Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг ГИХГ манлайлж байна

Автор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 12

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл тэргүүтэй холбогдох албаны төлөөлөгчид өчигдөр /2024.03.11/ Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж, албан хаагчидтай уулзалт хийлээ.

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр виз, оршин суух зөвшөөрөл олголт, цахим үйлчилгээний нэгдсэн системийн үйл ажиллагааг танилцуулж, хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээлэл өгөв.

Тухайлбал, Гадаадын иргэн, харьяатын газар нь 2024 оны байдлаар гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлдэг виз, зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан. 2021 оноос хойш нийт 200 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна.

Ингэснээр өдөрт дунджаар 240-520 иргэн биечлэн ирж үйлчлүүлдэг байсан нь 5-8 болж багассан, 100-150 хүсэлтийг цаасаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэлтийн тоо нэмэгдсэн. Түүнчлэн үйлчилгээний хүсэлтийг 5-10 хоногт шийдвэрлэдэг байсныг 3 хүртэл хоногт багтаан богино хугацаанд шийдвэрлэх болсон зэрэг цахимжилтын эерэг өөрчлөлтүүдийг танилцуулав.

Мөн иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх, нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нь байгууллагын гол зорилт гэдгийг онцлон тодотгов.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б. Энхбаяр энэ үеэр хэлсэн үгэндээ “Гадаадын иргэн, харьяатын газар нэг талаас төрийн үйлчилгээний байгууллага, нөгөө талаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлогын бүрэлдэхүүн хэсэгт багтаж үйл ажиллагаа явуулдаг төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллага гэдгээрээ онцлог. 2020 онд Монгол Улсын Засгийн газар тэргүүлэх хэд хэдэн бодлого дэвшүүлсний нэг нь төрийн цахимжилт. Тодруулбал, Төрийн үйлчилгээг иргэдэд илүү түргэн шуурхай, хүнд суртал, авлигагүйгээр үзүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх бодлого. Энэ бодлогыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, цахимжуулалтын ажлыг тэргүүлэн ажиллаж, манлайлж шийдвэрлэсэн байгууллага бол Гадаадын иргэн, харьяатын газар гэж итгэл төгс хэлж чадахаар байна. 2024 оны нэгдүгээр сард гарсан мэдээллээр гадаад улсын  иргэд хамгийн их аялж жуулчлахыг сонирхож байгаа улсыг жагсаалтыг Монгол Улс тэргүүлсэн. Үүнд танай байгууллагын цахимжилтын ажлын үр нөлөө онцгой чухал хувь нэмэр оруулсан” гэж онцлов.

Түүнчлэн Монгол Улсын бүх ангиллын визийг цахимжуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулах, мөн албан хаагчдын нэмэгдэл цалин, урамшуулалтай  холбоотой асуудлыг ч бодлогын түвшинд дэмжиж, шийдвэрлүүлэхээ илэрхийлсэн юм.
 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.55) 2024 оны 03 сарын 12

Эмч өнөөдөр надад 5эм бичиж өглөө хулхи эм юм бол уух хэрэг бна уу

0  |  0
Top