Сонгуулийн хуулийг гацаасан УИХ-ын гишүүд хэнэг ч үгүй сонгогчид руугаа гүйлдэж байна. Улс төрийн соёл, энээ тэрээ жаахан юм мэддэг болж ичмээр хэрэг л дээ. Ардын намынхан сонгуулийн тухай хуулийг гацааснаа эд бах болгон ярих нь энүүхэнд болж буйг яалтай. Тэд хамаг бурууг Ардчилсан нам руугаа чихэх гэж улайрч байх шиг байна. Үнэн чанартаа төрийн ажлыг хэд хоногоор зогсооход хүрсэн буруутнууд нь Ардын намын Удирдах зөвлөл бололтой. УИХ дахь намын бүлэг рүүгээ Удирдах зөвлөлөөсөө “Можаритори систем зонхилсон хуулийг заавал батлаараа” гэсэн лүндэн буулгаагүй бол ийм байдал үүсэхгүй байсан гэнэ. Намрын чуулган болтол харин Ардын намынхан хөдөөгүүр явж, жалга довын жижигхэн бодлуудаа иргэдтэйгээ хуваалцах нэрээр тархи угаадаг ажлаа хийх гэж байх шиг байна хэмээн зарим учир мэдэх хэсэг нь шүүмжилж байгаа ажээ. Магадгүй, дараагийн сонгуулиар жалга бүрээс улс төрч тодруулах байх. Нөгөө “Хүсээгүй жирэмслэлт”-ээс “Хүсээгүй улс төрч” төрнө гэгч нь болох юм шиг байна. Хөдөөгүүр яваа зарим улс төрчдийн дүр төрх нэг иймэрхүү л хандлагатай боллоо. Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчиг, Ц.Даваасүрэн, Ө.Энхтүвшин нар гэхэд л Хэнтийгээс сонгогдсон их аварга Б.Бат-Эрдэнийг дагуулж нутагтаа очин “гангарч” байгаа ажээ. Өөрөөр хэлбэл монголчууддаа хамгийн их хайрлагдан хүндлэгдсэн Б.Бат-Эрдэнэ аварга тэдний нүүрийг тахалж яваа нь энэ юм болов уу даа. Хөвсгөл аймаг бол үндэсний бөхөөр гурван аваргыг төрүүлсэн нутаг. Тус аймгийн Цагаан-Үүр сумаас аварга Д.Дамдин, Б.Бээжин, Б.Цэвээнравдан нар тодорч гарсан юм. Б.Бат-Эрдэнэ аварга тэдэнд хүндэтгэл үзүүлж, Хөвсгөлчүүдийн сэтгэлийн галыг өрдөх нь юуны буруу байхав. Гэхдээ л сонгуулийн шоунд цаадуул нь ийнхүү Б.Бат-Эрдэнэ аваргыг ашиглахаа мартсангүй. Харин Ерөнхий сайд Сү.Батболд, Сангийн сайд С.Баярцогтоо дагуулан Сэлэнгэ аймгийн ойд оролцоод ирлээ. Эндээс Э.Бат-Үүл УИХ-д сонгогдсон бөгөөд мань хүн Ерөнхий сайдад сүүлийн үед нэлээд таагүй ханддаг болоод байгаа. Ерөнхий сайдыг албан тушаалаас нь огцруулах саналаа УИХ-ын даргад хүргүүлснээс хойш улам ч чанга дуугарах болсон. Төрийн толгой дээр нэг нам гараад суучихлаа хэмээн тэр ундууцаж явна. Аймгийнх нь 80 жилийн ойн баярт Сү.Батболд баяр хүргэн үг хэлэхэд Э.Бат-Үүлд харин тун таатай байсан гэсэн шүү. Сэлэнгэчүүд энэ жил урьд урьдынхаасаа их ургац хураахаар шамдаж байгаа. Үүнд нь Засгийн газраас дэмжлэг үзүүлэхээр болсныг ч хэлэх үү. Угийн хөдөлмөрч иргэд нь фермийн аж ахуй, тариа ногооныхоо ажилд тус дэм үзүүлж буй төр, засагтаа баярлалгүй яахав. Э.Бат-Үүл ингэж нэг удаа сэтгэл уучирсан ч төрийн үйл хэрэгт нэг намынхан “Командлах” үүрэг гүйцэтгээд байгаад нь дургүйцсэн хэвээрээ л үлдэв бололтой.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )