Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо нар 2024 оны гуравдугаар сарын 21-ний өдөр уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг бэхжүүлэх асуудлаар өргөн хүрээнд санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд хүний нөөцийг бэхжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын яам амжилттай хамтран ажиллаж ирснийг харилцан тэмдэглэв.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэх, ёс зүй, сахилга хариуцлагыг чангатгах зорилтыг тусган ажиллаж буйг онцлоод, энэ хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн албанд мерит зарчмыг хэрэгжүүлж, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг өндөржүүлж буй мэдлэг, туршлагаас үргэлжлүүлэн хуваалцаж, хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, “БНСУ-ын хөгжил ба Төрийн алба” сэдвээр Монгол Улсын их сургуульд, “Үндэсний хөгжлийг түүчээлэх чадамжтай төрийн албан хаагч” сэдвээр Удирдлагын академид тус тус олон нийтэд нээлттэй лекц уншина.
Сэтгэгдэл ( 0 )