Төсөв, хөрөнгө оруулалтын үр ашиггүй байдал нь бизнес, эдийн засгийн тогтворгүй орчныг бий болгож, ингэснээр бүтээмж, орлогын түвшин буурч, энэ нь ядуурал, боловсон хүчний хомсдолыг хөөргөдөг.
Чөтгөрийн тойрог мэт энэ зүй тогтол удаан үргэлжлэх тусам эдийн засгийн эмзэг байдал нэмэгдэж байгаа нь бодит үнэн. Энэ тойргоос гарч, халамжаас хөдөлмөр рүү, импортоос экспорт руу гэсэн уриа лоозонгийн шинжтэй зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд бодлогын түвшинд төсвийн реформ, татварын шинэчлэлийг эхлүүлнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар удаа дараа мэдэгдсэн. Угтаа татвар нь шударга, үр ашигтай, зардал багатай байх ёстой гэсэн үндсэн зарчим манайд алдагдаж, дотоодын үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд дэмжлэг бус, дарамт болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг бизнесийн тогтворгүй орчноор үргээж байгааг тэрбээр Татварын ерөнхий газарт ажиллах үеэрээ цохон тэмдэглээд авав.
Татварын цогц шинэчлэлийн хүрээнд санал солилцсон энэхүү уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, одоогийн татварын тогтолцооны гажуудлаас улбаалж үндэсний үйлдвэрлэгчид импортлогчдоос 2-5 дахин илүү татварын ачаалал үүрч байгааг тодотгосон юм. Түүнчлэн УИХ-ын дарга, өнгөрсөн хугацаанд татварын бодлого нь төсөв бүрдүүлэх, хураах аргачлалаар явж ирсэн бол одоо үр ашигтай байдлыг нь бий болгосноор татвар төлөгчдийн бааз суурь нэмэгдэж, эдийн засгийн зохицуулалтын үүргээ гүцэтгэнэ гэж үргэжлүүллээ.
Уулзалтын үеэр Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн татварын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа, дэвшүүлж буй зорилтыг багцлан танилцуулж, үйлчилгээ, стандартын шинэчлэл, цахим хөгжлийн үе шат, явц болон холбогдох судалгаа, тоон мэдээллүүдийг хүргэв.
Үүний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүдтэй хийсэн цуврал уулзалтуудын хүрээнд дэвшүүлсэн зарим саналуудаас НӨАТ, АМНАТ, өв залгамжлалын татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар болон зарим төрлийн татварын маргаануудын шийдвэрлэлтийн талаар тодруулсан юм.
Уулзалтын төгсгөлд татварын орчны эрх зүйн шинэчлэлийн асуудлаар мэргэжлийн болон чиглэлийн 12 холбоодтой уулзан, нийт 300 орчим татвар төлөгчийн төлөөлөлтэй салбар бүрт тулгарч буй татварын ачаалал, холбогдох эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагаанд нь бэрхшээл учруулахуйц хуулиас давсан дүрэм, журмуудын хүрээнд санал солилцсон талаар танилцууллаа.
Татварын албаныхны хувьд парламентаас эхлүүлсэн уг реформыг нийгэм, эдийн засгийн суурь хэрэгцээнд үндэслэн, цаг үеэ олсон асуудал гэдэгт санал нэгдэхийн зэрэгцээ дэлхий нийтийн чиг хандлагатай уялдуулж, бодлогын түвшинд эргэж харах ёстойг уламжилсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
Олон юм донгосч байхаар НӨАТ ын буцаан олголтыг ядахдаа 50%д хүргэж ард түмнээ чадавхижуулсан бол үр дүнтэй байх байв, коммунистуудаа гэж....
монгол улсдаа хийж үйлдвэрлэж болож байгаа бараа бүтээгдэхүүнтээ ижил гаднаас оруулаж ирж байгаа барааны гаалийн татварыг нэмэх хэрэгтэй
1. Нөат - 5% \n2. Бүх хүн нөат төлөх \nИнгэхэд болно доо