НИЙТ 61 ГЭРЧ СОНСГОЛД ДУУДАГДАВ
Төрийн ордонд өчигдөр “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэллээ. Түүгээр Монголын тэргүүн баян 30 гэр бүл хэмээн нэрлэгддэг ашигт малтмалын толгой лиценз эзэмшигчид хийгээд уул уурхайтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг гол компаниуд, тэдний хамаарал бүхий байгууллага, хүмүүсийн “түрийвч”-ийг уудлах юм.
Уг Хянан шалгах түр хороог УИХ-ын 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулжээ. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ дахь олонхын бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, цөөнхийн бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд нар ажиллаж байна. Нээлттэй сонсголыг УИХ-ын дарга Г.Занданшатарын өгсөн үүрэг чиглэл, Хянан шалгах түр хорооны энэ оны тавдугаар сарын 16-ны 09 дүгээр тогтоолд зааснаар УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Б.Энх-Амгалан удирдан явуулж буй.
Өчигдрийн сонсголын эхэнд нэгд, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, бүртгэл; хоёрт, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн давхцал; гуравт, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн гэсэн гурван сэдвийг тойруулан хэлэлцэв. Энэ хүрээнд шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авч 32 гэрчийг дуудсан байна. Мөн тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх сэдвийн хүрээнд Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, зөрчил, дутагдал; Уул уурхайн салбарын байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалт сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцэх хоёр багц асуудалтай холбогдуулан 29 гэрчийг дууджээ. Ийнхүү хоёр сэдвийн хүрээнд таван багц асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судлахад нийт 61 гэрчийг өчигдрийн нээлттэй сонсголд дуудсан юм. Нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Б.Энх-Амгалан нээж үг хэлсний дараа шинжээчийн танилцуулга эхэллээ.
МОНГОЛ УЛСЫН НИЙТ НУТАГ ДЭВСГЭРИЙН 4.5 ХУВЬД ХАЙГУУЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН ЛИЦЕНЗ ОЛГОЖЭЭ
Үндэсний геологийн албанаас хийсэн танилцуулгаар Монгол Улсын хэмжээнд 1997-2023 оны хооронд хайгуулын 14,299 тусгай зөвшөөрөл өгсөн бол ашиглалтын 2518 тусгай зөвшөөрөл олгожээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 4.5 хувьд хайгуулын болон ашиглалтын лиценз олгосон байна. Дорноговь, Өмнөговь аймагт ашигт малтмалын хамгийн олон тусгай зөвшөөрөл ногдож байна. Эдгээр аймагт 2004 онд хамгийн олон буюу 2053 ш хайгуулын тусгай зөвшөөрөл өгч байжээ. Таван төрлийн голлох ашигт малтмалаас сүүлийн таван жилд 5, 246.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрчээ. Ашигт малтмалын голлох төрлүүд гэдэгт нүүрс, алт, зэс, цайр, төмрийн хүдэр, жонш зэрэг багтдаг. Улсын төсөвт төвлөрсөн нийт орлогын 60 хувийг нүүрсний олборлолт, борлуулалт эзэлж байна.
Мөн шинжээчийн танилцуулснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтаар нийт 610 тусгай зөвшөөрлийг 351 ААН-д олгожээ. Сонгон шалгаруулалтыг 2022 оноос эхлэн цахимаар явуулж эхэлсэн. Нийт 21 удаагийн шалгаруулалтаар 523 талбайг зарлаж 274 тусгай зөвшөөрөл олгожээ. Эндээс улсын төсөвт 86.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
АШИГЛАЛТЫН ХАМГИЙН ОЛОН ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГ НЬ "МАК", "ГАЦУУРТ" КОМПАНИУД
Хянан шалгах түр хорооны Шинжээч Ашигт малтмалын нийт олгогдсон тусгай зөвшөөрлийн тоо, мэдээллийг эхлээд танилцууллаа. Түүний хэлснээр Монгол Улсад 1992 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд ашигт малтмалын нийт 14,876 зөвшөөрөл олгогдсоноос 12,019 нь хайгуулын, 2,858 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл ажээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэгтгэж үзэхэд Монголын алт "МАК" /19 ш/ , "Гацуурт"/15/, “Бүрдэл майнинг” /13/, “Хүннү говь алтай” /12/ компаниуд ашиглалтын хамгийн олон лиценз эзэмшдэг бол "Цайна инвэстмент монголиа" /12/ , “Говькараван” /9/, “Ланд-Оре”/8/, “Нон феррос майнинг монголиа” /8/ компаниуд хамгийн олон хайгуулын лиценз эзэмшиж байгаа дүн гарчээ.
Хамгийн их талбай бүхий лиценз эзэмшдэг компаниудыг "Цайна инвэстмент монголиа" 168,946 га талбай, Монголын алт "МАК" 83,984 га, “Цагаанөвөлжөө” 79,558 га, “Говькараван” 78,476 га талбайгаар тэргүүлсэн байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн тоогоор ”Оюутолгой” 86 ш, “Азиагоулд монголиа” 68 ш, “Алтан дорнод монгол” 61 ш зөвшөөрөл шилжүүлснээр “манлайлжээ”.
Хуулиараа аль нэг компани хамаарал бүхий байгууллага болон охин компаниараа дамжуулан тусгай зөвшөөрөл эзэмшиж болдог. Энэ дагуу нэг компани хамаарал бүхий хуулийн этгээдүүдээрээ дамжуулж хэдэн лиценз эзэмшиж буй тоог бас гаргажээ. Ингэхэд Монголын алт "МАК" компани өөрт холбоо хамаарал бүхий хараат гурван байгууллагаараа дамжуулж 14 лицензийг эзэмшдэг бөгөөд тус компанитай холбоотой тусгай зөвшөөрлийн нийт 40 лиценз тоологдсон байна. Хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшдэг байгууллагуудыг нэрлэвэл Монголын алт "МАК" компани шууд эзэмшиж буй 26, өөр компаниар дамжуулан эзэмшдэг 14, нийт 40 лицензтэй, мөн лиценз бүхий бусад компани гурав гэсэн тоо гарчээ. “Монголросцветмет” ТӨҮГ шууд эзэмшиж буй 26, нийт 26 лицензтэй, “Эрдэнэсмонгол” компани шууд эзэмшдэг найм, өөр компаниар дамжуулан эзэмшдэг 14, нийт 22 лицензтэй, мөн лиценз бүхий бусад таван компанитай. Гацуурт компани шууд эзэмшдэг 15 лицензтэй. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шууд эзэмшдэг 13 лицензтэй гэсэн тоо гарсан байна.
ХАМГИЙН ОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ Б.НЯМТАЙШИРЫН ГЭР БҮЛИЙНХЭН ЭЗЭМШДЭГ
Дээрх баримтуудаас харахад ашигт малтмалын хамгийн олон тусгай зөвшөөрлийг Б.Нямтайширын гэр бүлийнхэн эзэмшиж байна гэсэн дүгнэлт гарч байгаа юм. “МАК”-д хамааралтай хувьцаа эзэмшигчийн мэдээллээр нэг иргэн хэдэн тусгай зөвшөөрөл эзэмшиж буйг авч үзэхэд Б.Нямтайшир 41, Б.Хулан 40, Н.Номтойбаяр 40, Н.Цэлмүүн 40, Н.Мөнгөншагай 40 ш тусгай зөвшөөрөл эзэмшиж байна гэсэн судалгаа гарчээ. Хамгийн олон тусгай зөвшөөрөл, хувьцаа эзэмшиж байгаа 25 хүнийг жагсаахад ийнхүү эхний таван хүн нь Б.Нямтайширын гэр бүлийнхэн байв. Тэдний араас Ц.Аригус 40 ш, Л.Чинбат 22, Г.Цагаанхүүхэн 17, Ч.Энхтайван, Г.Эрдэнэцогт, А.Ариунаа, А.Бүрэнтогтох, А.Алтанцэцэг, А.Амгалан нар тус бүр 16 ш лицензтэй жагсаж байна. А.Ариунаа, А.Бүрэнтогтох, А.Алтанцэцэг, А.Амгалан нар бүгд Амар гэсэн овогтой байв.
Шинжээчийн танилцуулснаар идэвхтэй байгаа тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй 1,773 хуулийн этгээдийн хувьцааг нийт 2,941 хувь хүн байгууллага ямар нэгэн байдлаар эзэмшиж байгаа бөгөөд түүнээс 2,390 нь Монгол Улсын, 325 нь БНХАУ-ын иргэн ажээ. Идэвхтэй 79 стратегийн ордын зөвшөөрлийн 10 нь хайгуулын лиценз байна. Тэдгээр стратегийн ордыг эзэмшиж байгаа 32 хуулийн этгээдийн хувьцааг 59 хувь хүн, байгууллага эзэмшиж байгаагаас 43 нь Монгол Улсын, тав нь БНХАУ-ын хувь хүн, байгууллага байна гэсэн тоо гарчээ.
Өчигдөр үдээс хойших сонсголоор Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн давхцал, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн гэсэн сэдвээр нотлох баримтыг сонсов.
Ц.ЦЭРЭНПУНЦАГ ГИШҮҮНИЙ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛ БУЮУ "АСПАЙР МАЙНИНГ" КОМПАНИЙН ХУВЬЦАА
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай холбоо бүхий "Аспайр майнинг" компанийн асуудал хөндөгдөв. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхайн зарим хэсгийн тусгай зөвшөөрлийг "Аспайр майнинг" компани авсан бөгөөд өдгөө түүний тусгай зөвшөөрлийг "Хургатайхайрхан" ХХК эзэмшиж байгаа юм байна. Уг зөвшөөрлийн нутаг дэвсгэр Булнайн нурууны өвөр, Тэсийн голын эхийг хамарч буйгаараа байгаль экологид ноцтой хохирол учруулахуйц байгаа билээ. Ингээд Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ дахь олонхын бүлгийг төлөөлж орсон Ц.Цэрэнпунцаг гишүүн "Хургатайхайрхан" ХХК-ийн эцсийн өмчлөгчийн хувьд гэрчийн мэдүүлэг өгөхөөр болов.
Ц.Цэрэнпунцаг гишүүн "Өнөөдрийн сонсголд би Хянан шалгах түр хорооны дарга, гэрчийн байр сууринаас оролцож байна. Хүмүүсийг төөрөлдүүлсэн олон ээдрээтэй, асуудал явдаг учраас олон түмний өмнө тодорхой хариулт өгөх хэрэгтэй гэж үзлээ. "Аспайр майнинг" гэх компани 2007 онд Хөрөнгийн бирж дээр гарсан. Австралийн хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаа нь худалдаалагддаг компани.
Би тус компанийн хувьцааг 2018 оноос 2019 оны арванхоёрдугаар сар хүртэл худалдаж авсан. Өнөөдрийн байдлаар 52.5 хувийг миний бие эзэмшиж байгаа. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт бүх мэдээлэл ил тод бий. Лицензийг нь "Хургатайхайрхан" гэх компани эзэмшдэг. Энэ компани тусгай зөвшөөрлөө авах үед би байгаагүй. 2008 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан.
Би "Аспайр майнинг" компанийн хувьцааг 2018 онд авч эхлэх үед 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчид байсан. Нээлттэй компанийн хувьцааг авдаг шугамын дагуу өнөөдөр Монголын талын эзэмшилтэй болгосон. Би нэг талдаа эх оронч сэтгэл гаргаж энэ компанийн хувьцааг авсан. Өнөөдөр энэ компани ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй" гэлээ.
УСНЫ АЙ САВД ЛИЦЕНЗ ОЛГОСНООС ГОЛ МӨРӨН УСТАХ АЮУЛД УЧРААД БАЙНА
Шинжээчийн дүгнэлтээр Ашигт малтмал газрын тосны газраас олгосон зарим лиценз нь Усны тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчлийг дагуулах болжээ. Гэвч Ашигт малтмалын газрын тосны газрын Хууль эрх зүйн газрын даргын хэлснээр Тусгай зөвшөөрлүүдийг олгохдоо хууль зөрчөөгүй гэнэ. Усны газрын дарга З.Батбаяр уг асуудлаар нээлттэй сонсголд оролцсон юм. Энэ сэдвээр УИХ-ын гишүүд холбогдох хүмүүсээс тайлбар авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрөл олгохдоо Усны тухай хуулийг зөрчөөгүй гэлээ. Гэтэл Усны газар хууль зөрчсөн гэж тайлбарлаж байна. Усны тухай хууль зөрчсөнөөр байгаль орчинд ямар сөрөг үр дагавар үүсэх вэ?
Усны газрын дарга З.Батбаяр: Усны тухай хуулийн 17.2-ийг ярьж байгаад баяртай байна. Харамсалтай нь Ашигт малтмалын газраас хууль зөрчөөгүй гэсэн тайлбар хэлээд байгаа. Улсын хэмжээнд Усны сав газар 29 байдаг. Улаанбаатар хотод 21 сав газар байдаг. Ашигт малтмалын газар нь 2023 онд 223 хайгуулын, 25 ашиглалтын лиценз олгосон хэрнээ ердөө 18-хан саналыг манай 18 сав газраас авсан. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Хэрвээ хууль зөрчөөгүй гэдэг байдлаар хандвал бид шүүхэд хүсэлт тавьж, Үндсэн хуулийн 6,2-т заасны дагуу ус бол төрийн, нийтийн өмч учраас усаа хамгаална. Усны сав газраас санал аваагүйгээс гол мөрөн дээр лиценз олгочихсон, гол мөрнийг устгах аюул учраад байна. Сүүлдээ бүр түр урсацтай юм чинь энэ гол биш ээ гэдэг яриаг хүртэл гаргаж байна.
Би сая Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаад ирлээ. Хуурай жалга ч байсан гол гэж үзэж хамгаалалтад авна гэдэг байр суурь барьж байгаа шүү. Монгол Улсын нутаг дэвсэрийн зургаахан хувийг эзэлж байгаа усны урсац бүрэлдэх эх, нийт 193 мянган км урттай гол горхи булаг шанд дээр хайгуулын болон олборлолтын лиценз олгохгүй гэдэг байр суурь тавиад 12 жилийн өмнө УИХ-аас хуульчлан баталгаажуулсан. Гэтэл төрийн байгууллага хэрэгжүүлэхгүй байгаа. Эцсийн дүндээ Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас олгосон лицензээс болж гол горхи булаг шанд, усны эх өртөж байна. Монгол Улсад 7000 гаруй гол горхи, 4000 гаруй нуур цөөрөм бий. Гэтэл лицензийн талбай маань хэр хэмжээтэй байгаа билээ гэдгээ бодчихоорой. Газрын доорх усны тогтоогдоод байгаа нөөцүүд дээр лиценз олгохгүй байх ёстой. Бүрэн бус мэдээллээр 700 гаруй гол горхи уул уурхайн үйл ажиллагаанаас болж хатаж ширгэсэн мэдээлэл бий. Нөхөн сэргээлтийг үр дүнтэй сайн хийгээд хамгаалах үйл ажиллагаа хийвэл сэргэх боломжтой. Цаашдаа алтны шороон ордын лиценз олголтод анхаарах ёстой.
Ашигт малтмал газрын тосны газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Энхтулга: Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын лиценз олгохдоо сонгон шалгаруулалтын талбайг Засгийн газрын хуралдаанаар батлуулдаг. Холбогдох төв захиргааны байгууллагаас санал авдаг. Үүнд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ч санал өгдөг. Санал өгөхдөө Урт нэртэй хууль болон бусад хууль тогтоомжтой зөрчилдсөн талбай дээр тусгай зөвшөөрөл олгохгүй гэдэг санал өгдөг. Энэ тохиолдолд солбилцолд өөрчлөлт оруулж, тухайн талбайнуудыг солбилцлоос хасч, дэмжигдсэн талбайд тусгай зөвшөөрөл олгодог учраас БОАЖЯнаас санал авдаг гэв.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТАЛБАЙД ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙХ МАГАДЛАЛТАЙ
"Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа" сэдвийн хүрээнд Хянан шалгах түр хорооны Шинжээч танилцуулга хийв.
Тэрбээр хэлэхдээ "Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцож удаа дараа өндөр үнийн санал өгч шалгачихаад зөрүү төлбөр төлөхгүй, тусгай зөвшөөрөл авахгүй орхиж, тухайн талбайн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон жишээ байдаг. Улсын байцаагчийн мэдээллээс үзэхэд сонгон шалгаруулалтын тухайн талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож байх магадлалтай байна" гэлээ.
Сонсголын үеэр УИХ-ын гишүүд холбогдох албаны хүмүүст асуулт тавьж, хариулт авсан юм.
Сонсгол удирдагч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Сонгон шалгаруулалтад орохдоо компаниуд 21 тэрбум, 16 тэрбум гэж өндөр үнэ зарлачихаад хайгуул хийх талбайгаа авалгүй хаяад явдаг тохиолдол олон байна. Хаяад яваад байгаа талбайн дор юу байна вэ. Алт юм уу, нүүрс юм уу. Хоосон зүйл дээр 16, 21 тэрбумын дэнчин тавихгүй л байх. Хэрэв сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд зөрүү төлбөр төлсөн ч тусгай зөвшөөрөл аваагүй тохиолдолд дараагийн компанид тусгай зөвшөөрлийг шилжүүлэх боломжтой юу. Энд ямар зохицуулалт үйлчилдэг вэ?
Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Х.Санчигдорж: Засгийн газрын тогтоолоор сонгон шалгаруулалтын талбайг баталдаг. Түүнээс Үндэсний геологийн алба талбайн сонголтуудыг хийж мэдээлэл гаргаж яаманд өгч хянуулдаг. Тэндээс Ашигт малтмал, газрын тосны газар дээр сонгон шалгаруулалт зарладаг. Журамд хамгийн өндөр оноо буюу 70 оноо авсан компани 20 тэрбум, 16 тэрбумыг санал болгосноор бусдаас тасарч гарч ирээд сонгон шалгаруулалтад ялдаг нөхцөл байдал бий. Ихэнх нь Баянхонгор аймгийн нутагт байгаа алтны талбай дээр байдаг. Сонгон шалгаруулалтаар хоёрт орсон компанид тусгай зөвшөөрлийг шилжүүлэх боломж байхгүй. Давтан үйлдэлтэй ААН өндөр үнийн саналаар сонгон шалгаруулалтад шалгарчихаад үнээ төлөхгүй, талбайгаа авахгүй бол хариуцлага тооцох асуудлаар одоо үйлчилж буй журамд өөрчлөлт оруулахаар яамны сайтад мэдээлэл тавьсан.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Сонгон шалгаруулалтын комисст хэн орж ажилладаг вэ. Ямар шалгуур шаардлага хангасан компанийг сонгон шалгаруулах ёстой вэ?
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл: Сонгон шалгаруулалтын журмыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам батлахаар зохицуулсан байдаг. 2015 оноос эхлээд энэ журмыг хэрэгжүүлж эхэлсэн. 2022 оны арванхоёрдугаар сард сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах гэсэн агуулгаар уг журамд өөрчлөлт оруулсан. 2023 оны арванхоёрдугаар сарын 1-нд одоогийн ажиллаж байгаа сонгон шалгаруулалтын гурван комиссыг томилсон байдаг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар комиссыг томилдог. Одоо гурван комисс ажиллаж байна. Нэгдүгээрт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга н.Батмагнайн тэргүүлсэн ажлын хэсэг, Хоёрт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Х.Санчигдоржоор ахлуулсан ажлын хэсэг. Гурав дахь ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын Геологийн судалгааны төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Дэлгэрсайхан ахалж байна.
Сонсгол удирдагч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Ямар нь дэнчин тавьчихаад талбайгаа авахгүй явдаг юм бэ. Энэ тохиолдол маш олон давтагдсан байна, татвараас зугтаах гэдэг юм уу. Хууль бусаар олборлолт хийж, ашиг олох зорилгоор хуулийн цоорхой ашиглаад байдаг юм биш үү. Шалгаж, шалтгаан нөхцөл нь юу болохыг судалсан зүйл байна уу?
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны улсын ерөнхий байцаагч С.Мөнхдөл: 25 тэрбумд дуудлага өгөөд талбайгаа орхиод явсан газарт биечлэн шалгалт хийсэн. Тухайн талбай нь сумын төвөөсөө 3-4 км зайтай. Судал олох зорилгоор таван налуу ухсан байсан. Зорилго нь таны хэлдэг шиг хугацаа хожиж хууль бусаар олборлолт хийж, ашиг олох зорилготой байж болзошгүй учраас яаманд танилцуулга хийж нотлох баримтуудыг 2024 оны дөрөвдүгээр сарын 11-нд Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд өгч, шалгаж өгөхийг хүссэн. Орон нутгийн нөлөө, тэр дундаа Засаг даргын нөлөө зайлшгүй байгаа гэж хардаж байгаа учраас хуулийн байгууллагад өгсөн гэв.
Шалгалтын хугацаанд нийт 53 байгууллагаас мэдээлэл гаргуулахаар хүсэлт явуулснаас 41 нь мэдээлэл ирүүлсэн, 12 нь огт ирүүлээгүй, нэр бүхий есөн байгууллага мэдээллээ дутуу ирүүлсэн байна. Тэдний нэг нь АМХЭГ-тай холбоо хамааралтай этгээдийн нэрийг ирүүлэхдээ зөвхөн овгийн эхний үсгийг нэртэй нь ирүүлсэн, РД байхгүй учраас цахим дээрээс шүүж болохгүй байна гэсэн яриа сонсголын үеэр дуулдаж байлаа.
Нээлттэй сонсгол өнөөдөр буюу тавдугаар сарын 30-нд үргэлжлэх бөгөөд хоёр дахь өдрийн сонсголоор Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд хоёр багц асуудал; Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа сэдвийн хүрээнд мөн хоёр багц асуудал; Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшил сэдвээр нотлох баримтуудыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм.
Сэтгэгдэл ( 4 )
Цагаан Шонхорын Энртайван, Гүндалайгийн дүү нар гээд өараг эрүүгтын элементүүд олон тооны лицензтэй байдгийг яагаад ярихгүй байгаан?
Хөөэ!Наад лицэнз гэдгийг чинь Монгол хүн эзэмшиж болдоггүй эд үү?.Тийм бол лицэнз олгохдоо зөвхөн гадаадын иргэдэд олгоно гээд заачихаач.Гадаадынхан та нарыг тэжээх үү?,бүүр зэвүү дургүй 2 зэрэг хүргэчихлээ ,новшнууд чинь.Та нар гадны мэдэлд байгаа Дачин тамсагийн газрын тос,Оюу толгойн зэс,Бороогийн алтаа эргэцүүлж бод!Оросууд Эрдэнэтийн зэсийг 20 жил үнэгүй зөөснийг мэдэх үү, яацарсан эргүүнүүд вэ
нээх гоё шоколад хуввах шиг тус бүр 16 16 лицэнзтэй А овогтонгууд хаха цуцлаачээ 1 гэр бүлд 30 40 50 60 аар олгосноо Ч.Энхтайванд 20 оод жилиин өмнө 150 лицэнз гэж сонсогдсон
Газар доорх баялаг бүх нийтийн өмч гэж үндсэн хуулиндаа заасан биз дээ\n