Туул голоо аврах тухай ярьсаар суутал улам бохирдож, ширгэж дуусах бололтой. Бараг амтай болгон нь Туул голыг хамгаална гэж ярьдаг. Ачир дээрээ хөдөлдөг хүн ховор байна. Амь зуулгаа арай ядан авч яваа жирийн ядуус маань харин хааяа эргүүл хийж, голын усанд машинаа угааж, хогоо юүлж байгаа баячуудтай “дайн” зарлаж байгаа гэнэ. УИХ-аас Д.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч, наадмын өмнөхөн Туул гол ямархуу бохир болоод байгааг шалгаж тогтоов. Шалгалтын дүн тун тааруу гарлаа. Хотын хэмжээнд Туул голын сав газарт ажиллаж байгаа 27 цэвэрлэх байгууламжийн дөнгөж 11 нь хэвийн ажилладаг юм байна. Бусад нь ажилладаггүй. Тиймээс цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшин 60 хүрэхгүй хувьтай. Усны чанар нь стандартад заасан нормоос 6.4-59.7 дахин их. Ялангуяа, Алтанбулаг сум орчимд бохирдол дээд цэгтээ тулжээ. Өөрөөр хэлбэл, хүн, малд үхлийн аюултай нөхцөл үүссэн байна. Арьс шир боловсруулах 34 үйлдвэр, өлөн боловсруулах 21 үйлдвэр ноос ноолуур угаах 24 үйлдвэрийн 30 гаруй химийн бодис бүхий бохир ус Туул руу урсан орж байгаа юм. Олон жилийн турш ийнхүү хотынхныг тэжээдэг гол эх үүсвэр болох Туул голоо бохирдуулжээ. Усны нөөц нь ч сүүлийн жилүүдэд эрс багассан байна. Туулын эргээр 312 аж ахуйн байгууллага барилга барих, элс, хайрга олборлох ажил хийдэг. Тэдгээрийн 147 нь зөвшөөрөлгүй. Хотын захирагч Г.Мөнхбаяр тэдгээр зөвшөөрөлгүй газруудыг журамлаж дийлэхгүй байгаа нь тун хачирхалтай. Хачирхалтай юу байхав дээ, нөгөө авлига хээл хахуул нь чангаагаад байгаа биз. Байдал иймэрхүү л байна. Тийм болохоор УИХ-ын гишүүн Н.Ганбямба аргаа барахдаа Туул голыг бохирдуулахад нөлөөлж, хууль бус үйл ажиллагаа явуулж буй газруудыг далдуур дэмждэг улс төрчдөд хандан “Тэднийг хаацайлаад байгаа томчуудаар туг тахиж байж л Туул голыг аврахаас өөр замгүй” гэж хэлсэн болов уу. Гэвч хаврын чуулган хэл амтайхан дуусч, гишүүд хөдөөлөхөөр явцгаалаа. Туул голын талаар ямар нэг дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эрх зүйн талаас нь тордох боломж 10 дугаар сар гартал олдохгүй нь тодорхой боллоо. Н.Ганбямба гишүүний “Томчуудын толгойгоор туг тахих” санаачилга ингээд салхинд хийсэх мэт талийж одох уу.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )