Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2024.05.14/ хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.
Монгол Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар төрийн тусгай хамгаалалт, түүнийг хэрэгжүүлэх байгууллагын эрх зүйн үндсийг анх удаа хуульчлан тогтоосноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улс орны эдийн засаг, нийгэм, эрх зүйн болон гадаад харилцаанд томоохон хөгжил, шинэчлэл, өөрчлөлтүүд гарсан тул энэхүү хуулийг шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлага үүсч байна хэмээлээ.
-төрийн тусгай хамгаалалтын зорилгыг хэт ерөнхий тогтоож өгснөөс бусад төрийн хамгаалалтаас ялгамжтай байдал тодорхой бус;
-хуулиар төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэний шалгуур үзүүлэлтийг тогтоогоогүйгээс холбогдох зохицуулалтыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирдаг;
-обьектыг төрийн тусгай хамгаалалтад авах шалгуур үзүүлэлтийг тогтоогоогүйгээс төрийн тусгай хамгаалалтад байгаа обьектын хүрээ хэт өргөжиж, хамгаалалтын иж бүрэн байх зарчим алдагдсан;
-төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэх арга хэлбэрийг хуулиар хатуу тогтоож өгсөн нь хамгаалалтын арга, тактикийг өөрчлөх, олон нийт болон хамгаалуулагч нараас тавьж буй шаардлагад нийцүүлж уян хатан байх боломжийг хязгаарласан;
-төрийн тусгай хамгаалалтын бүс, дэглэм тогтоох үйл ажиллагаа нь хуулиар тодорхой бус
-Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар тогтоосон төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааг бусад хуулиар өргөжүүлэн тогтоодог хуулийн гажуудал бий болсон;
-төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид тавих шаардлага, эрх зүйн байдал, эрх зүй, нийгмийн баталгаатай холбоотой зохицуулалт нь төрийн албаны болон бусад тусгай чиг үүрэг бүхий салбарын эрх зүйн шинэчлэлээс хоцорсон, эрх зүйн байдал нь хийдэлтэй, эрх зүй, нийгмийн баталгаа нь сул.
-төрийн тусгай хамгаалалтад албадлага хэрэглэх үндэслэл, журмыг хүний эрхийг хүндэтгэх зарчимд нийцүүлээгүй нь тодорхой болжээ.
Иймд хуулийн хэрэгжилттэй холбоотой хүндрэл бэрхшээлийг арилгах, төрийн тусгай хамгаалалтын зорилго, хамрах хүрээг Монгол Улсын Үндсэн хууль болон Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн оновчтой тогтоож, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтыг эрх зүйн зохицуулалтыг шинэчилж, албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэх, эрх зүйн баталгааг бүрдүүлэх чиглэлээр Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан байна.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 7 бүлэг 60 зүйлтэй боловсруулж, хуулийн төсөлд хуулийн зүйл, заалтын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулийн зарим, зүйл, хэсэг, заалтын хэл зүй, найруулгыг ойлгомжтой, тодорхой болгох үүднээс найруулгын шинжтэй зарим өөрчлөлтүүдийг хийжээ.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дараах эерэг үр дүнд хүрнэ гэж үзжээ.
• Төрийн тусгай хамгаалалтын хамрах хүрээ, үйл ажиллагааг бусад хуулиар өргөжүүлэн тогтоодог байсан гажуудал арилна.
• Төрийн тусгай хамгаалалт нь аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээнд үндэслэдэг бөгөөд шинжлэх ухааны хөгжил, техник технологийн дэвшлийг хүний хүчин зүйлтэй хослуулсан, цаг үедээ нийцсэн, уян хатан хамгаалалтын арга, хэлбэр, тактикаар хэрэгжинэ.
• Төрийн тусгай хамгаалалтын алба мэргэшсэн, чадварлаг, шилдэг албан хаагчид бүхий тусгай алба байх эрх зүй, нийгмийн баталгаа бүрдэнэ.
• Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаа улс төрөөс болон гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанаас ангид байна.
• Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэх зарчим хэрэгжиж, хүний эрхийг зөрчих боломж хязгаарлагдана хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Мөн хуралдаанаар Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу төслийн зүйл бүрээр нь хэлэлцэж, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.
Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг “цэргийн болон цагдаагийн баг” гэж НҮБ-аас тогтоосон бүтэц, орон тооны дагуу бие бүрэлдэхүүн болон зэвсэглэл, техник, тоног төхөөрөмж, эд хэрэгслээр хангагдсан энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх нэгжийг гэж” өөрчлөх санал олонхын дэмжлэг авсан. Мөн дээрх хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.
Дараа нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зүйл бүрээр нь хэлэлцэж, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын санал тус бүрээр санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төслийг зөвшилцөх тухай байлаа.
Төслийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав.
Тэрбээр, Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг нь олон улсын эрүүгийн эрх зүйд хамгийн ноцтой гэмт хэргийн төрөлд тооцогддог. Эдгээр гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх, гэмт этгээдийг шийтгэх, улс хоорондын эрх зүйн туслалцааны хамтын ажиллагааг сайжруулах, гэмт этгээдийг шилжүүлэн өгөх олон талт эрх зүйн баримт бичиг байгуулах ажлыг Монгол Улс 2017 оноос идэвхтэй дэмжиж ирсэн. Бельги, Нидерланд, Словени, Аргентин, Сенегал Улсын хамт конвенцын санаачилгыг урагшлуулах зорилготой Үндсэн бүлгийн 7 гишүүн улсын нэгээр ажиллаж байгаа гэлээ. Үндсэн бүлгийн эдгээр гишүүн улсын төлөөлөгчид төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах хянан шийдвэрлэх асуудлаар олон улсын хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төслийг боловсруулж 2019 оноос эхлэн төслийн хэлэлцүүлгийг өрнүүлжээ. Ийнхүү 2023 оны 05 дугаар сарын 15-26-ны өдрүүдэд Любляна хотноо болсон Бага хурлаар конвенцын эх бичвэрийг баталсан байна.
Энэхүү конвенц нь “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенц”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц”, “Төрлөөр устгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенц” зэрэг уг салбарт хамаарах олон талт механизмууд байдаг хэдий ч төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэргийг хянан шийдвэрлэх зохицуулалтыг агуулсан анхны баримт бичиг болох юм байна. Энэ хүрээнд уг санаачилгыг өдгөө 80 гаруй улс дэмжиж байгаагаа илэрхийлсэн хэмээн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулсан.
Тус конвенцод гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг Нидерланд Улсын Гааг хотноо 2024 оны 02 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж, нийт 33 улс гарын үсэг зурсан байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэгт заасны дагуу уг конвенцод гарын үсэг зурах асуудлыг зөвшилцөхөөр уг асуудлыг Байнгын хороонд танилцуулж буйгаа Гадаад харилцааны сайд илэрхийлсэн.
Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төслийг зөвшилцөх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зөвшилцөхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд зөвшилцөхийг хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул уг асуудлыг хэлэлцсэн талаарх байнгын хорооны хуралдааны тэмдэглэлийг санал, дүгнэлтийн хамт Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.
Дараа нь Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулсан юм.
Тэрбээр, Монгол Улсын иргэд олноор зорчдог гадаад улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсаас Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын 1959 оны конвенцод нэгдэн орох тухай хүсэлтийг Европын Зөвлөлийн Сайд нарын хороонд гаргажээ. Тус хороо нь орлогч сайд нарын 2019 оны хурлаар хэлэлцэн дэмжээд, урилга ирүүлсэн гэлээ.
Монгол Улс гадаадын 24 улстай байгуулсан 39 хоёр талт гэрээний үндсэн дээр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээд ялтан шилжүүлэх эрх зүйн үндэс бүрджээ. Үүнд ихэнх нь Зүүн Европ болон Азийн улсууд багтаж байгаа аж. Харин баруун Европын ихэнх улстай олон улсын конвенцуудад заасан, тодорхой төрлийн гэмт хэргээс бусад гэмт хэргийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудлаар харилцах боломжгүй байдаг аж. Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцод Европын зөвлөлийн 48 гишүүн улс, Европын зөвлөлийн гишүүн бус 5 улс нэгдэн орсон бөгөөд тус конвенцын гишүүн улсын тоонд Монгол Улсын иргэд суралцах, ажиллах, бизнес болон аяллын зорилгоор олноор зорчдог, оршин суудаг Англи, Герман, Бельги, Ирланд, Швед зэрэг улс багтаж байгааг тэмдэглэв. Энэхүү конвенцод нэгдэн орсноор манай улсын хуулийн байгууллагууд нотлох баримт албажуулж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл хэрэгслийг хураан авах зэрэг тодорхой төрлийн ажиллагааг конвенцын гишүүн улсуудын нутаг дэвсгэрт гүйцэтгүүлж, туслалцаа авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг гүйцэтгэх боломжтой болно хэмээн Б.Энхбаяр сайд танилцууллаа.
Дээрх хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд соёрхон батлахыг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )