Инфляцын түвшин буурч, 5.1 хувь буюу Мөнгөний бодлогын зорилтот түвшинд хүрчээ

2024 оны 08 сарын 20

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, хамтарсан Засгийн газрын хөтөлбөр тэргүүтэй олон чухал асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудлуудын байдлаас шалтгаалан ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг сунгаж ч болзошгүй. Гэвч парламентын шинэ гишүүдийн идэвх тийм ч сайн биш байгаа нь ирцийн мэдээллээс харагдаж буй.

УИХ уг нь 126 гишүүнтэй болсон. Шинэхэн гишүүд соньхон дээрээ танхим дүүрэн сууж, асуудал бүр дээр ам уралдан мэтгэлцэж байх учиртай. Уг нь УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан 2024 оны төсвийн тодотгол, 2025-2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг чухал төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж буй ч өчигдрийн байдлаар 76 гишүүн л санал хураалтад оролцсон байна. Сахил хүртээд шал дордов гэгчээр гишүүдийн тоо л нэмэгдсэнээс биш чуулганд оролцдог эрхмүүдийн тоо 76 дээрээ л үлдээ шив. Үлдсэн 50 гишүүн ямар шалтгаанаар хуралдаанд суугаагүй нь бүрхэг. Тийм олноороо эмчилгээний чөлөө авсан, эсвэл гачигдал гарсан байж таарамгүй. Шинэ гишүүд 76 гишүүн л хуралдаанд суугаад, үлдсэн 50 нь гадуур сул явж байж болно гэж ойлгоогүй байлтай.

Парламентын ээлжит бус чуулганаар өнөөдөр хэлэлцэж байгаа асуудлын нэг болох Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай буюу улсын төсвийн тодотголын төсөл иргэн нэг бүрд, түүн дотроо УИХ-д тойргоос ч бай, жагсаалтаар ч бай, сонгогдсон гишүүдэд бүгдэд хамаатай.

Гэтэл чуулганаар хэлэлцэж буй асуудлыг иргэд бүү хэл, зарим гишүүн анзаарах сэхээ алга. Амралт, найр цэнгэл, үргэлжилсэн олон ой, хурим найр өндөрлөх шинжгүй, гадаалж хөдөөлсөн нь хот орон руу буцах болоогүй олны тоонд УИХ-ын гишүүдээс багтаж байгаа юм биш биз. Тэднийг хууль тогтоо гэж сонгосноос бус ээлжит бус чуулган хуралдаж байхад зугаалж яв гэж төр түшүүлээгүй байлтай. Намрын чуулганаар ирэх жилийн улсын төсөв хэлэлцэх үеэр энэ оны төсвийн тодотголд юу орсны мэдэхгүй гишүүд юугаа ярих бол. Тэгвэл тэдний эзгүйд чуулганаар юу ярилцаж байна вэ. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн төлөв байдал ямар байгаа, цар тахлын дараа сэргэж амжсан уу, доголдсоор л байна уу гэдгийг УИХ одоо ид хэлэлцэж байна. 

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй төсвийн тодотголын төсөлд дурдсанаар дэлхий дахиныг хэсэг хугацаанд хамарсан цар тахлын нөлөө өдгөө арилж, улс орнуудаас барьж байгаа мөнгөний хатуу бодлогын үр дүнд инфляц саарсан нь ажил эрхлэлт, өрхийн хэрэглээг дэмжиж, дэлхийн эдийн засаг 2023 онд 3.3 хувиар өссөн байна.

Олон улсын валютын сангаас дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд 3.2 хувь, 2025 онд 3.3 хувь орчимд тогтвортой байхаар тооцсон  бол ийнхүү 2024 онд 3.3 хувьд хүрчээ. Инфляцын бууралтаас шалтгаалан мөнгөний бодлого суларч, эдийн засгийн сэргэлт нэмэгдэх хөшүүрэг болжээ. 

Монгол Улсын тухайд уул уурхайн салбарын экспортын сэргэлт 2023 онд үргэлжилж, төсөв, төлбөрийн тэнцэл өмнө байгаагүй ашигтай гарсан нь эдийн засаг 7.4 хувиар өсөх нөхцөл болсон байна. Монголын эдийн засаг 2024 оны эхний улирлын байдлаар 7.8 хувиар өсөж, оны сүүлээр 5.6 хувь өсөх төлөв гарчээ. Өнгөрсөн өвлийн зудаар улсын хэмжээнд 8.1 сая толгой мал хорогдож, хөдөө аж ахуйд багагүй хохирол учирсан ч уул уурхайн салбар сэргэсэн нь эдийн засгийн бодит өсөлтийг дэмжсэн үндсэн хүчин зүйл болсныг төсөлд дурдав.

Энэ оны эхний долоон сард нүүрсний экспорт өмнөх оноос 34 хувиар өсөж 47.5 сая тоннд хүрчээ. Оны эцэст 78 сая тоннд хүрэх боломж гарсан гэв. Оюутолгой төслийн гүний уурхайн олборлолт эхэлсэн болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр уул уурхайн салбарт 2024 онд 13.5 хувийн өсөлт гарах төлөв ажиглагджээ. Уул уурхайн салбарын сэргэснийг дагаад ачаа тээвэр ч өссөн байна.

Аялагч, жуулчдыг татахад чиглэсэн арга хэмжээнүүд үр нөлөөгөө өгч 2024 оны сүүлийн хагас жилд аялал жуулчлал, үйлчилгээний салбар ашигтай гарах боломж бүрджээ. Монгол Улсын 2023 оны төсвийн тодотгол, 2024 оны II улирлаас иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмснээр өрхийн хэрэглээ, худалдан авалт нэмэгдэж, худалдаа, үйлчилгээний салбарт дэмжлэг болж, эдийн засгийн өсөлтөд тэр хэрээр эерэг нөлөө үзүүлжээ.

Импортын нийт инфляцад үзүүлэх нөлөө 2023 оноос алгуур бууж тогтворжсоноор инфляцын түвшин саарч, 2024 оны зургаадугаар сард 5.1 хувь буюу Мөнгөний бодлогоор дэвшүүлсэн зорилтот түвшинд хүрснийг төсөлд дурдсан байна.

Гэхдээ гадаад орчин таатай бус байгаа. Хойд хөршийн геополитикийн нөхцөл, дайн дажин хэр удаан сунжрах болон бусад эрсдэлтэй байдал Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд хүссэн ч, эс хүссэн ч нөлөөлж таарна.

Гадна талын ээдрээтэй нөхцөл, түүнээс үүсэж болох эрсдлийг тооцож,  бусад эгзэгтэй асуудлыг шийдэх явцдаа эдийн засгийн өсөлтийг зургаан хувьд тогтворжуулах, ДНБ-ийг 47.6 тэрбум ам.долларт, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх, ядуурлыг хоёр дахин бууруулах зэрэг урт хугацааны хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд хурдтай, зоригтой шийдвэр гаргаж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлэх шаардлага байгааг төсвийн тодотголд дурджээ.

Хамтарсан Засгийн газрын хүчээр гадаад, дотоодоос учирч болох сорилтыг шийдвэрлэх, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилт тавьсан байна. Хувийн хэвшлээ дэмжиж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих төсвийн бодлогыг зоригтой тавих шаардлага үүссэнийг Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас УИХ-ын ээлжит бус чуулганд оруулсан төсөлд дурджээ. Одоо хүсэх зүйл бол гишүүд чуулгандаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, санал бодлоо уралдуулж, энэ оны төсвийн тодотголоо оновчтой хийх л үлдлээ. Гэвч аялаж зугаалж, амарч цэнгэх бус, улсынхаа, иргэд сонгогчдынхоо төлөө ажиллахаар төр түшсэнээ ухаарах үе ирснийг цөөнгүй гишүүнд сануулахад илүүдэхгүй болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top