Г.Занданшатар: Газрын асуудлыг хянан шалгах нь газрын харилцааны зөв тогтолцооны эхлэл болно

2024 оны 02 сарын 21

Улсын Их Хурлын даргын захирамжаар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, АМНАТ-ын асуудлаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой НЗДТГ, АМГТГ, ЦЕГ, ТЕГ, УБЕГ зэрэг холбогдох 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан дэд Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр /2024.02.21/ болж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хугацаатай үүрэг, чиглэл өглөө.  

Тэрээр УИХ-аас газрын асуудлыг хөндөж байгаа нь зөвхөн хяналт шалгалтаар хязгаарлагдахгүй болохыг тодотгож, ирээдүй хойч үедээ зориулсан Баялгийн сангийн хуулийн үндэс, газрын харилцааны зөв тогтолцооны эхлэл болсон үйл явдал гэж хандах ёстойг дэд Ажлын хэсгийн гишүүдэд анхааруулав.

Иймд дэд Ажлын хэсэг идэвхтэй ажиллаж, гуравдугаар сарын 01 гэхэд шаардлагатай судалгаануудыг хийж, хамтран ажиллах үүрэг өгөв. Ингэснээр гуравдугаар сарын 15-ны дотор УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Хяналт, шалгалтын Түр хороог байгуулах боломжтой. Улмаар тавдугаар сарын 15-ны дотор багтаж, Хяналт, шалгалтын Түр хороо нээлттэй сонсголыг газар, түүний хэвлийн баялгийн ашиглалт, хуулийн хэрэгжилтийн асуудлаар зохион байгуулах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top