Сүүлийн үед УИХ-ын сонгуульд нэр дэвших тухайгаа зарлаад буй зарим горилогчийг харахад сонгуулийн тойрогт нэр дэвшигч үү, ам угтуул авч байгаа бөх үү хэмээн эндүүрмээр боллоо. Нэг үгээр улс төрийн соёл алдагдаж, шударга өрсөлдөөнт бус, хар хорын сөргөлдөөнт сонгууль зарим тойрогт өрнөж мэдэх нь. Уг нь тодорхой тойрогт нэр дэвшигч нь тухайн тойргоо судалсан, иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг нь мэддэг, өөрөө тэндээ ямар нэг хэмжээнд танигдсан, аль нэг намын харьяалалтай, намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг дэмжин сурталчилдаг, эсвэл бие даан нэр дэвшихээр бол тойргийнхоо хүн амаас хуульд заасан тооны дэмжигчийн гарын үсэг цуглуулсан, хувийн мөрийн хөтөлбөртэй байх учиртай.
Гэтэл энэ жилийн сонгуулийг харахад тэр тэнд нэр дэвшиж байгаа бол би тэр тойрогт нь нэр дэвшиж халз үзэлцэнэ гэсэн дуэль маягийн, эрүүл тулаанд дуудсан үзэгдэл энд тэнд харагдах болов. Яг л наадамд зодоглож, ам угтуул авч байгаа бөх шиг. Тулаанд дуудагдаж буй хүн нь ямар онцлогтой тойрогт нэр дэвшиж буйг ч судалсан зүйлгүй зүгээр л эгдүүг нь хөдөлгөсөн тэр нөхөр тэнд өрсөлдөх учраас л харайж очиж саналыг нь өөртөө хураана гэсэн хувийн бодолд хөтлөгдөөд шатаж яваа нь тэр.
Уг нь Сонгуулийн тухай хуулийн 5.3-д зааснаар 25 насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан шаардлагыг хангасан Монгол Улсын ямар ч иргэн Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших, сонгогдох эрхтэй.
Энэ дагуу хэн ч, аль ч тойрогт нэр дэвших, сонгуульд өрсөлдөх бүрэн эрх нь нээлттэй. Гэхдээ энэ жилийн сонгуулиар илрээд буй нэг хачирхалтай үзэгдэл нь дээр хэлсэнчлэн бөхийн ам угтуул авч байгаа мэт нэр цохон зааж, бараг л засуулаар цолоо дуудуулах шахан хэн нэгнийг хувийн зорилгоор онилон нэр цохож, “Тэр хаана дэвшинэ, би тэнд дэвшиж халз харгалдана” гээд буйд хэргийн учир байгаа юм. Ингэснээр тухайн хуулийн 5.4-т “Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж саналаа өгөх боломжоор хангагдсан байна” гэсэн заалтыг зөрчиж ч магадгүй. Учир нь нөгөө “халз тулаанч” хоёрын нэгийг гаргаж хүслийг нь хангах “албадлага”-д сонгогчид унах нь байна шүү дээ. Аль нэгийг нь сонгож гаргаж ирэлгүй хоёуланг нь унагачихвал тойргийнхоо сонгогчдод хорсож, гомдохоос гадна, бас аль нэгийг нь ялуулаад нөгөөг нь өвдөг шороодуулчихвал аанай л сонгогдсон нөгөөдөө унасан нөхөр тахимаа өгөлгүй хэрүүл маргаан өрнүүлэхээс эхлээд дараагийн дөрвөн жилийн турш санал өгөөгүй сонгогчдоо элдэв муугаар нь дуудан ам асуух бас нэг хорсол нэмэгдэнэ. Нэгнээ элдэв муугаар дуудаж хорыг нь хусан өрсөлдөж байгаа нэр дэвшигчдэд сурталчилгааны хугацаанд ёс зүй гэх зүйл бараг үйлчлэхгүй л болов уу даа. Аль болохгүйгээр нь дуудаж бахаа хангаж байж оноо цуглуулахыг л бодно. Хууль ёсоор нэр дэвшиж өрсөлдөх, ам угтуул авч сөргөлдөх хоёр ийм ялгаатай.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ гэмэгц сэтгүүлч Н.Өнөрцэцэг тэнд очиж халз үзнэ гэж “эрүүлд” дуудсан. Говийн бүсэд нэр дэвшихээр горилж байгаа УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нарыг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан амлан авч, тэр тойрогт нь сургалт хийж, олонд танигдаж явна. МАН-ын О.Батнайрамдал АН-ын Л.Гантөмөрийг хаана давшсэн тойрогт нь дэвшиж “Амлан авч тамлан хаяна” гэнэ.
Эцэстээ сонгогч гэдэг зүгээр л хор шараа тайлах, хоорондоо сөргөлдөж эрэгчин эмэгчнээ үзэх гэсэн нэр дэвшигчдийн сөргөлдөөнд татагдан орж, “хэнийг нь эрхий хуруугаа дээш өргөн ялуулж, хэнийг нь доош дохиж амийг нь таслах вэ” гэсэн рыцарь маягийн тулааны үзэгчид болж хувирах нь байна. Мөнөөх сонгогчдод өөрсдийнх нь эрх ашиг, тойргийнх нь хувь заяа огт падгүй, ам угтуулуудын мөрийн хөтөлбөр ч хамаагүй, гагцхүү нэгийг нь сонгож бах тавыг нь хангаж, нөгөөг нь өрсөлдөгчийнх нь өлмийд хаяж өгөх хэрэгсэл төдий болж хувирч мэдэх нь.
Энэ байдал даамжирсаар тойрогт нэр дэвшинэ гэдэг эвсэл, намууд, нэр дэвшигчдийн шударга өрсөлдөөн бус, хор шарын тулааны талбар болбол яана. Олон мандаттай тойрогт бол мань сөргөлдөгчид хамтдаа нэг тойрогт ялж, УИХ-ын чуулганы танхимд мөр зэрэгцэн сууж ч болно. Бие биетэйгээ сөргөлдсөн хүмүүс төрд гараад, хувь заяаны шоглоомоор эвсэж засаг барихдаа тулбал хэрхэх вэ гэдгийг бас бодууштай. Нэр дэвшигчид сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэд сонгогчдынхоо төлөө юу хийхээ төлөвлөж, ёс журмаараа өрсөлдөөд ялж ялагдаж сурвал улс оронд л хэрэгтэй. Сурталчилгааны үеэр ч сонгогчид нэр дэвшигчдээс шударга, соёлтой өрсөлдөхийг шаардах ёстой болж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Чавганц нарын хов живишиг юм биччихэж новш гэж....