Хамасын нөхцөлөөр Газад гал зогсоовол хуситүүд Израилын хөлгүүдэд цохилт өгөхөө зогсооно

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 28

Йемений босогчдын “Ансар Аллах” хөдөлгөөн “Хамас” бүлэглэлийн тавьсан нөхцөлөөр Газын зурваст гал зогсоох хэлэлцээр байгуулбал Израилын хөлөг онгоцнуудад цохилт өгөхөө зогсооно хэмээн “Ансар Аллах” хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Насреддин Амер мэдэгджээ.

АНУ, Их Британийн хөлөг онгоцнуудад халдлага хийх шийдвэр Палестины анклавын нөхцөл байдлаас шалтгаалахгүй. Учир нь энэ бол АНУ, Их Британийн Йемений эсрэг явуулж буй түрэмгийлсэн бодлоготой холбоотой өөр асуудал юм гэж Амер онцолсон байна.

Хоёрдугаар сарын 24-нд Axios портал эх сурвалж дурдан, Парист болсон зөвлөгөөнөөр Израилын тал зургаан долоо хоног гал зогсоох саналыг хүлээн авсан гэж мэдээлсэн билээ. Хамас хөдөлгөөн 40 барьцааны хүнийг сулласны хариуд Израилын тал тус улсад хоригдож буй Палестины олон зуун хоригдлыг суллах юм. Энэхүү дэвшил ойрын өдрүүдэд илүү үр дүнтэй хэлэлцээ эхлүүлэхэд тус дөхөм болох талтай. Вашингтоны засаг захиргаа гуравдугаар сарын 11-ндл эхлэх ислам шашны ариун Рамадан сараас өмнө тохиролцоонд хүрэхээр хичээж байна.

Газын зурваст хурцадмал байдал үүссэний дараа хуситүүдийн “Ансар Аллах” хөдөлгөөн Газын зурваст гал зогсох хүртэл Израилын нутагт агаарын цохилт өгч, тус улстай холбоотой хөлөг онгоцнуудыг Улаан тэнгис, Баб-эль-Мандебын хоолойгоор гаргахгүй хэмээн мэдэгдэж байсан билээ. 2023 оны арваннэгдүгээр сарын дунд үеэс эхлэн хуситүүд Улаан тэнгис болон Адены булангаар дайран өнгөрч байсан олон арван иргэний хөлөг онгоц руу дайрсан юм. Үүний хариул АНУ-ын эрх баригчид олон улсын эвсэл байгуулж, Улаан тэнгист хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах “Prosperity Guardian” ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэж буйгаа мэдэгдсэн билээ. Нэгдүгээр сарын 12-нд АНУ, Их Британийн зэвсэгт хүчин Йемений хэд хэдэн хот дахь хуситүүдийн объектуудад цохилт өгч эхэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top