“ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР УЛС ТӨР ХИЙГЭЭГҮЙ”
УИХ-ын 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах хоёр өдрийн нээлттэй сонсгол өчигдөр буюу тавдугаар сарын 30-нд өндөрлөв. Өчигдрийн сонсголоор Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд хоёр багц асуудлыг хэлэлцлээ. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ дахь олонхын бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, цөөнхийн бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд нар ажиллаж, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан удирдан явуулсан юм. Өчигдрийн нээлттэй сонсголд нийт 114 гэрчийг дуудсан байв.
“Аймаг, нийслэлийн Засаг дарга нараас олгож байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал, Бичил уурхайн асуудлууд” зэрэг сэдвээр хамаарлын судалгаа, дүгнэлтийг сонсож асуулт асууж, хариулт авахаар 30 гэрчийг дууджээ.
“Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, төлөх, хянах, хураах, үйл ажиллагаа, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн эрх зүйн зохицуулалт (гэрээний болон жишиг үнэ) сэдвээр судалгаа, дүгнэлт танилцуулах сэдвийн хүрээнд 22 гэрчийг дуудсан. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшил” сэдвийн хүрээнд Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшилтэй холбоотой асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах сэдвээр 62 гэрчийг дуудсан байв.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан сонсголын эхэнд хэлэхдээ “Гэрч сонсголд ирэхээс зориуд зайлсхийсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол хуулийн хариуцлага хүлээнэ. Мөн гэрч зориуд худал мэдээлэл өгсөн бол Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээнэ. Бид энд улс төр хийж, хэн нэгнийг харлуулж, гэм буруутайг шүүх гээгүй. Шинжээч нарын гаргаж ирсэн нотлох баримтын хүрээнд асуудлыг ярьж байгаа.
Өмнөх өдрийн сонсголын үеэр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн давхацлын тухайн нотлох баримтыг шинжлэн судлах үеэр тухайн үед Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Одсэрийг гэрчээр дуудсан. Л.Одсэр "Би тэр үед ажиллаагүй" гэдэг мэдээлэл өгсөн. Бид шинжээч нараас нотлох баримтыг цуглуулж авахад Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үед 158 дугаар тушаалаар тус аймгийн Засаг даргаар томилогдож, 2016 оны долдугаар сарын 8-ны өдрийн 01 дугаартай тушаалаар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын үед чөлөөлөгдсөн хүн байна лээ. Энэ хугацаанд ажлаа хийж, 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газар дээр давхцуулан зөвшөөрөл олгосон асуудлаар бид түүнийг гэрчээр дуудсан. Гэтэл тэр хүн энэ асуудлыг мэдэхгүй гэсэн. Ийм юм байхгүй шүү. Тухайн үед аймгийн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхтамир тэр өдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гадаадын компанид олгосон гэсэн. Бид энэ асуудлаар дуудсан болохоос зориуд улс төр хийгээгүй гэдгийг онцолъё” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хэлэхдээ “Ирж чадахгүй гэрч нь төлөөлөгчөө явуулж байгаа. Зарим нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж байна. Урьд нь 2014-2017 онд АМГТГ-ын даргаар ажиллаж байсан Д.Үүрийнтуяаг гэрчээр дуудсан ч сонсголд оролцоогүй. Энэ хүн сонсголд оролцсон бол олон нийт тодорхой мэдээлэл авах боломжтой байсан. Гэтэл өөрөө ирэхгүй байж олон нийтийн сүлжээнд сургаал айлдаад яваад байх юм” хэмээж байв.
Б.НЯМТАЙШИР: "НАРИЙН СУХАЙТ"-ЫН ОРД ГАЗРЫН НӨӨЦИЙГ ТОГТООХОД гаргасан МӨНГИЙГ БИД 100 ХУВЬ ТӨЛСӨН
"Стратегийн ач холбогдол бүхий ордуудын ашиглалт, эзэмшилт" сэдвээр нийт 16 орд эзэмшигч, 41 аж ахуйн нэгж байгууллагыг гэрчээр дуудсанаас 32 аж ахуйн нэгж байгууллагын 38 гэрч сонсголд оролцов. Тэдний дунд "Хүрэн Толгой Коал Майнинг" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Нямтайшир, Эрдэнэт үйлдвэрийн захирал Г.Ёндон, Эрдэнэс-Тавантолгой компанийн Дотоод хяналт, Эрсдлийн Удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргал, тус компанийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Оюунтуяа, Уул уурхай, Технологийн газрын дарга Ч.Алтанбагана, Гэрээ хэлцлийн хэлтсийн дарга Э.Уянга нар байв.
Энэ үеэр сонсголыг даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гэрч Б.Нямтайшираас тодруулга авлаа.Тэрбээр "Нарийн сухайт", "Цагаан суварга" ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг танайх эзэмшдэг. Эдгээр орд нь стратегийн ач холбогдол бүхий ордууд тул Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тодорхой хувийг төр эзэмших зохицуулалттай. "Чинхуа Мак Нарийн Сухайт ХХК"-тай тогтвортой байдлын гэрээтэй байсан. Гэрээний хугацаа дууссан. Одоо эдгээр ордуудад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, төрийн эзэмшлийн хувь тохирох талаар хэлэлцээр хийх ёстой. Энэ талаар танай компанийн байр суурийг тодруулъя" гэлээ.
"Хүрэн Толгой Коал Майнинг" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Нямтайшир үүнд хариулахдаа ""Нарийн сухайт", "Хүрэн Толгой" компани одоо ч үйл ажиллагаа явуулж байна. Анх улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуулын ажил гүйцэтгэсэн. Тухайн үед улсын төсвөөс нийт 82,457 ам.доллар гаргасан. Энэ зардлыг бид 100 хувь төлсөн. Үүнээс гадна 2008-2013 оны хооронд манайх хайгуулын ажил хийж, нийт 12.1 тэрбум төгрөгийг зарцуулсан.
Өнөөдрийн байдлаар "Хүрэн Толгой" компани 28 сая тонн нөөцөөс ашиглаж эхлээд 11 сая орчим тонн нөөцийн үлдэгдэлтэй байна. Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоёр жилийн дараа нөөц нь бүрэн дуусч хаагдана. "Нарийн сухайт"-ын хувьд нэг л хайгуулын лицензтэй байсан. Үе шаттайгаар хайгуулын ажил хийсний үр дүнд одоогоор таван лицензтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ тал дээр тусгайлсан хуулийн этгээд байхгүй, "Монголын Алт" группийн бүрэлдэхүүнд хөрөнгө оруулалт хийж, нүүрсний экспортын үйл ажиллагаа явуулж байна. Энэ асуудал дээр бидэнд нэг жилийн хугацаа өгсөн. Манай хуульчид энэ тал дээр ажиллаж байна" гэлээ.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХУУЛЬ ЗӨРЧИЖ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН УУ?
Аймаг, нийслэлийн Засаг дарга нараас олгож байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо АМГТГ-ын дүгнэлтээр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй буюу улсын нөөцөд авсан, хориглосон, мөн бусад тусгай хамгаалалттай газартай давхацсан гэх үндэслэлээр дүгнэлт гаргах боломжгүй нутаг дэвсгэрт 12 тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн талаар нээлттэй сонсгол дээр яригдлаа. Өвөрхангай аймгийн Засаг дарга таван удаа, Өмнөговь аймгийн Засаг дарга гурван удаа, Дорноговь, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт тус бүр нэг удаа хууль зөрчсөн тохиолдол илэрсэн байна. Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг Ихбулаг, Бэрх хэмээх газарт хууль зөрчиж зөвшөөрөл олгосон тухай нотлох баримтыг шинжээч харууллаа. Өмнөговийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Ханан гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг "Ханбогд өлзийт" ХХК-д өгөх боломжгүй. Учир нь уг нутаг дэвсгэр улсын нөөцөд авсан талбайтай бүхэлдээ давхацсан байна гэсэн дүгнэлтийг Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржид гаргаж өгч байжээ. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул ашиглалтын нийт 489 тусгай зөвшөөрөл дээр Үндэсний геологийн албанаас хяналт шалгалт хийж, өөр төрлийн ашигт малтмалын илэрц байгаа эсэхийг тодруулсан байна. Ингэхэд 11 тохиолдолд чулуун нүүрс, зэс, шохойн чулуу, алт, хайлуур жонш, бал чулууны төрлийн илэрц байгааг тогтоож байжээ. Эдгээр газрын геологийн хил заагт түгээмэл тархацтай ашигт малтмал хайхад өөр төрлийн ашигт малтмал давхар илэрч байсан ажээ.
“САНААТАЙ САНАМСАРГҮЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖ, ТЭНДЭЭ ХУУЛЬ БУСААР ОЛБОРЛОЛТ ХИЙДЭГ”
Дээрх асуудлаар сонсгол дээр асуулт хариулт үргэлжиллээ. Маргаантай асуудлын талаар салбарын яамд, орон нутгийн төлөөлөл дараах хариултыг өгч байв.
УУХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Л.Мөнхдөл: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаснаар салбар яамдуудад чиглэл чиглэлээрээ тарсан. Мэдээллийн нэгдсэн сан байхгүйгээс байгууллага болгон тус тусдаа явж, дүгнэлтүүд зөрчилддөг тохиолдлууд байдаг. Түгээмэл ашигт малтмалын зөвшөөрөл авчихаад ашигт малтмал олборлож байгаа компаниуд ч байна. Бид тухай бүрд нь шалгаад хуулийн байгууллагад хандаад явж байгаа.
Дундговь аймгийн ЗДТГ-ын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч н.Цэрэндорж: Манайд түгээмэл тархацтай ашигт малтмалын 53 тусгай зөвшөөрөл байдаг. Ашиглалтын нэг тусгай зөвшөөрөлтэй. Өнгөрсөн 2019-2020 онд хайгуулын нийт 28 тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Үүн дээр 2021-2024 онд 12 нэмэгдээд нийт 53 тусгай зөвшөөрөлтэй. Эдгээрээс түгээмэл ашигт малтмалын хоёр зөвшөөрөл дээр хууль бусаар жонш олборлосон тусгай зөвшөөрөл гарч, аймгийн Экологийн цагдаагийн мөрдөгч зөрчил дээр Эрүүгийн хуулийн дагуу арга хэмжээ авч, хоёр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг цуцалсан. Нэг нь талбайгаа буцаах өргөдөл өгсөн бол нэг аж ахуйн нэгж хуулийн хугацаа нь дуусч, одоо дөрвөн тусгай зөвшөөрөл бий.
Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцуулж олгодог асуудлаар АМГТГ руу хүсэлт явуулахад давхцал байхгүй гэсэн хариу дүгнэлт ирдэг. Манай аймгийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй.
Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын газрын дарга Я.Мөрөн: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11, 12 дугаар зүйлийн дагуу иргэн болон аж ахуйн нэгж хүсэлтээ аймагт гаргаж өгнө. Тэр нь АМГТГ-ын кадастрын бүртгэлийн системд шивэгдсэний дараа дүгнэлт ирдэг. Манай аймагт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 45, ашиглалтын найман тусгай зөвшөөрөл бий. Аймгийн Засаг даргын захирамж гаргаж, зөрчил гаргавал таслан зогсоох арга хэмжээ авсан шийдвэрийг гаргаад явж байгаа.
АМГТГ-ын Кадастрын албаны дарга н.Батмагнай: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд дүгнэлт гаргах чиг үүрэг нь АМГТГ-т байдаг. Шинжээчийн дүгнэлтэд гарсан Сэлэнгэ аймгийн нутагт голын дагуу олгосон тусгай зөвшөөрөл бол хууль зөрчсөн түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл. Хуульд зааснаар хяналт шалгалтыг аймаг, нийслэлийн Засаг дарга хянадаг.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Та нар ингээд бие бие рүүгээ чихээд өнгөрдөг. Нэг нь орон нутаг руу, нөгөөх нь АМГТГ руугаа чихдэг. Цаашид хуулийг нь өөрчлөхгүй бол болохгүй болсон. Санаатай санамсаргүй тусгай зөвшөөрөл олгож, тэндээ хууль бусаар олборлолт хийж, улсад татвар төлдөггүй, нөхөн сэргээлт хийдэггүй. Энэ асуудлыг анхааралдаа авч, тэмдэглэж үлдээгээрэй. Шинэ хуульд энэ асуудлыг бүрэн тусгах хэрэгтэй. Эзэн биегүй, хариуцлагагүй байдлыг бүрэн цэгцлэхийн тулд үүнийг ярьж байна. Сумын дарга нараас асуухаар хариулт нь ойлгомжтой. Холбогдох байгууллага, яамдууд бүгд анхаараарай гэв.
2023 ОНЫ БАЙДЛААР НИЙТ ЭКСПОРТЛОГЧДЫН 14.3 ХУВЬ НЬ ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ИЛГЭЭГЭЭГҮЙ
Хянан шалгах түр хорооны Шинжээч ашигт малтмал экспортолсон боловч тайлагнаагүй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг танилцууллаа.
Шинжээчийн танилцуулснаар 2023 оны байдлаар нийт экспортлогчдын 14.3 хувь нь татварын тайлангаа илгээгээгүй гэсэн судалгаа гарсан. 2022 онд тусгай зөвшөөрөлтэй есөн аж ахуйн нэгж 57 мянган тонн, тусгай зөвшөөрөлгүй 12 аж ахуйн нэгж 151 мянган тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолсон боловч тайлагнаагүй байна. Тайлагнаагүй нийт аж нэгжийн дийлэнх хувь нь жонш экспортлогчид байв. Тэгвэл 2023 онд тусгай зөвшөөрөлтэй 14 аж ахуйн нэгж 79 мянган тонн, тусгай зөвшөөрөлгүй 20 аж ахуйн нэгж 243 мянган тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолсон боловч тайлагнаагүй. 2022, 2023 онд ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолсон боловч тайлагнаагүй аж ахуйн нэгжүүд дундаас зөвхөн жоншны салбарыг авч үзэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулалтын судалгааг тооцсон. 2022 онд 5.7 тэрбум төгрөг, 2023 онд 3.1 тэрбум төгрөгийн АМНАТ тайлагнаагүй буюу төсөвт төлөөгүй байна. Ингээд 2022 онд болон он дараалан экспорт хийсэн боловч тайлагнаагүй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг танилцуулав.
Үүнд, "Баялагжонш" ХХК нь 2018-2023 онд нийт 129.3 мянган тонн экспортолсон боловч татварын албанд тайлагнаагүй. Татварын алба тус компанийг хяналт шалгалтад хамруулж 8.9 тэрбум төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьсан боловч төлөөгүй. Тус компанийн эцсийн эзэмшигч иргэн П.Хурцбилэгт нь хоёр аж ахуйн нэгж эзэмшдэг бөгөөд "Ди Жи Ти энд Эм" ХХК нь 2018-2023 оны хооронд тасралтгүй экспорт хийсэн ч тайлагнаагүй. "Шаширтрэйд" ХХК нь 2019-2023 онд нийт 74.4 мянган тонн жонш экспортолсон боловч дутуу тайлагнасан. Одоогоор 5.2 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй. Дүүбэнхаус ХХК нь тусгай зөвшөөрөлгүй 2021-2023 онд 91.1 мянган тонн нүүрс экспортолсон боловч тайлагнаагүй. “Хайрхантоб” ХХК нь 2018-2023 онд нийт 62.4 мянган тонн төмөр экспортолсон боловч тайлагнаагүй. Татварын хяналт шалгалтад ороогүй бөгөөд 996.7 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна" гэлээ.
“УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГА ДАРААГИЙН УИХ, ЗАСГИЙН ГАЗАРТ ҮҮСЭЭД БАЙНА”
Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн нээлттэй сонсгол өндөрлөж сонсголыг удирдсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хааж үг хэллээ. Тэрбээр “Хоёр өдөр үргэлжилсэн сонсгол өндөрлөж байна. Энэ сонсголыг зохион байгуулахдаа бид хэн нэгнийг буруутгах гээгүй. Гэм буруутай нь шүүхээр нотлогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг барьж ажилласан гэдгийг хэлье. Энд ирж гэрчийн мэдүүлэг, тайлбар өгөөд сууж байгаа хүмүүс бол буруутан биш шүү. Хувийн хэвшил, төрийн байгууллагын аль аль талын мэдээллийг тэгш сонссон. Хаана асуудал байна гэдгийг олж харах гэж бид ажилласан. Хэн нэгнийг буруутгаж, улс төр хийх гэсэн, сонгууль угтсан популизм явуулах гэсэн, гавьяатан болж харагдах гэсэн тийм зүйлийг бид хийгээгүй шүү.
Газар, түүний хэвлийг ашиглахаар олгосон зөвшөөрлийн байдал, төлбөрийн асуудал, татвар ногдуулсан, татвар хураахтай холбоотой асуудал зэрэг таван сэдэв, 10 асуудлын хүрээнд хоёр өдөр сонсож, хянан шалгагч, шинжээч нарын ирүүлсэн мэдээлэл, нотлох баримтад тулгуурлан ярилцлаа. Сонсголд оролцох хүмүүсийн 70.6 хувь нь ирж оролцлоо.
Энэ нь сонсголын үр дүнг нэмлээ. Сонсголын үеэр Усны тухай хууль зөрчсөн тухай, лиценз олголт, лиценз шилжилтийн асуудал, ашиглалт явуулдаггүй, дээрээс нь уул уурхайн ордгүй хэрнээ ашигт малтмалын экспорт явуулж байгаа асуудал, газрын давхцалын асуудал, суурьшлын бүсэд газар олгосон, эсвэл ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон газар дээр суурьшлын бүс бий болгочихсон, орон нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалд зөвшөөрөл олгож байгаа нэрээр хууль бусаар ашигт малтмал олборлодог зэрэг олон асуудлыг тойрч ярилаа.
Цаашдаа эдгээр асуудалд Засгийн газар, төрийн байгууллагууд анхаарч, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулж, хамтран ажиллах хэрэгтэй. Уул уурхайн салбарт маш олон бугшсан асуудал байна гэдэг нь энэ сонсголоор ил боллоо. Уул уурхайн салбарын хуульд 400 гаруй удаа өөрчлөлт орсон. Ингэсэн хэрнээ Уул уурхайн салбарын асуудалд зохицуулалт хийж чадахгүй байна. Энэ бүхнийг нийтэд ил болгож авлаа.
Сонсголоор сонссон нотлох баримтуудын заримыг цаашид хууль хяналтын байгууллагад шилжүүлэх болно. Шаардсан баримтуудыг гаргаж өгөхдөө зарим байгууллага хойрго хандсан. Огт ирүүлээгүй тохиолдол ч гарсан. Энэ байдал цаашаа үргэлжлэх ёсгүй. Шалгалтын хугацаанд 55 байгууллагаас нотлох баримт гаргуулахаар хандсан бөгөөд хариу ирүүлсэн 41, огт ирүүлээгүй буюу хугацаа хожимдуулсан 11 байгууллага, материалаа дутуу ирүүлсэн есөн байгууллага байна. Сонсголын дараа ажлын хэсэг хуралдахдаа эдгээр байгууллагад зохих хариуцлага тооцуулах тухай ярина.
Хууль эрх зүйн орчин хангалтгүй, боловсронгуй бус байгаагаас үүдсэн үйлдлүүд гарч буй нь сонсголын үед яригдлаа. Үүнтэй холбогдуулж холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, сайжруулах шаардлага дараагийн УИХ, Засгийн газарт үүсэж байна” гээд асуудал хариуцсан төрийн албан хаагчдын үйл ажиллагааны уялдаа сул, хариуцлагагүй, хууль зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарсанд УИХ, Засгийн газар, холбогдох төрийн байгууллагууд дүгнэлт хийж эрх хэмжээнийхээ хүрээнд яаралтай засаж залруулах шаардлагатай гэлээ.
“НЭР ДЭВШИХ ХҮМҮҮСИЙН НЭР ТӨРД ХАРШЛАХ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЭХ УЧРААС ХҮНИЙ НЭР ДУРДААГҮЙ”
Б.Энх-Амгалан гишүүн цааш нь “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, монгол хүн бүр баялагтаа эзэн болох, эвдэгдсэн газар нутгаа нөхөн сэргээх, боловсруулах үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулах, иргэдээ орлоготой, ажилтай болгох, авлига, ашиг сонирхлын гэмт хэргийг таслан зогсоох, төрийн хяналт шалгалтыг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатайг УИХ-аас хийсэн тусгай шалгалтуудын үр дүн гэрчилж байна. Энэ бол эхний удаагийнх болохоос биш эцсийн сонсгол биш. Дараагийн УИХ үүн дээр нарийн ажиллах шаардлагатай. Сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэр төрд халдах харшлах нөхцөл байдал үүснэ гэдэг үндэслэлээр СЕХ зөвшөөрөөгүй учраас энд хүмүүсийн нэр дурдаагүй. Тийм учраас зөвхөн хамаарал бүхий компаниудыг гаргаж ирсэн, цаана байгаа хүмүүсийг дараагийн УИХ нарийн шалгах байх гэж найдаж байгаа” гэдгийг мөн онцлов. Энэ сонсголыг зохион байгуулахаар санаачилж улс төрийн манлайлал үзүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, идэвх санаачлагатай ажилласан УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа, Т.Доржханд нар, богино хугацаанд шуурхай ажилласан шинжээч мэргэжилтнүүдэд сонсголыг удирдан явуулсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан талархал илэрхийлснээр сонсгол өндөрлөв.
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00