Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.07.09/ хуралдаан гишүүдийн ирц 100 хувь бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Замира даргалсан. Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулга хийж, Улсын Их Хуралд суудалтай намуудын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нам, эвслээс сонгогдсон гишүүдийн тоог харгалзан Байнгын хороодыг хуваарилсан талаар мэдээлэл өгч, УИХ дахь АН-ын бүлэг гурван Байнгын хороог удирдахаар болсон гэв.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсенг сонгохоор шийдвэрлэхдээ нэр дэвшигчийн сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзсан гэдгийг онцолсон юм.
Энэ үеэр танхимаас Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг Байнгын хорооны даргад нэрээ дэвшүүлсэн тул Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатарын гаргасан горимын саналаар УИХ дахь АН-ын бүлэг 20 минутын завсарлага авлаа.
Завсарлагын хугацаа дууссан тул асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, Байнгын хорооны даргад нэр дэвшигчдийг санал хураалт явуулж, гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр болсон юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Т.Аубакир, Б.Уянга, З.Мэдсайхан, Р.Сэддорж, Ц.Идэрбат, Х.Отгонбаяр нар асуулт асууж, үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, П.Батчимэг нар хариулт өглөө.
Гишүүд 2024-2028 онд малын индескжүүлсэн даатгал, газар тариалангийн хөгжил, бэлчээр ашиглалт, мал махны экспортыг нэмэгдүүлэх, агаарын бохирдол зэрэг байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, салбарын яамдтайгаа холбоотой ажиллаж хууль эрх зүйн орчныг сайжруулахад хэрхэн ажиллах талаар нь илүүтэй тодруулж байв.
Ингээд УИХ дахь АН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсенийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )