Монгол цэргийн өдрийг сандал ширээний "буухиа"-тай угтах нь

2024 оны 03 сарын 15

Тээврийн цагдаагийн алба/ТЦА/-наас 120 мянгатаас Төв шуудан, Хан-Уулын "E-Mart"-аас Шангрила хүртэлх замын хөдөлгөөнд түр өөрчлөлт оруулж эхэлжээ. Гэхдээ үүнийг хамгийн түрүүнд урьдчилан мэдэж, ажил амьдралаа зохицуулах ёстой иргэд нь огт сонсоогүй, мэдээгүй байж байгаад өөрчлөлт орох тухайн агшинд мэдэж, бүх нийтээрээ ээлжит “туршилт”-даа орон зам дээр хаврын нэгэн оройг өнгөрөөв. Зарим иргэн “Манай Хотын даргын хаваршилт эхэлчихэж. Ядахдаа маниусыгаа чирэхгүй байж болдоггүй юм байх даа” хэмээн дургүйцэл, бухимдлаа илэрхийлж байв. Харин эрхэм, Хотын дарга Х.Нямбаатар энэ талаар тайлбар өгөхдөө “Би ТЦА-ны дарга Б.Оюутболдтой утсаар ярьж “Ямар шалтгаанаар ийм зохицуулалт хийж байгаа юм бэ. Урьдчилж олон нийтэд мэдээлэх, гарах үр дүнгээ тооцоолсон юм уу" гэж асуусан. "Цагдаагийн байгууллагын тухай хуулийн наймдугаар зүйлд заасны дагуу хөдөлгөөн зохицуулалт хийж байна. Үр дүнгээ тооцоолсон" гэх тайлбарыг өгсөн. Өнөө өглөө ч би "Наад зохицуулалтад чинь иргэд их бухимдалтай байна.

Зохицуулалтаа зогсоогооч ээ" гэж мессеж биччихээд л байж байна. Өөр мэдээлэл алга" хэмээн “арьсаа өмөөрч” суугаа харагдсан. Хотоо мэддэггүй Хотын даргатай баймааргүй байна шүү дээ, нийслэлийн иргэд. Аль эсвэл зөвхөн та л агаар тэнгэрээр зорчоод байдаг юм уу. Үгүй л байлтай. Өмнөд хөршийн “сайн найз”-ууд хэдэн жилийн өмнө үл үзэгдэх нөмрөг хийлээ гээд цахимаар шуугиулаад байсан. Одоо ч бичлэг, энэ тэр нь хаа нэгтээ харагдаж л байдаг. Арай манай Хотын дарга түүн шиг ард түмэндээ харагддаггүй дүүжин тээвэр ашиглалтад оруулчихаад түүгээрээ зорчоод байдаг юм биш биз. Хотын иргэддээ наалдацгүй, “ул”-ны амьдралаас хол, хачин жигтэй шийдвэрийг нэг биш удаа гэнэт огцом гарган ард олноо туршилтад оруулсаар өвлийг давсан. Харин одоо эрхэм даргын “хаваршилт” уу, хаврын туршилт уу, бүү мэд!  

 

ТЦА: Шинэ зохицуулалт авто замын хөдөлгөөнд ачаалал үүсгээгүй

 

Хотоо мэддэггүй Хотын даргын энэ мэдэгдлийн дараа ТЦА-наас хэвлэлийн хурал хийсэн юм. ТЦА-наас мэдээлэхдээ, 2024 оны гуравдугаар сарын 12-нд 17:50 цагаас 19:20 цаг хүртэлх хугацаанд Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-гийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр /өчигдөр/ өглөөний 07:00-10:00 цаг хүртэл зохицуулалт хийсэн. 17:50 цагаас Чингисийн өргөн чөлөө рүү гурван эгнээтэй болгоод хойноос нь урагш нь явуулахад 18:40 цагийн үед ачаалал багассан. Ажлын зураг авалт хийж байгаа учраас хөдөлгөөн зохицуулалтыг 30 минут сунгаж үзсэн. Энэ үед уулын зам, хойноосоо урагшаа орж ирж байгаа Зайсангийн замын орчим хөдөлгөөний ачаалал эрс өссөн тул хэвийн горимд шилжүүлэх арга хэмжээг 19:30 цагаас хэрэгжүүлээд 20:45 цагт хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн. Нэгэнт үүссэн хөдөлгөөний ачааллыг сийрэгжүүлэх чиглэлээр ажиллаад 21:45 цагт ачаалал байхгүй болсон.

Зайсан орчимын хөдөлгөөний ачаалал 22:00 цагийн үед хэвийн болдог бол баяр ёслолын үеэр 23:00 цагт ачаалал буурдаг. Өнөөдөр /өчигдөр/ өглөө 07:00-07:30 цаг хүртэл Чингисийн өргөн чөлөө Олимпийн гудамжин дээр хөдөлгөөн зохицуулалт хийхэд 08:26 цаг гэхэд Улаанбаатар хот руу орж ирдэг Чингисийн өргөн чөлөө, Олимпийн гудамжинд замын ачаалал байхгүй, хөдөлгөөн сийрэг болсон. ЗХУТ бусад замын хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх зорилгоор тасралтгүй арга хэмжээ авсан.

Цагдаагийн байгууллага эрх үүргийнхээ хүрээнд хаана ямар ачаалал үүсэж байна, хаана ямар хэрэгцээ шаардлага байна тэр цэгүүд дээр эсрэг чиглэлийн хөдөлгөөнд тээврийн хэрэгслийг оруулах арга хэмжээг авч байна. Чингисийн өргөн чөлөө, Олимпийн гудамжин дээр өчигдөр орой, өнөө өглөө хөдөлгөөнийг эсрэг чиглэлээр өөрчлөхөд ямар үр дүн гарч байна вэ гэдгийг минут, минутаар нь зураг авалт хийж, баталгаажуулж байна. Маргааш /өнөөдөр/ гэхэд зураг авалт дуусна. Богино хугацаанд сөрөг хөдөлгөөн хийхэд оройдоо хойноос чиглэсэн хөдөлгөөн, өглөөдөө урагшаа чиглэсэн хөдөлгөөн богино хугацаанд ачааллыг авчихад түгжрэл багасах юм бол энэ зохицуулалтыг тогтмолжуулах чиглэлээр эрх бүхий байгууллагад саналаа хүргүүлэх чиглэлээр ажиллана" гэв.

 

Түгжрэлийг зохиомлоор 30-60 минутаар уртасгаж байна

 

Энэ шинэ зохицуулалт нь өглөө, оройны оргил ачааллын үе буюу ажил цугларахын өмнө, тарсаны дараах цагтай давхцаж, иргэдийн бухимдал, эсэргүүцэлтэй тулгарч байна. Иргэд, олон нийтийн зүгээс “Өглөө ажил эхлэх цагаар 30-60 минут түгжирдэг байсан бол одоо 1-2 цаг түгжирч байна. Энэ арай дэндэнэ” хэмээн дургүйцэж байгаа юм. Мөн энэ шинэ зохицуулалтын талаарх мэдээллийг өчигдөр /уржигдар/ 17:00 цагт өгөөд, 17:50 цагт шууд хэрэгжүүлж эхэлсэн. Ядаж хоёр хоногийн өмнө мэдээллээ өгч болдоггүй юм уу. Цаашид энэ зохицуулалтыг үргэлжлүүлнэ гэвэл хэцүү хэмээн дургүйцлээ ирлэрхийлсээр байна.

ТЦА-ны зүгээс “Нэгдүгээрт замын хөдөлгөөний түгжрэл, ачаалал, осол хэн нэгний хүссэнээр үүсээд байдаггүй. Хаана ачаалалтай байгааг ЗХУТ болон зам дээр ажиллаж байгаа тээврийн цагдаа мэддэг учраас тухайн цэг дээр очоод шууд зохицуулалт хийдэг. Зохицуулагчийн дохио болон гэрэл дохиогоор зохицуулалт хийдэг. Мөн зохицуулагч дохиураар хөдөлгөөний чиглэлийг заагаад өгдөг учраас энэ нь тухайн цагт хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт мэдээлж байгаа гэсэн үг юм. Бид нар ач холбогдолтой үр дүнтэй судалгаа хийхийн тулд ажлын зураг авалт хийж байгаа учраас заавал урьдчилж мэдэгдэлгүйгээр бодит замын ачаалалтай цаг хугацаанд, бодит ачаалал үүсчихсэн энэ газар дээр хийнэ. Иргэд “Энэ яагаад эсрэг урсгалд оруулчихав аа” гэдэг эргэлзээ төрөх учраас Тээврийн цагдаа болон цагдаагийн байгууллагын фэйж хуудас дээр ийм зорилгоор эсрэг урсгалд оруулж, хоосон замын хөдөлгөөн рүү ачаалалтай хэсгийг шилжүүлж байгаа гэд­гийг тухайн цаг хугацаанд мэдээлээд явсан” хэмээн “гүрийсээр” нэгэн өдрийг үдэв.

Өчигдөр өдрийн төгсгөлд буюу ажил тарахын өмнөхөн нийслэлчүүдийн бухимдлыг дарж, "гал унтраах" гэсэн үү, яасан. Гэв гэнэт ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нүүр номоороо дамжуулан "Нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар нийслэлийн иргэд, эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийн бухимдуулсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн газрын даргыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгов. “Туршилт”-ыг зогсоосон. Ажил, амьдралаа урьдчилан төлөвлөх боломж, мэдэх эрхээр иргэдийг хангалгүй, зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье" хэмээн мэдэгдэв. Эндээс харахад, ХЗДХ-ийн сайд өмнөх сайд аснаа өмөөрч, тээврийн цагдаагийн албаны даргаар "туг тахин" Монгол цэргийн өдрийг сандал ширээний "буухиа"-тай угтах нь.

Г.Ганчимэг

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.55) 2024 оны 03 сарын 15

Одоо энэ хотыг хэн нь ч хамаагүй зохицуулдаг өөрчилдөг болж энийг нямбаатараас л сурсан

0  |  0
ард(103.212.117.80) 2024 оны 03 сарын 15

Хууль бусаар газар олгосон, барилга барьсан үйлдэлд хариуцлага хүлээлгээгүй байж ард түмэнд хүндрэл учруулдаг нь зөвхөн тээврийн цагдаагийн буруутай үйлдэл гэхээс хотын үе үеийн удирдлагын буруутай үйлдэл шүү

0  |  0
Эхорон(45.117.35.33) 2024 оны 03 сарын 15

Оюутболд гээд хөдөөний орк аьч ирээд хотын авто замын цагдаа хийлгэж бдаг дүүрсэн шаарнууд шүү Чаддаг хүнээр нь дарга хийлгээчээ Мангаруудаа

0  |  0
Top