Энэ та бидний тавилан мөн үү?

2024 оны 04 сарын 06

Залгамж үедээ үлдээх үг

Хүн төрөлхтөнд байдаг сайн муу, сайхан муухай бүх шинж чанар үндэстэн болгонд, та бид хоёрт хүртэл цөм хадгалаастай явна. Тийм бол яагаад дэлхийн улс орнууд хөгжлөөрөө ямаа, тэмээ шиг ялгаатай байна гэж асуудаг. Тэр ялгаа олон хүчин зүйлээс, төр, нийгэм, хувь хүнээс зонхилон шалтгаалдаг ажээ. Хөгжлийг шийдэгч хүн өөрөө нууц ертөнц, тэр тусмаа монгол хүн бүр ч нууц. Яагаад гэвэл их бичгийн хүн В.Инжиннашийн олж харснаар монгол хүн хэлсэндээ санаатай шүү дээ. Тийм атал манайд “Хүн” гэдэг мөнхийн том сэдэв хаалттай, хүн ба сэтгэл судлал түүхий хэвээрээ байна. Монголыг амь нэгтэй монгол хүн л өөд татна, хөгжүүлнэ. Олон хүн сайнтай, муутай. Сайн нь сайнаараа хөгжиг. Саарыг нь ажигласныхаа хэрээр өөрсдөд нь таниулах гэж энэ нийтлэлийг тэрлэв. Философийн ухаанд хүн бол ажил хөдөлмөр, оюун ухаан, хүмүүжил, соёлын иж бүрэн цогцолбор мөн. Аль нэг нь доголдвол мөн чанараа алдана гэж заасан байдаг. Хөгжлөөрөө дорой буурайд тооцогдож, гадаадаас хэт хараат явж ирсэн оронд энэ тодорхойлолтод тэнцэх, дүйх хүн элбэг биш нь ойлгомжтой. Тэр жилийн өөрчлөн байгуулалт, төр нийгмийн халаа монгол хүн гэж хэн бэ гэдгийг хангалттай харуулсан. Харамсалтай нь хэн ч анхаараагүй. Хувьсгал, хөгжил, өөрчлөн байгуулалт гэдгийг ардын зүйр үгэнд “Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас” гэж цэцэн цэлмэгээр тун оновчтой нэгтгэн өгүүлжээ. Гэтэл манай хомхойрогчид юун биеэ засах, ямарч аргаар хамаагүй яаж баяжих вэ гэж тархиа гашилгаж ирэв. Монгол ардчилал, зах зээлд шилжиж, “Айлтгүй” аж төрөх тавцан дээр гарлаа гэж хөөрцгөөсөн боловч сайн юманд садаа мундахгүй гэгчээр хомхойрол газар авч, амьдрал тарчигтаа тулж, эх орон элгээрээ хэвтэх, монгол хүн “Модоо барих” дөхсөн. Үүнтэй давхцан намуудын талцал хүчээ авч, нийгмийн санаа сэтгэл уймарч, удмын согог сэдэрч, хүмүүс захаасаа яргачин болтлоо “Эвдэрч” ард олноо гэсэн үндэсний хүмүүнлэг ёс зүй ичээнд орсон билээ. Үүнээс гадна ард түмэн маань ажилгүйдэл, ядуурал, авлига, үнэ хөөрөгдөхийн зовлон амссаар 30 гаруй жилийг үдэв. Хал үзсэн хашир туршлагатай олонх л улс орноо аварч энэ зэрэгтэй хөгжүүлж явна. Нэгэн зууны тэртээ хөмөрсөн тогооны доторх шиг харанхуй толгойтой явсан дээдэс маань үнэнчээр ажиллаж, сурч, гэгээрсээр сэжиг төрөм ахуй, заншлаасаа салж чадсан юм чинь сургуулиар олон шинжлэх ухаан заалгасан өнөө үеийнхэн өөрсдийгөө зөв залж жолоодох ухаантай болсон баймаар.

Гэтэл ... эхийгээ мөргөдөг ишиг шиг албан тушаал амсахаараа эрх мэдлээ урвуулан ашиглаж, хөрөнгө мөнгө завшдаг этгээдэд шунал гэм биш зан болжээ. Япон хүн баян чинээлэг амьдрахаа бодож, ажиллаж буй компаниа аль болохоор өндөр ашиг орлоготой байлгахыг эртээс хичээж тэмцдэг бол манайд шал эсрэгээрээ ядуу бус чадуу нь эх орноо “Танах” эрх эдэлж сууна. Хятад, вьетнамчууд манайхаас хог нэртэй алт зөндөө их зөөсөн дөө. Өөрсдийгөө өндөр тушаалаар өнгөлөн далдалсан хоёр нүүртэнг монголчууд “Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэж адалж ирсэн. Гаднах гяланцгаараа бид гадаадаас дутахгүй, тэгвэл гаднаа ардчилал, шударга ёс тээсэн, дотроо авлигал, шунал агуулсан хоёр нүүрт паланцгууд”...Чоно борооноор” дүр бүтээсээр ардчилсан нийгмээ “Хулгайчдын” болгочихоод дэлхийн чихийг дэлдийлгэж явна. Монголд хувийн, төрийн өмчийг хуульчлан хамгаалсан болохоос “Хулгайлж өмчил” гэж хаясан хөрөнгө байхгүй. Өнчин янзага ч энэ улсын баялаг. Ариун цагаан хөдөлмөрөөрөө элбэг хангалуун амьдрах боломж Монголд маш их байна. Ашиг завшаан хайгчид тэр боломжийг тоохгүй, амар хялбар аргаар түргэн баяжих гэж улайрч, энэ орон эргээд хэрэггүй юм шиг энд тэндээс нь зулгааж, олсноо хулгайгаар хил давуулан худалдаж өөгшжээ. Тэдний дунд нам, төр, сонгууль дамжсан томцуул байдаг нь тоогүй. Нэр бүхий банк, сангаас авсан зээл, нүүрстэй холбоотой гэмт хэргийн шинжтэй том том асуудал яригддаг болоод байна. Хулгайлсан нүүрс нь уул, овоо шиг болсныг бодоход олсон олз нь их наядаар тооцогдож таарна. Илэрсэн нь энэ, илрээгүй мангас, жараахайнууд бишгүй байгаа.

Эндээс харахад монголчуудын тоомсоргүй дээгүүр зан өөрсдийгөө хүн биш болоход хүргэжээ. Харьяат бүхэн эх оронч, өөриймсөг байдаг үе халагдаад байна. Ард иргэд хүний мөс мууджээ гээд хэдийнэ оношилчихсон явна. Европоос эх нутаг, ижил сүрэгтээ гүйж ирсэн морь, хаана амьдрал сайн байна, тэр миний эх орон гээд тэнэж яваа монгол залуу хоёр монгол хүн ямар болж буйг хэлээд өгнө. Агуу их хүмүүсээ амьдад нь танихгүй явсаар авсанд орсон хойно нь уйлдаг ард түмэн хөөрхий гэж шүлэглэжээ. Хүн нэг хувийн оюун ухаан, 99 хувийн ажил хөдөлмөр зарцуулж байж сая алдар гавьяаны эзэн болдог жамтай. Эгэл барлаг нүүдэлчид маань “Ертөнцийн гурав” гэх мэт өдий төдий үнэн,цэцэн мэргэн өв сургаал үлдээжээ. Монгол хэл, хүн, мал, амьтны олон янзын ааш, зан, тэр бүхний нарийн өнгө, аяс, бие бүтцийг нэрлэсэн үг хэллэгээрээ үнэхээр баялаг учраас хүний хүмүүжилд тун эерэгээр нөлөөлнө гэж ойлгодог. Ялангуяа эх малын өрөвч зөн, хайрыг өдөөж уяраадаг өвөрмөц багц үг, ая дуугаараа өнчирсөн нялх төлийг өөр эхэд авахуулдаг, ихэрлүүлдгээрээ бүр ч содон хэл. Мал эзнийхээ дуу, зангаагаар эв эеэ ололцоно. Эдгээр онцлогоороо монгол хэл яалт ч үгүй “Ногоон хэл” амой. Харамсалтай нь язгуур шинж нь харьд уусагчдын халдлагад их өртжээ. Тархинд цус нэвчихийг “Тархины буюу цус харвалт”, тарган гэхийг “Таргалалттай”, өвчтэй гэхийг “Өвчлөлттэй” гэх мэт хогоор булсан ч байх шиг. Монгол хүн “Таргалалт” гэж ярьдаггүй. Ийм гажиг үүсчихээд байхад манай “Би-сэтгүүлч”-ид дагаад урсаж байгаа нь даанч урамгүй. Хэл хүнд нялхаас нь амьдралын утга учрыг таниулдаг ардын сурган хүмүүжүүлэх гүн ухаан бөгөөд үл үзэгдэгч ээж билээ. Үндэстэн бүр өөрийн хэлээр “Гулгиж” өсөх ийм бэлэн боломж байхад өнөөгийн манай гэр бүл, хүүхэд залуус “Хүн болох багаасаа.....” шатыг анзааралгүй “Бяруу болоогүй бух болчихоод” эх хэл, ахмад үеэсээ хөндийрч, хэлээр ядуурч, хүмүүжлээр доройтож, ажлаар гунджээ. Монгол хэлийг хуушуур гэж бодвол гурилыг нь хэрэглээд махыг нь үлдээдэг хэрэглэгчид бий болж төрөлх хэлнийхээ шалгалтад тэнцэхгүй хөглөх юм. “Хүн хэлээрээ.....” гэдгийг хэзээ, хэн хэрэгжүүлэх болж байна? Угсаатнууд маань хэл амаа ололцолгүй олон зууныг ардаа орхижээ. Бидний ихэнх 10 хэсэг бутарч “Айлын” хүн болчихсон алхаж явна. Үлдсэн нь дотроо 35 тийшээ хараад суучихсан байна. Хэл амаа ололцоход хэцүүхэн болсон аав хүү, ээж охин дуулдах юм. Юу ч хэлээд нэмэргүй эх захгүй, дуулгаваргүй, тоомжиргүй, мэддэггүй ч юмгүй, мэддэг ч юмгүй, юм үзээгүй, нүд тайлаагүй, “Үгүйгээр” дүүрсэн биеэ тоосон, хийж бүтээхээс дайжсан зоргоороо танхи хөвгүүд охид их олширчээ. ‘’ Илжигний чихэнд ус ч, тос ч хийсэн сэгсэрнэ’’ гээч болчихоод байна. Тэгэхээр ,,хүн гэмээ ...’’Яаж мэдэх вэ? Зугаацах, тансаглах нь эцэг эхдээ их тойвтой юм. Яах нь мэдэгдэхгүй битүү хатуу дотогшоо санаа нь монгол хүнд байдаг өөдгүй зангийн нэг. Зөв буруугаа нэг удаа ний нуугүй ярилцаад ойлголцдог, амласан, зорьсноо цагт нь хэрэгжүүлдэг соёлтой оронд бол хэрүүл, маргаан, хүнд суртал, “Үглэх янших” гэдэг үг ч байдаггүй байх.

Европынхон хүүхдээ 18 насанд нь багтаагаад бие дааж ажиллаж, амьдрах арга ухаан, дадлагад сургадаг, япончууд хүүхдээ багаас нь япон хүн болгож бэлтгэдэг бол манайхан гадаадчлах гээд хэн ч биш болгож ирэв. Тэгсэн саяхнаас дунд сургуулиудад “Үе тэнгийн дээрэлхэл” нэртэй хүүхдэд халгаатай танхай бүлэглэл үүсч, төвөг тарьдаг, цэрэгт татагдагчдыг хүртэл хорлодог болсон байна. Эдлэх эрхтэй, эрхгүй эрхээр бялхсан Монголд монголчуудын ихэд цээрлэж ирсэн “Эрхийн тэнэг” заларчээ. Манай айл өрх ямарч төлөвлөгөө, тооцоо судалгаагүй, бүдүүн тоймоор урсгалаараа явж иржээ. Сүүлийн үед хүүхдээ байтугай өөрсдийгөө хүмүүжүүлж чадаагүй гэр бүл, сууц, машинд сээтэгнэсэн гэрлэлт олширчээ. Одоогийн залуус тийм л гэр бүлийн бүтээгдэхүүн юм. Хүүхдэд төр нийгмийн халамж, хамгаалал дутаагүй. Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх явдал ердийн үзэгдэл болон гаарсан нь “Хэт баярлагчдын“ хийж буй ажил шүү. Монгол үндэсний өвөрмөц хоёр том баяр ёслолтой. Та бидний намба төрх, хэр хэмжээ тэндээс мөн харагдана. Ёслон тэмдэглэх гэж ёстой дэвэрч гарна. Улсын баяр наадмаар хурд, хүч, цэц мэргэнээ сорино. Их догдолно, хийрхэнэ. Цагаан сар бол онд мэнд орсны, орохын, нас нэмсний баяр, настангуудаа хүндлэн дээдлэхийн бэлэг тэмдэг юм. Золгох нь зөвхөн Монголд байдаг соёлтой, ариун мэндчилгээ. Харилцан гар зөрүүлэх, мөргөж буюу сөхөрч тохойноос дэмжих гээд дотроо ялгаатай. Гэтэл сүүлийн жилүүдэд золголт учраа алдаж, үнсэх, үнсүүлэх болж хувираад байна. 100 хүний хамгийн дүү нь 99 удаа шүлсдүүлдэг болжээ. Халдвар тардаг л байх. Бэлэг дэмбэрэл бодож, нэрэлхэхдээ хэрэглээнээс давсан их идээ будаа, хүнс зэхдэг тул ууж идэхийн хэтрүүлэг хэд хоногоор үргэлжилнэ. Цагаан сард бэлтгэдэг шигээ хүмүүс тэгэж идэвхждэг бол Монгол мөн амархан дэвжих нь ээ гэж бодогддог. Манайд баяр ингээд дуусдаггүй, “Баяр” нэртэй арга хэмжээ байнга зохиогддог. Хүний хүмүүжил, биед тус болсон нь тун ховор. Архи хүний бие, сэтгэлийг амрааж тайвшруулах уу, хямрааж ядраах уу, бод доо. Амралт сувилал, аялал зугаалга бие сэтгэл жаргаах бус зовоох далим болчихоод байна. Хэт их “Баярладаг” –ын лай, соёлгүй ууж иддэгийн гай Монголд мөн ч их уршиг уджээ. Хулгай дээрэм, мөрийтэй тоглоом, мансууруулах бодис, согтуу жолооч, эрүүлжихэд хоноглогчид, архи, дэлгэц, хормойн дон, ДОХ, тэмбүү гээд олон муухайг тээж авчирчээ. Манай нийтийн хоолны соёл дээрдсэн ч гэрийн хоолны бүтэц, хооллох соёл тааруухан хэвээрээ байна. Амсардаж барьсан аягаар хоолоо халуунаар нь яарч иддэг тул элэг, ходоод, улаан хоолойн хавдраар дэлхийд дээгүүр ордог. Архи, айргийг нэг аягаар ам дамжуулан уух нь даан ч бөөдий.

Цэвэр бохир, ариун бузрыг ялгаж мэддэггүй, гар, биеэ сайн угааж сураагүй хүн цөөрсөн ч цөөддөггүй. Монгол хүн хэдүүлээ нийлж, хувааж архидахдаа тун гайхалтай, угаадас, ялгадсаа ил задгай хаях, цаг нөгцөөхийг үл тоодог хэрнээ өчүүхэн хүлээхийг тэвчдэггүй этгээд аягтай. Цувааны өмнүүр дайрна, дэг эвдэнэ. Улаан гэрэл асаалттай байхад урсаж буй машин дундуур ороод явчихна. Сайн, муу ялимгүй, эхлэл, илрэл монгол хүнд юу ч биш. Өвчнөө ч тоохгүй, боловсорсон, хүндэрсэн хойно нь амаа барина. Асуудалд ерөнхийдөө гоомой хандана. Том асуудал болоод байгаа замын түгжрэл бол ялимгүй хүлээхийг тэвчдэггүй, өөрийгөө бусдаас дээгүүр тавьдаг, яаруу тэвдүү монгол удмын урхагаас үүдэлтэй юм байна гэж би оношлосон хүн. Бие биенээсээ урьтах гэж ар араасаа чихэхээр зам бөглөрөлгүй яах вэ. Машин бүхэн урдахаасаа 1-1,5 машин багтахаар зайтай явж, зогсоод байвал түгжрэл, зардал, төсөв зарцуулалгүй арилна. Гэвч эцсийн үр дүн жолооч нарын ухамсар, хариуцлагаас шалтгаална. Нийгмийн хөгжил хоцрогдсон бүдүүлэг ааш араншин, үзэл бодол, арга барил, уламжлал заншил, орчин ахуйд их цэвэрлэгээ хийхийг шаардаж байна. Монгол хүнийг хувцас лугаа адил угааж ариутгаж, шинэ сэтгэхүйгээр гадарлах бус доторлох цаг болжээ. Төр, засаг амьдрал, хөгжлөө сэргээх бодлого боловсруулаад тэмцэж байхад хэнэггүй уур амьсгал янзаараа л байна. Шашин, мэргэ төлөг, бэлгэ дэмбэрэл, сайн, муу жил, гараг, өдөр, цаг, зүгийг харгалзсан, харгалзаагүйн ялгаа, үр дүн ер мэдэгддэггүй. Магадгүй, мууд нэрмээс болдог ч байж мэднэ. Тэдгээр нь үнэхээр бодитой юм бол шинжлэх ухааны тайлбар, гарын авлага, ширээний ном хэрэгтэй байна.

Хүмүүс тэнгэр хангай тахих ашигтай, үгүйг, талийгчаа яаж оршуулахыг мэддэггүй, сохор явсаар лам нарын идэш болсоор өдий хүрчээ. Уул овоо тахих ашигтай юм бол Монголд эмэгтэй Ерөнхийлөгч сонгогдох эрхгүй болох нь ээ. Үнэний төлөө бүгдээрээ амь нэгтэй цул хүчин болон нэгдэж ажиллая гэж би хэдэн жил хэвлэл мэдээлэлд бичсэн хүн. 90 гартлаа хүн ба сэтгэл судлал шохоорхож ирсэн сэтгүүлч хүний хувьд Монголд нэгдүгээрт, эв нэгдэл, хоёрдугаарт, оюун ухаан онц шаардлагатай байгааг олж харсан юм. Орон даяараа нэг хаягтай, нэг хүчин болж ажиллавал олон ургалч үзэл, ил тод байдал, эерэг, сөрөг үзэл бодол, ард иргэдийн үгээ хэлэх, шүүмжлэх эрх боломж улам чөлөөтэй болно. Зөв буруугаа нүүр тулан ярилцаж, нэг ойлголттой болж хэвшинэ. Төөрсөн үнэнч, чадварлаг боловсон хүчнүүд зохих байраа эзэлнэ. Улс төржилт, талцал устана. Ард түмний сэтгэл тайвширна. Монголчууд түүхэн туршаа нэг их нарийн арга ухаан шилдэггүй дан бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, амиа аргацааж ирсэн уламжлалтай. Илүү ухаан зарах, өөр салбар хөгжүүлэх шаардлага байсангүй. Нөгөө талаар манайд дэлгэрсэн шашин шинжлэх ухаанч шинэ санаа сэдэгчдийг “Буруу номтон” хэмээн гэсгээн цээрлүүлдэг байв. Ийм хоёр гол шалтгааны улмаас монголчууд оюун ухаанаа удаан хугацаагаар царцааж иржээ. Тэр уламжлал одоо ч нөлөөлсөөр байна. Байгаль хүн төрөлхтөнд “Оюун” хэмээх аугаа их хүч чадвар хайрлажээ. Энэ чадварыг дотор нь оюун билиг, оюун ухаан гэж зааглаж үзэх нь зүйтэй байх. Оюун билигт тогтоох, санах ой хамаарна. Ой төрөлхийн чанартай бол оюун ухаан үүсмэл, олдмол, баяжмал чанартай. Хонуут хэлж хайлаад дуусдаггүй үлгэр, домог, туульс цээжилсэн жирийн малчид зөндөө байсан бол харь хэлний хэдэн арваар тоологдох жанч ном цээжилсэн монгол лам нар үй түм байжээ, одоо ч байна. Дээр үед олон ном цээжилсэн ой сайт хүнээ эрдэмтэйд тооцож, ой тойгоо оюун ухаан хэмээн эндүүрч явжээ. Монгол угсаатан ой тойгоороо дэлхийд дээгүүр ордог хэрнээ хөгжилтэй орноос хоцорч яваа нь оюун ухаанаа атаршуулдагтай холбоотой юм байна. Оюун ухаан хүн төрөлхтөнийг өнөөдрийн түвшинд хүртэл хөгжүүлж чаджээ. Ой бол оюун ухааны таатай хөрс бөгөөд мэдлэг мэдээлэл, дуу дүрсийг буулгадаг, хадгалдаг, харуулдаг (Камер шиг) дижитал агуулах гэсэн үг. Дангаараа оюун ухааныг орлох боломжгүй. Оюун ухаан бол ойд хуримтлагдсан материалыг боловсруулагч цех гэж хэлж болно. Энэ хоёр хамтран мэдлэгийг жинхэнэ эрдэм, үйлдвэрлэл, баялаг болгож хувиргана. Хөгжихийн тулд үнэнч, ажилсаг төдийгүй оюунлаг хүн хэрэгтэй. Тийм хүмүүсийг амьдрал, үйлдвэрлэл дээр хүнтэй ажиллаж бий болгоно. Монголчууд “...Хүний эрээн дотроо” гэдэг. УИХ-аас эхлээд хүн ажиллаж амьдардаг бүх нэгж хүнтэйгээ ажиллаж, тэдний эрээнийг нэвтлэн гийгүүлэх бүрэн боломжтой. Хүнтэй ажилласнаар олон бэрхшээлийг нэгэн сумаар устгаж болно.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.ДАЛАНТАЙ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top