Эх орны дайны ялалтын 79 жилийн ой, Халх голын дайны ялалтын 85 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Буриад улсын Улаан-Үд хотод Ялалтын баярын жагсаал болж, Монгол Улсаас Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Энхийг дэмжих ажиллагааны тусгай батальон, Монгол хурандаа нийгэмлэгийн гишүүд зэрэг хүмүүс оролцлоо. Жагсаалд ОХУ-ын бүгд найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденов тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид, цэргийнхэн оролцож, баярын парадыг үзэхээр Улаан-Үд хотын иргэд, Монгол, Буриад улсын хэвлэл мэдээллийнхэн цугларсан байлаа.
Энэ үеэр Буриадын тэргүүн Алексей Цыденов "Баярын жагсаал сайхан боллоо. Та бүхэн ч бас харсан байх. Өнөөдөр олон хүн, Улаан-Үд хотын олон оршин суугч цугларсан байна. Ялалт ямар их үнээр олдсоныг бид санан дурсаж байна. Ялангуяа өнөөдөр жинхэнэ цэргийн ажиллагаа болж байгаа энэ үед Ялалтын баярын жагсаал болж байна. Залуус маань фронтод байлдаж байгаа үед энэ Ялалтын баяр онцгой утга агуулгатай болж байна
Энэ жил Халх голын дайны ялалтын 85 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд Москвагаас эхлээд бүх баатар хотуудаар дамжин хүн зон авто унаагаар дайн болсон газруудад очно. Мөн Улаан-Үд хотоос Улаанбаатар хот руу урлагийнхан, жүжигчид очиж, тоглолт хийж, хамтдаа Халх голын дайны ялалтын 85 жилийн ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлнэ" гэлээ
Халх голын байлдаан нь Орос, Монгол хоёр орны түүхэнд тодоор бичигдэх том ялалт байсан юм. Хоёр орон хамтран Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа аж.
ВИДЕО ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )