-Өргөдөл” цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар Ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд парламентаар шийдвэрлүүлэх боломжтой билээ.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Иргэд, малчидтай уулзаж явахад газрыг 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хуулийн талаар санаа зовж, хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор иргэн Н.Номун-Эрдэнэ нэгдүгээр сарын 22-ны өдөр газрыг 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэх тухай хуулийн төслийг хүчингүй болгох, цуцлах төслийг санаачилж D-Өргөдөл цахим сүлжээнд байршуулсан. Нийтийн өргөдөл, мэдээллийн цахим системд Н.Номун-Эрдэнийн санаачилгыг 100 гаруй иргэн дэмжсэн байна. Хуульд зааснаар иргэд хууль санаачилж, түүнийг нь 100 мянгаас дээш иргэн дэмжсэн бол байнгын хороод, УИХ-аар хэлэлцэх ёстой. Энэ дагуу УИХ-ын Тамгын газартай цахимаар хуралдлаа. Хуулийн төслийг боловсруулж 2013 онд батлагдсан энэхүү хуулийн заалтыг хүчингүй болгох, цуцлах төслийг санаачилж хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ шийдвэр хаврын чуулганаар хэлэлцэгдэх болно” хэмээн цахим хуудсаараа дамжуулж, хэллээ.

Парламентын чуулган завсарласан, цагаан сарын баяр дөхсөн энэ өдрүүдэд Баянхонгор аймагт тойрогтоо ажиллаж байгаа УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган завсарлахаас өмнө “Хөрөнгө оруулалтын хуулийн асуудал хоёр хүний хэрүүл байж болохгүй. “Женко” Х.Баттулга ч тэр, Ч.Хүрэлбаатар сайд ч тэр нийгмийг талцуулахаа больсон нь дээр. Хэдэн троллоороо гишүүдийг шантаажилж байгаад хууль батлуулна, зогсооно гэж байхгүй. Нэг талаас Үндсэн хуулийн Цэцэд өгөөд хэлэлцүүллээ гээд байдаг. Нөгөө талаас хуулийг зургаан сар барилаа гээд байдаг. Бид эрүүл саруулаар хандаж улс, эх орны эрх ашиг, язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж асуудалд хандана гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй. Ер нь, тэр Үндсэн хуулийн Цэцэд өгнө, барина гээд байгаа нөхдөд хэлэхэд 2013 онд 100 жилээр эзэмшүүлнэ гээд баталчихсан юм билээ шүү. Тэгээд ямар юмаараа хууль зөрчсөн гээд Үндсэн хуулийн Цэц рүү гүйгээд байгаа юм. Ард түмнийг талцуулдаг, төөрөгдүүлдэг, шоуддаг байдлаа болих хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.

Харин оны өмнөхөн Ч.Хүрэлбаатартай холбоотой хэд, хэдэн мэдээлэл цацагдсан. Тэрхүү мэдээллийн ард "Женко" Х.Баттулга бий гэдгийг ч Ч.Хүрэлбаатар мэдэгдэж, цахим хуудаснаа бичиж байлаа.  Тэрбээр "Чамаас хятад ген 0.1 хувь илэрвэл чи улстөрөөс үүрд зайл, надаас 0.1 хувь илэрвэл би улстөрөөс үүрд зайлъя. Болсон болоогүй нэвтрүүлэг, эвлүүлэг хийж ард иргэдийн тархи толгой эргүүлж байснаас шинжлэх ухааны үндэслэлтэй энэхүү аргыг сонгоё. Х.Баттулга аа, чацга царайлаад байлгүйгээр 14 хоногийн дотор хариугаа өгөөрэй. Цус ярьж монголчуудыг дотор нь хуваадаг, хэрэлдүүлдэг, улстөржүүлдэг, алалцуулдаг цаг үүгээр дуусаг" хэмээх жиргээг “Женко” Х.Баттулгад хандаж бичиж байв. Нөгөө талд Ерөнхийлөгч асан, "Женко" Х.Баттулга "Ч.Хүрэлбаатарын өргөн бариад байгаа Хөрөнгө оруулалтын гэгч хуулийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд, Г.Занданшатартай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ажиллаж байсан хүний хувьд энэ асуудлаа олон нийтээр хэлэлцүүлээч ээ гэж хүслээ. Учир нь, газрын асуудалд бид хөнгөн хуумгай хандаж болохгүй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд хууль тогтоомж тогтвортой л байх ёстой. Надад Ч.Хүрэлбаатар гэдэг хүнтэй ямар ч асуудал байхгүй. Хувь хүн талаас нь юм байхгүй" гэх мэдээллийг хүртэл хийсэн билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tiim(202.126.88.143) 2024 оны 02 сарын 07

Undesnii erx ashgiin toloo eronxiilogch baisan esexees xamraxgui battulga duugarsan ni buruu bish. Xurelbaatar bol xuuli bolovsruulax chdvargui Mal shuudee

0  |  1
сонгогч(202.9.47.11) 2024 оны 02 сарын 07

Бүхэл бүтэн 8 жил болж байхад ганц хэрэгтэй хуулиа батлаж чаддаггүй УИХ, 76 малаар яах юм бэ?

1  |  0
Top