WEEK in BRIEF I Хаврын чуулган эхэлж, Хакүхо Японы иргэншлээс татгалзах тухай дуулиан дэгдэв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 16

Мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч буй долоо хоногт дэлхийд болон дотооддоо болж өнгөрсөн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.


 

-УИХ-ЫН 2024 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ- 

 

 

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган баасан гарагт нээлтээ хийлээ. Хуралдаан өглөөний 10.00 цагт эхлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай сонслоо. 

Мөн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. 

Энэ удаагийн хаврын чуулганаар дараах 44 хуулийн төслийг хэлэлцэнэ

  1. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

  2. Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

  3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

  4. Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

  5. "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

  6. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

  7. Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/;

  8. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

  9. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

  10. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

  11. Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;

  12. Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл;

  13. Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

  14. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

  15. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

  16. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

  17. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

  18. Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

  19. Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

  20. Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын "Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай" хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

  21. Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл"-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

  22. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

  23. "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

  24. "Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-ний баримт бичиг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

  25. Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл;

  26. "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

  27. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

  28. Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;

  29. Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

  30. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

  31. Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийн төсөл;

  32. Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл;

  33. Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай Юнидруа /Хувийн эрх зүйн нэгтгэх олон улсын хүрээлэн/-ын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

  34. Хүний эрхийг хангах багц хуулийн төсөл;

  35. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

  36. Цусны донорын тухай хуулийн төсөл;

  37. Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

  38. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

  39. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

  40. Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

  41. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

  42. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

  43. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

  44. Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/

 

-НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРГАЖ ЭХЛЭВ-

 

Засгийн газрын хуралдаанаар, нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан нөөцийн үхэр, хонины махны үнийн дэмжлэгийг нэг кг тутамд 700 төгрөгөөр тогтоож батлагдсан төсөвтөө багтаан олгохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгосон.

Махны хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэх, өрсөлдөөнийг хязгаарлах, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газарт даалгав. 

Долоон аж ахуйн нэгж үхрийн мах 1902.0 тонн, хонины мах 3803.0 тонн, ямааны мах 632.5 тонн, нийт 6337.5 тонн мах бэлтгэжээ.  

Нөөцийн махыг 2024 оны гуравдугаар сарын 11-нээс үхрийн ястай мах 11350 төг/кг,  хонины ястай мах 8900 төг/кг, ямааны мах 6700 төг/кг үнээр нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна.

 

-В.ПУТИН ЮУ ГЭВ-

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины “Россия сегодня” агентлагийн ерөнхий захирал, “Вести недели” хөтөлбөрийн зохиолч, хөтлөгч Дмитрий Киселёвт өгсөн урт ярилцлага энэ сарын 13-нд цацагдлаа. Дэлхий дахины анхаарлыг татсан уг ярилцлагад Оросын Ерөнхийлөгч Украины хямрал, цөмийн дайн болон дэлхий дахинд тулгараад байгаа асуудлын талаар ярив.

Тэрбээр Украинд гадны хөлсний цэргүүд байлдаж байгаа болон барууныхны зэвсгийн нийлүүлэлтийн талаар “Украинд гадны цэргүүд байгаа болон зэвсгийн нийлүүлэлтүүд нь тулааны талбар дахь нөхцөл байдлыг өөрчлөхгүй” гэлээ. Мөн АНУ цөмийн туршилт хийх юм бол Орос бас тэгж чадна гэдгийг үгүйсгэсэнгүй.

ОХУ Украины мөргөлдөөний асуудлаар хэлэлцээрт үргэлж бэлэн байсныг тэрбээр онцолсон бол Финланд, Швед улс НАТО-д элссэн талаар “Энэ бол туйлын утгагүй алхам байсан” гэсэн юм. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Оросын эсрэг мэдэгдлүүдийн талаар Путин “Энэ нь Африкт явуулж буй үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй юм” гэлээ. Түүнчлэн тэрбээр “ОХУ дотоод улс төрийн үйл явцад хөндлөнгөөс оролцохыг хэнд ч зөвшөөрөхгүй. Бид олон удаа хэлсэн. Хэнд ч үүнийг хийхийг зөвшөөрөхгүй” гэсэн юм.

 

-ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ ЯПОНЫ ИРГЭНШЛЭЭС ТАТГАЛЗАЖ, ЭХ ОРОНДОО ИРНЭ ГЭВ- 

 

 

Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн чухал сэдрүүдийн нэг Хакүхогийн Миягино дэвжээний монгол сүмоч Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээний бөхчүүдээ дээрэлхэж, хүчирхийлдэг байсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор Хокүсэйхо Э.Даваанинж болон түүний багш Хакүхо М.Даваажаргалд хариуцлага хүлээлгэх талаар Сүмогийн холбооноос мэдээлсэн мэдээлэл байв.

Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээнийхээ залуу бөхчүүдийг зодож, шүүрний ишээр нүүр, нуруу, эмзэг эрхтэн зэрэг рүү нь цохидог, угаалгын өрөөнд түгжиж, цавуу, шавж устгадаг бодис цацдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд Сүмогийн холбооноос Хокүсэйхо Э.Даваанинжийг сүмогоос зодог тайлуулж, түүний багш Хакүхо М.Даваажаргалыг шавиа удирдаж, чиглүүлж чадаагүй гэх шалтгаанаар хоёр зиндаа унагаж, дэвжээгээ удирдах эрхгүй болгож, цалинг нь хасах шийдвэр гаргаж байгаа тухай мэдээлэл гарсан. Сүмогийн холбооны шийтгэл нь Хакүхо М.Даваажаргалын зиндааг унагаж, дэвжээгээ удирдах эрхгүй болгоод зогсохгүй Миягино дэвжээг хааж болзошгүй болоод байгаа тухай мөн мэдээлсэн. Тэгвэл Японы хэвлэлүүдэд мэдээлж буйгаар Сүмогийн холбооноос Хокүсэйхо Э.Даваанинж, Хакүхо М.Даваажаргал нарт ногдуулах шийтгэлийн талаар хэлэлцээд, хариуцлага болон Миягино дэвжээг хэрхэх эсэхийг мэргэжлийн сүмогийн томоохон дэвжээнүүдийн нэг болох Исэгахама дэвжээний ояката буюу дэвжээний эзэнд даалгажээ. Исэгахама дэвжээний ояката энэ сарын 7-нд Исэгахама Ичимон дэвжээний гишүүдтэй хуралдаж, Миягино дэвжээг хаах эсэх асуудлаар хэлэлцэж, санал хураасны дүнд Миягино дэвжээг хаах шийдвэр гаргасан аж.

Миягино дэвжээний толгой Исэгахама дэвжээнээс сүмогийн холбоонд албан ёсоор Миягино дэвжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хаах, ирээдүйд нээх талаар дахин тунгаах санал хүргүүлжээ. Сүмогийн холбоо Исэгахамагийн саналыг хүлээж авбал Миягино дэвжээ хаагдах аж. 

Хакүхо М.Даваажаргал иргэншлээ сольж, дэвжээ удирдах эрхтэй болсон билээ. Дээрх дуулиантай холбоотойгоор япончууд Хакүхо М.Даваажаргалыг сүмогийн ертөнцөөс холдуулах дайралт хийж байна гэж сүмо сонирхогчид үзэж байгаа юм. Түүний нэр хүндийг унагах зохион байгуулалтай гүтгэлэг, дайралтууд гарах болсон бөгөөд хамгийн сүүлд Хакүхо аваргыг эхнэрээсээ гадуур өөр эмэгтэйчүүдтэй дотно харилцаатай байсан гэж Японы хэвлэлүүд мэдээлжээ.

Түүнийг анх 25 настай монгол найз эмэгтэйтэй байсан, тэд дундаасаа нэг хүүхэдтэй гэж мэдээлж байгаа аж. Мөн сүүлд дахиад өөр нэг найз эмэгтэйтэй болж, түүндээ байр түрээсэлж өгсөн гэж мэдээлсэн байна.

 

Сүмо сонирхогчид “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал Японы иргэншлээсээ татгалзаж, Монголдоо ирэхээр болжээ” гэж сошиал хуудсандаа мэдээлж эхлэв. М.Даваажаргал “Би сүмо бөхийн төлөө иргэншлээ сольсон. Одоо надад энд байх хэрэг байхгүй. Тосоод авах эх орон, элгэн садан минь бий” гэжээ.

Гэхдээ Хакүхо аварга өөрөө энэ талаар албан ёсоор тайлбар хийгээгүй байна. 

 

-“СЭР СЭР САЛХИ” КИНОНЫ ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН Б.ТЭРГЭЛ “ШИЛДЭГ ШИНЭ ЖҮЖИГЧИН” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ- 

 

 

Өнгөрсөн долоо хоногт урлагийн салбарт "Asian film awards academy-2024” наадмаас “Сэр сэр салхи” Монголын уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Тэргэл “Шилдэг шинэ жүжигчин”-ий шагнал хүртсэн үйл явдал тохиолоо. 

Азийн нэр хүндтэй наадамд зүй ёсоор тооцогддог “Asian Film Awards 2024”-д Монгол Улсаас анх удаа “Сэр сэр салхи” буюу "City of Wind" уран сайхны киноны ерөнхий найруулагч П.Лхагвадулам “Best new director” төрөлд, гол дүрийн жүжигчин Б.Тэргэл “Best new comer” төрөлд тус тус нэр дэвшсэн билээ.

Тус нэр хүндтэй наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр буюу 3-р сарын 10-ны өдөр Хонг Конгт болж байгаа бөгөөд “Best New Comer” номинацийн ялагчаар “Сэр сэр салхи” УСК-ны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл тодорсон нь онцгой үйл явдлаар нэрлэгдэж байна.

Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийн Кино урлагийг дэмжих сангаас тодорхой хэсэгт санхүүжүүлсэн “Сэр сэр салхи” УСК нь 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын “Оризонти” хэсэгт шалгарч, шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Б.Тэргэл хүртсэн ба Мөн 96 дахь удаагийн Оскарын кино наадамд Монгол Улсыг албан ёсоор төлөөлөн оролцох киногоор нэрлэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top