Өнгөрөгч сонгуулийн үр дүнд МАН олонхи болсон ч явах, явахгүй төслөө дэмжүүлэхийн тулд АН, ХҮН намыг хамтарсан Засгийн газарт урьж ажиллуулсан. Тэгэхгүй бол өнгөөр халхавчилсан хэдэн төсөл нь явахгүй л дээ. Нөгөө талаар эрх баригч намын дарга Засгийн газраа урт удаан настай байлгахын тулд тэднийг урьсан байж таарна. АН-ыг уг нь сайн сөрөг хүчин болохыг гишүүд дэмжигчид нь хүсэж байсан ч турж үхэх гэж байгаа нөхдүүд урилгыг дуун алдан хүлээн аваад тэдний хөнжилд орчихлоо.
ХҮН мэтийн гудамжны намууд ч ойлгомжтой. Тэгэхээр ийм засгаас ямар үр дүн хүлээх вэ. Хамгийн наад зах нь гэхэд АН-аас Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгээс эхлээд ял зэм сонсож байсан цөөн бус хүмүүс төрийн албанд шургалсан. Тухайлбал, “хүргэн” Г.Дэнзэн нь авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож шүүхээс 3.5 жилээр таслагдаж байсан бол өнөөдөр тэр хамтарсан Засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн яамны харъяа Үндэсний хөгжлийн хүрээлэн гэдэг улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга болчихсон байх жишээтэй. Томилсон сайдуудаас эхлээд харахад үр дүн хүлээх ямар ч боломжгүй. Арга ч үгүй, эрх баригчид нь Засгийн газрын насжилт, элдэв төслөө бодоод дуугарахгүй болохоор хэн дуртай “ялтан” нь төрийн албанд шургалан орогнож байна.
Ерөөсөө хамтарсан Засгийн газраас гарч байсан эерэг үр дүн шинэ цагийн түүхэнд байхгүй. Монголчууд 1992 он, ардчилсан сонгууль өгснөөс хойш ес дэх удаагаа сонгууль зохион байгуулж, энэ хооронд чамгүй олон Засгийн газрыг огцруулж бас хамтарч явжээ. Хамтарч бүлэглээд өөдөлж дэвшдэг байсан бол өдийд Азид байг гэхэд хойшоо Уралын нуруу, урагшаа Цагаан хэрэм хоёрын дунд мандан бадарч байх нь ойлгомжтой. Өнөөдөр ч энэ Засгийн газар, хамтарч байгаа намуудын үйл ажиллагаанд гэрэл гэгээ ч алга. Цаашид ч асахгүй нь ойлгомжтой. Тэгээд ч энэ засагт тийм ч урт нас үгүй л болов уу.
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ИХ ЭВСЛИЙН” ЗАСГИЙН ГАЗАР, 2004-2008 ОН
Анх 2004 оны сонгуулиар МАХН 38, Эх Орон-Ардчилал эвсэл 34, БНН нэг, бие даагчид гурван суудал авсан байдаг. Тиймээс “Их эвслийн” гэх Засгийн газрыг Ц.Элбэгдорж Ерөнхий сайдтайгаар байгуулаад үзэж тарсан. Самарсан даа. Ямар сайндаа л БНН-аас “Буян” Б.Жаргалсайхан Үйлдвэр худалдааны сайд, Л.Гүндалай Эрүүл мэндийн сайдаар орж ирж байхав дээ. Б.Жаргалсайхан нь сайд болсон даруйд Монгол Улсын Засгийн газрыг барцаанд тавьж байгаад Японы “Марубени” корпорациас 20 сая ам.долларын зээл авч, хувьдаа Ноолуурын үйлдвэр барьчихсан гэх түүх ч бүлээнээр бий. Үүнээс болж “Марубени” корпораци Монгол Улсын Засгийн газрыг Лондонгийн Арбитрын шүүхэд өгч байсан түүх ч халуунаараа бий. Ингээд Ц.Элбэгдоржоо огцруулсан. Ц.Элбэгдоржийн хувьд нэг жил гаруй хугацаанд засаг тэргүүлсэн, ингэхдээ авлигал албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэнэ хэмээн индэр дээр цээжээ дэлдэж байгаад унасан. Ямар ч үр дүнд хүрээгүй. Тиймдээ ч Ц.Элбэгдоржийг огцруулахдаа “Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж чадаагүй” гэх үндэслэлээр огцруулсан байдаг. Гэхдээ огцруулж байгаа үндэслэл хөөрхийлөлтэй. Ерөнхийдөө бол тухайн үеийн МАХН-ын тоглолт байсан л даа. Ц.Элбэгдоржийн өөрийнх нь намтарт бол нийгмийн амьдралыг тэр чигт нь өөрчилсөн гэх үг өгүүлбэр олонтаа таарна. Бодит нөхцөл дээр нийгмийн амьдрал өдрөөс өдөрт уруудсаар өнөөдөрт ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүний дараа М.Энхболд “тоглоомын” Ерөнхий сайд болж, тэр чигээрээ “тоглоомын” байсаар огцорсон. Үнэн хэрэгтээ нийгмийн чиглэлд нэг ч бүтээн байгуулалт байтугай нэг ч олигтой шийдвэр, тогтоол гаргаагүй гэхэд болно. Тухайн үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж асан С.Баярыг намын дарга, Ерөнхий сайдаар 2007 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр сонгосон. Энэ үед тодорхой хүрээнд ид яригдаж байсан Оюутолгой хэмээх томоохон төслийг тохинуулах хүн нь М.Энхболд биш С.Баяр гэж үзсэн бололтой юм билээ. Энэ Засгийн газрын хамтрал бол нэгнээ огцруулах, нам дундын зодоон, улс төр хийх замаар нэг иймэрхүү үр дүнтэй өндөрлөсөн. Эцэст нь улс эх орон, ард түмэн хохирсон.
С.БАЯРЫН ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2008-2009 ОН
Түүхнээ “Долоодугаар сарын 1” хэмээх хар толбо үлдэсэн 2008 оны ээлжит сонгууль болж, МАХН ялалт байгуулсан. Тухайн сонгуулиар тал талын өдөөн хатгалга, дотоодын зодооноор өндөрлөхдөө тавын таван залуугийн аминд хүрсэн эмгэнэлтэй. Үүний эзэн холбогдогчоор Цагдаагийн ерөнхий газрын дарга тэргүүтэй хэдэн офицер яллуулснаар дууссан. Энэ сонгуульд зүүн барууны магнайг эзлэн өрсөлдсөн МАХН “Эх орны хишиг” нэртэй нэг сая төгрөг, АН “Эрдэнийн хувь” нэртэй 1.5 сая төгрөг амласан. Харин тухайн сонгуульд ялсан МАХН хэлэлцээрийн түвшинд байсан “Ри Тин То”-гоос 100 сая ам.доллар зээлээд тараачихсан зэрэг өр үүсэж эхэлсэн. Энэ мэт нөхцөл дундуур С.Баяр Оюутолгой болон бусад төслөө хөдөлгөхийн тулд “Стандарт бус Засгийн газар” хэмээн нэрийдэж, Н.Алтанхуяг даргатай АН-ыг урьж ажиллуулсан. Тиймээс тэд Оюу толгойн төслөө хөдөлгөж авсан түүхтэй. Өнөөдөр ч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь хэл ам дагуулсаар байна. Хэл ам нь Монгол Улсад ямар ч ашиггүй гэрээ болсон гэдгийг хэлж байгаа юм. С.Баярын хувьд бол яах аргагүй Оюутолгойн гэрээг үзэглэхэд тэргүүлэн ажилласан Ерөнхий сайд. Сүүлд тус гэрээг “Монгол Улсад ямар ч ашиггүй гэрээ болсон” хэмээн үзэж, С.Баяр, С.Баярцогт нарын хүмүүст хорих ял оноож байв. Өнөөдөр ч С.Баяр “Оюутолгойн гэрээ бол Монгол Улсад ашигтай түүхэн гэрээ” гэж үздэг ч үнэн хэрэгтээ өмнийн говийг ухаад орхино гэдгийг олон мэргэжилтнүүд хэлж буй. С.Баярцогт ч “С.Баярын Засгийн газар Оюутолгойн гэрээ хийсэн, хамгийн сайн” хэмээн хэвлэлийн хурал ч зарлаж байв. С.Баярын хамтарсан Засгийн газрын үр дүн ердөө л энэ. Гэхдээ эдийн засгийн өсөлт үзүүлэлт бол 17 хувьд хүрч гаарч байсан үе. Гэхдээ энэ нь зөвхөн нүүрсний экспорт маш сайн байсны гавьяа болохоос бодит үйлдвэрлэл, нийгмийн хэмжээнд өссөн үзүүлэлт биш байв. Учир нь хятадын нүүрсний гол худалдан авагч Австралийн уурхайнууд усанд автсан үе тохиосон. Тэгэхээр хятадууд хүссэн ч эс хүссэн ч монголоос нүүрсээ экспортолж байсанд оршино. Үүний дараа австралийн уурхай ч сэргэсэн, манай экспорт ч уруудсан. Энэ бол жинхэнэ дампуурсан Засгийн газар ажиллаж байсан. Эдийн засаг нь өсөөд байдаг, цаана нь том том өрийн сүлжээ үүссээр байсан нь хэтдээ юу болсныг бүгдээрээ мэдэж байгаа.
С.БАТБОЛДЫН ЗАСГИЙН ГАЗАР 2009-2012 ОН
Оюутолгойн гэрээг үзэглэж санаагаа амраасан Ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан дагуу 2009 оны аравдугаар сарын 28-нд албан тушаалаа өгч, С.Батболдыг МАХН-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, УИХ-ын гишүүдийн 93.9 хувийн дэмжлэгийг хүлээсэн. Ингээд 2009 оны аравдугаар сарын 29-нд Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж эхэлсэн. Тухайн үед “Ерөнхий сайдын суудлыг бэлгэнд авлаа” гэлцэж л байсан. Нүүрсний экспорт уруудаж, Оюутолгойн төсөл үр өгөөжөө өгч эхлээгүй гээд С.Батболдод тийм ч амар байгаагүй. Тиймээс С.Батболдын хамтарсан Засгийн газар 2010 онд хятадын “Чалко” компаниас 350 сая ам.долларын зээл авсан. Үүнийг хэдэн Засгийн газар дамжуулж байж бүр хожим У.Хүрэлсүхийн Засгийн газар хүртэл төлсөөр дууссан. Энэ үед Засгийн газрын ажил гэхээсээ илүүтэй МАХН-ын ажил явж байна гэх шүүмжлэл ч дагалдаж байсан. Ийнхүү МАХН-ын дарга С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар соц-интерний хуралд оролцож ирснээр МАХН нэрээ сольж, уугуул МАН хэмээх нэрээ авсан. Харин МАХН нэрийг нь намдаа жийгдээд байсан Н.Энхбаяр чамгүй хугацаанд хөөцөлдөж байж авсан. Энэ үеэр Сонгуулийн хуульд өөрчлөлт орж, холимог тогтолцоонд ч шилжсэн. Тиймээс 2012 оны УИХ-ын сонгуульд түүний удирдсан МАН МАХН нэрээ сольж, Н.Энхбаяраа явуулсан учраас ялагдал хүлээсэн гэж судлаачид үздэг. Засгийн газарт хамтарч байсан АН-ын дарга Н.Алтанхуяг ч сонгууль болохоос хэдэн сарын өмнө намаа аваад засгаас гарсан. Тухайн үед эдийн засаг ч 17 хувиасаа уруудаж нэг оронтой тоонд очсон гээд юм юм л болсон.
Н.АЛТАНХУЯГИЙН “ШИНЭЧЛЭЛИЙН” ЗАСГИЙН ГАЗАР 2012-2014 ОН
Н.Энхбаяр МАХН нэр авсны хүчинд ялалт байгуулсан Н.Алтанхуяг Ерөнхий сайд болох нь нэгэнт тодорхой болов. Гэвч тэд 36 суудал авсан учраас тухайн цагийн хууль ёсоор 39-өөс дээш суудал аваагүй улс төрийн нам дангаараа засаглах боломжгүй болсон. Тиймээс Н.Алтанхуяг дөрвөн жил бөөрөнд наалдаж явсан МАН-аа жийж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтарсан. Ингээд “Шинэчлэлийн” гэх сүрхий нэр өгөөд “Энэ Засгийн газарт амралтын өдөр гэж байхгүй” хэмээн тунхагласан. Юуны өмнө амрах завгүй Засгийн газарт мөнгө байгаагүй учраас “Чингис” бонд гаргаж, олон улсын зах зээл дээрээс 1,5 тэрбум ам.доллар босгож ирснээ үйлдвэрлэл рүү биш автозам руу хийсэн юм. Мэдээж хэрэг автозам хэрэгтэй ч эцэст нь энэ аанай л хэрүүл маргаан, шоронгоор эцэс болсон. Эцэс болсон ч гэж дээ, өнөөдөр ч Хөгжлийн банкны гэх маргаан тасраагүй байна. Тэрбээр Ерөнхий сайд болсон даруйд улс орны томоохон төслийг санхүүжүүлэх зорилго дор байгуулагдсан Хөгжлийн банкыг удирдлагаар хангаж байсан солонгосчуудыг “Одоо бид алзахгүй” хэмээн явуулаад өөрийнхөө хүнийг тавьснаар өнөөгийн “Хөгжлийн банкны хэрэг” гэх зүйлийн эх үүсвэр тавигдсан. Үүний дараа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраар 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө босгуулж, Хөгжлийн банкаар дамжуулан өгч эхэлсэн байдаг. Энд зураг төсөлгүй бүтээн байгуулалтад ч мөнгө оруулсан баримт цөөнгүй бий. “Чингис” бондын өрийг арван жилийн дараа буюу 2022 оны арванхоёрдугаар сард хүүтэй нь төлж дуусгасан. Энэ мөнгө аанай л МАН-ын “Рио Тин То”-гоос зээлсэн 100 сая ам.доллар, “Чалко”-гоолс зээлсэн 350 сая ам.долларын адил бодит ажил болоогүй. Яахав, үүнээс өчүүхэн хэсэг нь хатуу хучилттай зам болж үлдэснийг хэлэх хэрэгтэй. “Шударга ёс” эвслээс М.Энхсайхан Монгол Улсын сайдаар заларч, Тавантолгой цахилгаан станцын төслийг захирсан. Хорооны Засаг дарга явсан З.Баянсэлэнгэ хүртэл Барилга хот байгуулалтын сайдаар заларч гээд ярихаар маш олон зүйл гарч ирнэ. Хоёр жилийн хугацаанд үндсэндээ “Чингис” бондын мөнгийг цацчихсанаас өөр гавьяа үгүй Засгийн газар байв. Үр дүнд нь М.Энхсайхан, Н.Батбаяр, З.Баянсэлэнгэ, Б.Гарамгайбаатар, Хөгжлийн банкны захирал асан А.Мөнхбат нараас эхлээд олон хүн “аав”-ын хаалга татсан. Иймэрхүү үр дүнтэй л ажилласан Засгийн газар.
Ч.САЙХАНБИЛЭГИЙН “ШИЙДЛИЙН” ЗАСГИЙН ГАЗАР 2014-2016 ОН
Энд хэн ямар зорилгоор Засгийн газар унагааж хэнийг ямар учраас Ерөнхий сайд болгов гээд ярихаар асар урт зүйл болно. Тэгэхээр зөвхөн хэн хэрхэн ажилласан тухай л дурдах нь зүйн хэрэг. Ямартай ч тодорхой шалтгааны улмаас Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагааж, 2014 оны арванхоёрдугаар сард Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилсон. Ч.Сайханбилэг танхимдаа МАН-ыг урьж ажиллуулсан ч тун удалгүй гараад явчихсан. Түүний Засгийн газрын түүхэн гавьяа бол алдарт “Дубайн гэрээ” юм. Албан ёсоор бол “Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” юм. Энэ гэрээний тухай УИХ ч мэдээгүй, Засгийн газрын зарим гишүүд нь мэдээгүй гэдэг. Гэрээнээс үүдэлтэй тухайн үеийн Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Ж.Эрдэнэбат, Татварын Ерөнхий газрын дарга Б.Ариунсан, “Эрдэнэс-Монгол” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарыг шүүн ялласан. Харин Ч.Сайханбилэг батлан даалтад гараад байхдаа оргон зайлж, өнөөдөр ч эх орондоо ирээгүй байна. Энэхүү “Дубайн гэрээ”-гээр Монгол Улсад 4.4 тэрбум ам.долларын хохирол учруулна хэмээн үзэж байсан. Сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид Рио Тин То-д Дубайн гэрээг засаж залруулах шаардлага хүргүүлсэн” гэж байсан. Ийм л үр дүнтэй Засгийн газар ажилласан.
Сэтгэгдэл ( 0 )