УИХ-ын хяналт шалгалтын хүрээнд газар, ашигт малтмалын лицензтэй холбоотой олон асуудлууд ил болж эхэлснийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. Ялангуяа газрыг Монгол улсын иргэний нэр ашиглан хууль бусаар эзэмшиж, ашиглах, ашигт малтмалын лиценз дамлан худалдаалдаг бүлэглэлтэй холбоотой мэдээллүүд хяналт шалгалтаар илэрч буй тул УИХ-ын гишүүд Түр хороо байгуулж, хянан шалгах сонсгол зохион байгуулах асуудлаар санаачлага гаргахыг уриалсан юм.
УИХ-ын даргын захирамжаар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тогтоох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж буй уг ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой дэд ажлын хэсгийг холбогдох яамд, ТЕГ, АМГТГ зэрэг 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газарт мэдээллийг цуглуулж, дата мэдээлэлд дүн шинжилгээ хийж эхлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )