Монгол Улсаас Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Ерөнхийлөгч Мохаммад Шахабуддин-д 2024 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Д.Ганболд уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Ерөнхийлөгч М.Шахабуддин-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав. Тэрээр хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв. Мөн хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулахаар ажиллаж байгааг мэдэгдэв.
Бангладеш Улсын Ерөнхийлөгч M.Шахабуддин Элчин сайд Д.Ганболдод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд баяр хүргэж, хоёр орны харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжиж ажиллахын төлөө буйгаа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )