Бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх асуудлаарх ажлын хэсэг ажлын удирдамжаа баталлаа

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2024.12.18/ хуралдлаа.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш мэргэжлийн элсэлтийн талаар тус сургуулийн проректор Д.Соронзон ажлын хэсгийн хуралдаанд танилцуулга хийлээ. Тэрбээр, тус сургуулийн 2024-2025 оны элсэлтийн хяналтын тоо, гүйцэтгэл 86 хувьтай байна. Тухайлбал, Архангай аймгийн салбар сургуулийн хяналтын тоо 185 байхаас 149, Багшийн сургуулийн хяналтын тоо 350 байхаас 393, Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хяналтын тоо 130 байхаас 44 гэх мэт бүрэлдэхүүн сургуулиудын хяналтын тоог танилцуулж, багш мэргэжлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, багшийн хомсдолыг арилгах талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааний талаар мэдээлэл өгөв.  

Түүний дараа нь УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хүртээмжийн талаар хийсэн судалгааг танилцуулсан. Тэрбээр, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид 30 хүртэл хүүхэдтэй бүлэг дөнгөж 42 хувь байна. Өнөөгийн эдийн засгийн нөхцөлөө тооцоод 35-39 хүүхэдтэй бүлэг хичээллэхийг хүлээн зөвшөөрч, 40-ээс дээш хүүхэдтэй бүлэг хичээллэхийг зогсоох ёстой юм. Энд хүүхдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байгаа. Тэр байтугай 60 давсан хүүхэдтэй бүлэг 20 байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй. Хүүхдийн сурах эрхийг ноцтой зөрчиж буй энэхүү асуудлыг даруй хуульчилж шийдэх ёстой. 2015 оноос хойш төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын сурагчийн тоо 43.7 хувиар өссөн бол багшийн тоо 23.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд одоогийн байдлаар 5,075 багш дутагдалтай байгаа бөгөөд багшийн тоог нэмэгдүүлэх, боловсролын мэргэжил сонгон суралцагсдын болон төгсөгчдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг танилцуулсан.

Түүний дараа ажлын хэсэгт 2025 оны хагас жил хүртэлх ажлын удирдамжийн төслийг танилцуулан хэлэлцүүлж, батлав. Мөн ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн. Ажлын хэсгээс Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хүний нөөцийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах чиглэлээр тулгамдаж буй асуудлыг судалж, санал, дүгнэлт, шийдвэрийн төслийг боловсруулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан болон Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top