Д.Амарбаясгалангийн удирдах АМАРГҮЙ ПАРЛАМЕНТ

2024 оны 07 сарын 04

УИХ-ын ес дэх удаагийн сонгууль амжилттай болж, УИХ-ын анхдугаар чуулган богино хугацаанд зарлагдаж, шинэ парламент ажилдаа орлоо. Анхдугаар чуулганы нээлтэд шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд дор бүртээ гоёлоо зүйж ирсэн байлаа. Эрэгтэй гишүүдээс С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын дээл хувцас онцгой байсан бол эмэгтэй гишүүдээс Б.Батцэцэг, М.Нарантуяа нарынх онцгойрч байлаа. Ер нь эрэгтэйчүүд костьюмаар ижилсэж, эмэгтэйчүүд үндэсний дээл болон чөлөөт хувцасаар солонгоров. Гэхдээ эмэгтэйчүүдийн ихэнх нь хөх, цэнхэр өнгийн дээлээр ижилссэн байлаа. Уг нь казах үндэстнээс УИХ-д таван гишүүн сонгогдсон ч нэг нь ч үндэсний хувцасаараа гангарсангүй. Харин буриад хувцасаа өмссөн ганцхан гишүүн содон харагдсан юм.

За тэр, дээл хувцас ч яахав. УИХ-ын анхдугаар хуралдааныг хуульд заасны дагуу хамгийн ахмад гишүүн Д.Рэгдэл даргалж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг индэрт урилаа.

Тэрбээр хэлсэн үгэндээ “УИХ-ийн ес дэх удаагийн сонгуульд манай ард иргэд ардчилсан Монгол орныхоо бүрэн эрхт эзэн нь байж, урьд өмнөхөөсөө илүү өргөн оролцоотойгоор сонгох, сонгогдох эрхээ эдэллээ. Төрт ёсны аугаа түүхтэй, Азийн цээжин дэх ардчилсан Монгол Улсын төрийн сонгууль хуулийн хүрээнд, ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг ханган амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч үзэл санаа, үйл хэрэгтээ ямагт баримталж, цаг ямагт сэтгэлээ чилээдэг улс үндэстний оршин тогтнохуйн тулгуур гурван үнэт зүйл байдаг. Энэ бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, манай ард түмний эв нэгдэл юм. Эрхэм төрийн түшээд Та бүхэн ч бас энэхүү гурван үнэт зүйлийг төрийн үйл хэргийг шийдэхдээ ямагт санаж, эрхэмлэн дээдэлж, чандлан баримталж, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах учиртай” гэв.
 


 

Дараа нь Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Б.Дэлгэрнаран УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнг танилцуулж, сонгогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулж өгөхийг УИХ-аас хүслээ. УИХ-ын гишүүнээр сонгогдсон эрхэмүүд нэг бүрчлэн тангарагаа уншиж, Тангарагын бичигт гарын үсэг зурж дууссанаар бүрэн эрх нь баталгаажсан тухай УИХ-ын тогтоол батлагдсан. Шинээр сонгогдсон гишүүд Төрийн сүлд, Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарт мэхийн ёсолж, хүндэтгэлээ илэрхийллээ. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга, Н.Номтойбаяр, Б.Батбаатар нар Ерөнхийлөгчид ёсолж мэндчилсэнгүй.

УИХ-ын даргыг сонгох тухай тогтоолын төсөл батлахад УИХ-ын гишүүн Х.Баттулга, Н.Номтойбаяр нарын гишүүн татгалзсан санал өглөө. Уг нь энэ санал хураалт нууцаар явах байтал техникийн саатлын улмаас ил явуулсан нь зарим гишүүний хувьд сэжигтэй санагдсан бололтой. Магадгүй нууцаар санал хураалт явуулсан бол үүнээс ч олон гишүүн татгалзсан санал өгч, цаашид УИХ-ын даргын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн эмээснээс болсон байж магадгүй. Тогтоол батлагдахад тэд мөн л алга ташсангүй.

УИХ-ын даргаар томилогдсон Д.Амарбаясгаланд тамга гардуулснаар тэрбээр төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах ажилдаа орлоо.

Тэрбээр УИХ-ын индэрээс анхны үгээ хэлэхдээ “УИХ бол иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэгч, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болохын хувьд гүйцэтгэх засаглалд шаардлага тавьж, хариуцлага асуух эрхтэй Үндсэн хуулийн байгууллага мөн. Иймд УИХ-ын гишүүд та бид өөрсдөө ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ёс зүйн манлайлал үзүүлэх ёстой. Энэ бол парламентын ардчилалд итгэх гол нөхцөл мөн. Нөгөөтэйгүүр, төрийн аюулгүй байдлыг хангах шат дараалсан арга хэмжээг авч, иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй. Тиймээс УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм болон хөрөнгө орлогын мэдүүлгийг илүү боловсронгуй болгож, авлигын эсрэг хатуу тэмцэл өрнүүлж, хууль тогтоомжийг илүү сайжруулах, УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлага, ажлын үр дүнг олон нийтэд нээлттэй, илүү ойлгомжтой болгоход анхаарч ажиллах болно” гэж үндсэн зорилгоо тодорхойллоо.
 


УИХ-ын бүтэцийн байгууллагыг хэрхэн сонгох,  Засгийн газраа яаж байгуулахаас ирэх дөрвөн жилийн хүлээлт тодорхойлогдоно. МАН-ын хувьд анхнаасаа саналаа багцалчихсан, хэнийг хаана томилохоо тохирчихсон байгаа. Харин АН-ын хувьд хэцүү. Зарим нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар УИХ-ын дэд даргад АН-аас Б.Пүрэвдорж, АН-ын бүлгийн даргад Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын нэр сонсогдож байна.  Хажуугаар нь МАН-аас тавьсан Хамтарсан Засгийн газар байгуулах тухай саналд ямар хариулт өгөх тал дээр нэгдсэн шийдэлд хүрээгүй байгаа. Б.Пүрэвдоржийн хувьд энэ тал дээр эсрэг саналтай байгаа. Х.Баттулгын хувьд Засгийн газарт орж ажиллах маш их хүсэлтэй байгаа. Ингэж байж л МАН, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд руу ойртож очоод өмнөх өшөө хорслоо тайлж, зуултаа чангаруулахыг хүсч байгаа. Харин энэ дунд АН-ын дарга Л.Гантөмөрийн хувьд Л.Оюун-Эрдэнэд амласан Хамтарсан Засгийн газарт орох шийдвэрээ яаж ийж байгаад намын гишүүдээр батлуулж, Шадар сайд болохыг хүсч байгаа. Тэглээ ч тэр Шадар сайдын суудлыг нь Х.Баттулга булаацалдахгүй гэх баталгаа байхгүй. Ийм олон хайчин дунд АН-ынхан тарчилж, арга эвээ олох гэж ядаж байна.

Хэрэв АН-ын зүгээс Засгийн газарт орж ажиллах шийдвэр баталгаажвал Л.Оюун-Эрдэнэд бөөн зовлон  нэмэгдэнэ. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг АН-ынханы эв зүйг олох гэж бараг АН-ын даргын үүргийг давхар гүйцэтгэх болно. Өөрийн хэдээ яая гэж байж хүний олон эв хавгүй нөхдүүдийн учрыг олно гэдэг амаргүй. УИХ-ын чуулганы анхны хуралдааны өнгө аясыг харахад Х.Баттулга, Н.Алтанхуяг, Н.Номтойбаяр, Б.Батбаатар нарын гаргаж байгаа ааш аяг ирэх дөрвөн жилийн УИХ-ын өнгө төрхийг тодорхойлж байх шиг санагдлаа. Амаргүй УИХ-ыг Д.Амарбаясгалан дарга хэрхэн удирдах нь түүний авхаалж самбаа, арга билгээс шалтгаална.  

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочид(86.111.136.83) 2024 оны 07 сарын 09

номтойбаяр гэж цээжээ дэлдсэн баян гар чдээ их хуралд юу хийх гэж гарч ирсэн нь ойлгомжтгй

0  |  0
зочид(86.111.136.83) 2024 оны 07 сарын 09

таньд амжилт хүсье! Байнгын шүүмжлэх өвчин туссан мэт хачин зарим нэг хүмүүс харагдаад бна шүү.Өнөрбаяр,Тэмүүжин,Лодой нар аас эхлээд

0  |  0
Өөртөө л гоё юм байх(103.41.93.53) 2024 оны 07 сарын 04

Алтанхуяг онигоо харагдаж байна лээ.

0  |  0
SHAR TOHOI.(178.209.133.214) 2024 оны 07 сарын 04

OPPSHORCHIN maptai SVG.BATBOLDTOI MAN BA Aluurchin TS.ELBEGDORJTOI.ULANII MANAGAR MONGOLCHUUD ALALTSAAD 2 TIISHEE BOLOH BURHANII UDUR IRNEE.Ezen Chingesiin agui udur irnee.Udamshsan lalaruudiig urvagchidiig tolgoi daraalj sunuuhul tuuh irnee.

0  |  0
Shar tohoi(178.209.133.214) 2024 оны 07 сарын 04

Turiig udaa daraa bulaasan MANAN mapuudtai alaltsah udur irnee.Adgiin luivarchin urvagchid yalgarch udamshaj baih shiv .ALALTSANAA ZA .

0  |  0
зочин(66.181.182.55) 2024 оны 07 сарын 04

номтойбаяр хөрнгөө хураалгахаас үхтэлээ айж байна даа

1  |  0
зочин(66.181.182.55) 2024 оны 07 сарын 04

алтанхуяг гомдсон авгай шиг юунд маяглана вэ галстуг ч зүүхгүй яршигаа гарсан нь их юм

1  |  0
Top