Цагаан сарын цагаан бэлгэдэл

2024 оны 02 сарын 13

Монголын үндэсний уламжлалт их баяр бол хаврын тэргүүн сарын шинийн нэгний ёслол хүндлэл. Жил бүр өөр өөр өдөр тохиодог тэнгэрийн таалалт цаглавар ёсоор энэ жилийн хаврын Цагаан сарын баяр хурдан цагаан туулайгаа үдэж, хөндлөн хөх луу жилээ угтлаа. Улс эх оронд гал усны гамшиг тохиож, ган зудын байдал учирсан ч бэрхшээл хүндрэлийг хамтын хүчээр даван туулж эх орноо хөгжүүлэх ариун үйлсэд монгол хүн, Монгол Улсын төр, засаг ард түмэнтэйгээ хамтын хүчээр ихийг бүтээж чадсан сайхан жилээ улирааж, шинэ үйлс, шинэ амьдралын эхлэл болох хүч ихтэй хүржигнэсэн дуутай тэнгэрийн хөх луу жилээ угтан авч найрсан, ажил амьдралын гэгээн сайхантай учрах гэж байна гэж бэлгэшээн угтаж байна.

Энэ сайхан жилтэйгээ амны билгийн сайхнаар угтан золгож, азай буурлуудаа хүндлэн дээдэлж, ариун сэтгэл агуулан, амжилт бүтээл ихтэй амьдрал сайхан болох ашдын заяа оршоож, төр улсын бодлого зөв байж  түмний үйлс бүтэмж дээшлэхийг бэлгэдэе. Талаар дүүрэн мал сүрэг нь өсөж тариа будаа арвин ургац өгч, алт мөнгөний нөөц нь авдар саваа дүүргэж, ажил үйлсээр хүнээ чимж, амжилт бүтээлээр улсаа гоёсон сайхан жилийг угтан бэлгэдэе. Монгол ахан дүүсдээ ариун цагаан сэтгэлээрээ эрүүлийн дээд биестээ, эвийн дээдийг эрхэмлэн зөөллөж,  эх орноо хөгжүүлэн мандуулахын ерөөл өргөж, цадиг түүхийн улбаатай Цагаан сарын бэлгэдлийн шүлгээр Монголын ард түмэнтэйгээ мэндчилэн золгосуу.  

ЦАДИГ ТҮҮХЭЭ ДУУДСАН ЦАГААН САРЫН БАЯР

1. Найман зууны тэртээ чинадаас

Нандигнаж хадгалсан түүхийн  улбаатай

Найрсаг өнөр Монголын   жудагт ёс

Намба, нас төгс эцэг эхийн хүндлэлийн баяр аа.

2. Цэнхэр хурмастын шүтлэгтэй  баяр

Цагаан өнгийн бэлгэдэлттэй баяр

Цагийн сайхныг дууддаг баяр

Цэцэг, төлтэй  хаврын эхэн баяр аа

3. Хайрын жаргалыг  тэврүүлдэг баяр

Хананы нарыг буулгадаг баяр    

Хамгийн сайхан  бэлгэдлийн баяр

Хатан ижий, хан аавдаа золгодог баяр аа 

4. Цэнхэр хадаг дэлгээстэй хүндлэл

Цадиг хуучаа хүүрнэж баясдаг

Цагийн эхэн цаглашгүй эвийн Цагаан сарын оюунт  баяр аа

5. Идээ ундаатай цатгалан өдөртэй 

Ихсээ дээдэлдэг түүхэн уламжлалтай

Мэнд хүндлэлийн хөөрөө учраатай

Миний монголчуудын гайхам баяр  аа   

6. Өвлийг өнөтэй  давсаны

Өнгөрснөө зөв зөөлөн туулсны

Өгөөж буян нь арвижиж баяжсаны

Өөдлөх дэвжихийн эв нэгдлийн баяр аа

7. Урин жилээ угтахын уриатай

Учир жанцангаа  хүүрнэх бэлгэшээлтэй

Ухаалаг учирсаг  сайн цагаа угтах

Удам урагийн билэгт найрын баяр аа

8. Гал голомтоо тахихуйн шинжээтэй

Гай зовлонг хаахуйн үүдтэй

Гаднын халдлага гарз буцаах нээнтэгтэй

Галиг жудаг төгс цагаан сар  аа.

9. Ертөнцийн дөрвөн өнгөөр амьдарч чадсаны

Ерөөл буяны дээдийн  шид даллагатай               

Ер бусын  их хүчит сан сэржимийн өргөлттэй 

Есөн үедээ дээдэлсэн цагаан сар аа.

ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ  

Ц.ЯДАМСҮРЭН /Ган үзэгтэн, хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан шагналт, ахмад сэтгүүлч/ (2024.01.27 цагаан бар өдөр)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(103.212.117.105) 2024 оны 02 сарын 14

Манжуудын үхэр монголчуудад зориулж зохиосон энэ шашны зан үйл цагаан сар гээчийг халах цаг болоогүй юу? Цаг хугацаа жил, сарыг хар цагаан гэж ялгах шаардлага байхгүй, ертөнцийнхөө жамаар бүх зүйл болдог учиртай.

0  |  0
Top