Монголын залуу эрдэмтэн, судлаачдын үндэсний VII чуулган “Нээлттэй шинжлэх ухаан-Залуучуудын оролцоо” сэдвийн дор боллоо. Чуулганаар залуу судлаачдын оролцоотойгоор нээлттэй шинжлэх ухааныг хөгжүүлэх, шинжлэх ухааны нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг бий болгох, шинжлэх ухаанд итгэх итгэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох талаар хэлэлцэв. Монголын Залуу эрдэмтдийн холбооноос санаачлан дөрвөн жилд нэг удаа энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Чуулга уулзалтаар шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн байгууллагын төлөөлөл болсон 400 гаруй шилдэг залуу эрдэмтэн, судлаач улс, эх орныхоо хөгжилд түлхэц болохуйц санаачилга, зөвлөмжүүдийг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна. Тэд өмнө нь тулгамдаж буй гол асуудлууд, тэдгээрээс гарах шийдэл, алсын харааг хэлэлцдэг.
Монголын Залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч С.Бямбахорлоо “Энэхүү чуулганы хүрээнд Шинжлэх ухааны ажилтны II Их хурал зохион байгуулагдсанаараа онцлогтой. Мөн Монголын Залуу эрдэмтдийн холбоо үүсэж хөгжсөний 20 жилийн тэгш ой давхцсан давхар баяр боллоо. Засгийн газраас ч харьцангуй дэмжлэг үзүүлж байна.
Тухайлбал, залуу эрдэмтэн судлаачдын дунд “Шинжлэх ухааны бага олимп” гэж нэрлэгддэг “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлыг 19 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа. Тус хуралд оролцогч залуусын тоо жилээс жилд нэмэгдэж, сүүлийн хоёр жилд 500 гаруй судлаачийн бүтээлийг хүлээн авч, 100 гаруй илтгэл хэлэлцүүлэн 28 судалгаанд грант олгожээ. Уг хурлын грантын хэмжээ өмнө нь дөрвөн сая төгрөг байсныг 2022 оноос 10 сая төгрөг болгон өөрчилсөн. Харин докторын дараах залуу судлаачдын грантын 10 сая төгрөгийг энэ жилээс 20 сая төгрөг болгон Монголын залуу эрдэмтэн судлаачдын оюуны үнэлэмжийг нэмэгдүүлсэн” гэдгийг онцлон тэмдэглэв.
Өөрчлөгдөн даяаршиж буй дэлхийд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгааг тус чуулган харууллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Шинжлэх ухаанд түшиглэж байж л хөгжинө дөө