Д.Эрдэнэболд: “Сондор мед” эмнэлгээс үйлчилгээ авахдаа Store Pay, Pocket zero-г ашиглах боломжтой

Г.Ганчимэг | Zindaa.mn
4 цагийн өмнө

“Сайн явах санааных, сайхан төрөх заяаных” хэмээн хуучин цагт ярьдаг байсан бол өдгөө соёлт хүн төрөлхтөн “Мэс заслын ширээн дээр мэндэлсэн гоо үзэсгэлэн”-г хэдийнэ хүлээн зөвшөөрдөг болжээ. Хөмсөг, уруулын шивээс, нүдний давхраанаас эхлээд хөх, өгзөг, хөл, цээжийг хүртэл хүссэнээрээ “урлуулдаг” болсон цаг. Тэр ч байтугай эрэгтэй хүн эмэгтэй, эмэгтэй хүн эрэгтэй болж хүйсээ солиулж байна. Эмзэг нандин ийм л асуудлыг сонсож, ойлгож зохицуулдаг мэргэжлийн хамт олон бол “Сондор мед” эмнэлгийнхэн. Тус эмнэлгийг үүсгэн байгуулагч, анагаах ухааны доктор, клиникийн профессор, цээж, хэвлийн хөндийн мэс заслын эмч Дашбазарын Эрдэнэболдыг энэ удаагийн “Өглөөний зочин”-оор урилаа. Тэрбээр 2013 оноос эхлээд гоо сайхан, нөхөн сэргээх гоо заслын мэс заслын чиглэлээр Солонгос, Хятад, Тайваньд мэргэжил дээшлүүлжээ. Эх орондоо ирээд “Сондор мед” эмнэлгийг үүсгэн байгуулж, олон мянган үйлчлүүлэгчдэдээ хүрч ажилласан юм. Манай улсад хөгжиж буй тус салбарын талаар анагаах ухааны доктор, клиникийн профессор Д.Эрдэнэболдтой ярилцлаа.  


-Та эхлээд манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулна уу. Эрэгтэй хүн гоо сайхан, нөхөн сэргээх гоо заслын мэс засалч болсон нь сонин содон л санагдаж байна?

-Би цээж, хэвлийн хөндийн мэс заслын эмч мэргэжилтэй, 2013 онд дурангийн мэс засал, цээжний мэс заслын чиглэлээр  БНСУ-д суралцсан. Сүүлийн 10 жил гоо сайхан, нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын чиглэлээр Солонгос, Хятад, Тайваньд мэргэжил дээшлүүлж ирээд энэ чиглэлээрээ ажиллаж байгаа. 2022 оноос эхлэн “Сондор мед” эмнэлгийг багш, шавь нарынхаа хамт үүсгэн байгуулж, эндээ мэс засалч, нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын эмчээр ажиллаж байна. Яагаад гоо сайхны салбарыг сонирхсон юм бэ гэвэл, би өмнө нь 2006 оноос эхлээд улсын III төв эмнэлэгт ажиллаж байсан. Тэгэхдээ ихэвчлэн өвдөж зовсон хүмүүст өвчний заалтаар яаралтай болон төлөвлөгөөт журмаар мэс засал хийж, амь насыг аврах, эрүүл мэндэд нь туслах ажил хийдэг байлаа. Ингээд 2013 онд БНСУ-д цээжний хөндийн нөхөн сэргээх гоо сайхны мэс заслаар суралцах хугацаандаа Солонгост нөхөн сэргээх гоо сайхны мэс засал өндөр хөгжсөн, хүмүүс нь ийм төрлийн эмчилгээ үйлчилгээ их авдаг нь ажиглагдаж илүү суралцах сонирхол төрсөн. Тэнд би хөх нөхөн сэргээх болон хөхийг имплантаар томруулах мэс заслыг шимтэн сурсан. Амь нас, эрүүл мэндийн заалтаар мэс засалд орж байгаа өвчтөн бол яалт ч үгүй өвчний заалтаар хагалгаанд ордог бол гоо сайхан, гоо сайхны нөхөн сэргээх мэс засалд орж байгаа үйлчлүүлэгч хүмүүс өөрийн хүсэлтээр, өөртөө итгэлтэй байхын тулд, өөртөө 100 хувь сэтгэл ханамжтай байхын тулд хагалгаанд ордог. “За, эмч ээ, би энэ хэсгийнхээ галбирыг засаж, өөхөө соруулмаар байна”, “Хөхөө томруулмаар байна”, “Сорвио арилгуулъя”, “Цээжний галбираа засуулмаар байна” гэх зэргээр тусламж үйлчилгээ хүсээд ирдэг юм. Энэ бүхэнд бид мэргэжлийн чиг баримжаа, удирдамж зааврын дагуу мэс заслын тусламжийг үзүүлдэг.          

 

   

-“Сондор мед” эмнэлэгт хэчнээн төрлийн гоо сайхан болон нөхөн сэргээх гоо заслын хагалгаа хийж байна вэ?

-Манай эмнэлэгт нүүрний бүх төрлийн мэс заслыг хийж байна. Манай хоёр эмч толгой, хүзүүний мэс заслын чиглэлээр мэргэшсэн. Энэ хоёр эмч маань хацар, нүүрний арьс унжсаныг өргөх, духны үрчлээ арилгах, мөн давхар эрүүний улмаас наснаасаа оворжуу харагддаг хүмүүсийн эрүүний өөхийг соруулж, хүзүүний арьсыг толийтол татах мэс заслыг хийдэг. Чих хамар хоолойн баг маань гэмтлийн болон өвчний улмаас хамрын хөндийн агаар дамжуулах замд саад үүсэж, таславч мурийсан, эсвэл хөөж хавагнасныг засаж, амьсгалын дээд замыг чөлөөлөх мэс заслыг хийж байна. Мөн хамрын хугарал, гэмтлийг засах, хамрын нуруу өндөрлөх, хамрын үзүүр шонтойлгох, чихний дэлбэн засах зэргээр гоо сайхны мэс засал хийдэг. Цээжний мэс заслын эмч нарын баг маань хоёр хуваагдаад хөх томруулах болон хоргүй хавдар авах, хавдар авсны дараах хөхний эдийг нөхөн сэргээх, имплантаар томруулах, мөн цээжний гэмтлийн болон төрөлхийн гаж хөгжлийг засах мэс заслыг хийж байна. Нөгөө цээжний хөндийн болон уушгины мэс заслын баг маань уушгины эмгэгийг эмчлэх, захын байрлалтай хавдар авах, уушги тайрах мэс заслыг хийдэг. Хэвлийн хөндийн мэс заслын баг маань хэвлийн хөндийн пластик мэс заслыг хийж байна. Олон төрсөн эмэгтэйчүүд болон жингийн илүүдэлтэй байснаа жин хаясны улмаас хэвлийн хөндийн арьс унжсаныг авах, цавь, хэвлийн ханы эвэрхийнүүд, ходоод, гэдэсний мэс засал, цөсний хүүдий дурангаар авах, мухар олгой авах, элэгний уйланхай, бэтэг эмчлэх мэс заслыг хийдэг. Мөн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн мэс заслын баг ажиллаж байна. Эр бэлгэ эрхтний эмгэг засах, нөхөн сэргээх мэс засал, болон гэмтлийн улмаас эр бэлгэ эрхтэн хөвчрөхөө байсныг засах эмчилгээг хийдэг. Үүнийг зассанаараа тухайн гэр бүлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, хосууд  аз жаргалтай, халуун дотно амьдрах эх үүсвэрийг бий болгож өгч байна. Мөн ихэвчлэн 55-аас дээш насны эрчүүдэд түрүү булчирхайн мэс засал, олон төрсөн эмэгтэйчүүдэд хярзан болон үтрээний пластик мэс засал, өндгөвчний уйланхай, умайн хоргүй хавдар авах зэрэг мэс заслыг хийж байна. Мөн судасны төрөл бүрийн өргөсөлтийн үеийн мэс заслын эмчилгээ, шамбарамын мэс засал зэргийг манай хамт олон хийдэг. Тэгэхээр төрөл бүрийн мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг.

-Монгол Улсад ижил төрлийн үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаа явуулж байгаа бусад эмнэлгээс танай “Сондор мед” эмнэлгийн гол ялгарах онцлог, давуу тал нь юу вэ?

-Манай “Сондор мед” эмнэлэгт 15 эмч ажилладаг. Энэ 15 эмч маань 5-6 багт хуваагдан хоёр, гурваараа нарийн мэргэжлийн баг болон ажиллаж байна. Ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг бусад гоо сайхны эмнэлгээс манай хамт олны ялгагдах гол онцлог нь манай “Сондор мед” эмнэлэгт ажиллаж байгаа бүх эмч нар төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс засалч эмч нар байдаг. Хоёр дахь чухал давуу тал нь эмнэлгийн мэс заслын эмчилгээний салбарт хамгийн багадаа гурван жил,  тэгээд таван жил, 10-20 жил ажилласан хүмүүс байгаа юм. Ийм чадвар, туршлагатай мэргэжлийн эмч нар тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Аливаа асуудалд хариуцлагатай ханддаг. Бид тусламж үйлчилгээ авсан иргэд, эмчлүүлэгчийн үйлчилгээний сэтгэл ханамж, аюулгүй байдлыг нэг номерт тавьж, эмчилгээ үйлчилгээний чанарт анхаарал тавьж, хариуцлагатай ханддагаараа онцлог ялгаатай. Дараагийн нэг чухал зүйл нь мэс заслын анагаах ухаан маш эрчимтэй хөгжиж байна. Шинэ технологи, эмчилгээний дэвшилтэт технологи ашиглан мэс заслыг хялбар, хүндрэлгүй, цаг хугацаа хожсон аргуудыг манай хамт олон нэвтрүүлж, аль болох дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлэн алхахыг хичээж байна.

-Орчин үеийн залуусын чиг хандлага өөрчлөгдсөн. Гоо сайхны хагалгааг хэвийн зүйл гэж хүлээж авдаг болжээ. Ажиглаад байхад олон нийтийн өмнө ажилладаг хүмүүс хамгийн түрүүнд гоо сайхандаа анхаарал хандуулдаг. Хамраа өндөрлүүлэхээс эхлээд хувцас сурталчилдаг хүн байлаа гэхэд цээж, хөхний хэлбэрээ засуулдаг болжээ. Гэтэл олон нийтийн зүгээс, гэхдээ үүн дээр зарим нь гэж хэлбэл илүү зохилтой байх. Ялангуяа гоо сайхны хагалгаанд орсон эмэгтэйчүүдийг маш ихээр буллидэж, доромжилдог. Иймэрхүү хандлага зүй зохисгүй ч нийгэмд байсаар л байна. Мэс заслын ширээн дээр дахин төрсөн гоо сайхныг бүтээдэг хүний хувьд энэ нь танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ? 

-Ер нь ямар хүнийг эрүүл гэх юм бэ гэсэн асуулт байдаг. Оюун санаа, сэтгэл зүй, бие эрхтэний хувьд эрүүл, ямар нэгэн тулгамдсан асуудалгүй байхыг л эрүүл хүн гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр эрүүл мэнд гэдэг асуудал ганцхан өвчин эмгэггүй байхыг хэлдэг ойлголт биш юм. Тухайн хүний өөрөө өөрийнхөө бие организмд сэтгэл ханамжтай, сэтгэл хангалуун байх нь гоо сайхан, тийм үү. Гэтэл энэ бүхэн чинь эрүүл мэнд гэдэг ойлголтод хамаардаг учраас үүнд эмзэглэх хэрэггүй. Ялангуяа гоо сайхны тусламж, үйлчилгээ аваад өөрийнхөө гоо сайхан, эрүүл мэндэд онцгой анхаарч байгаа хүмүүсийг янз бүрийн үгээр гоочлох, буруушаах нь маш зохимжгүй үйлдэл. Манай ард түмний ухамсар, нийгэмд дэлхийн нийгмийн хөгжлийн чиг хандлагаас хоцорч байгаа нэг хэсэг байгааг илэрхийлж байгаа нэг зүйл энэ юм. Ялангуяа өндөр хөгжилтэй барууны болон Азийн орнуудад гоо сайхан, эрүүл мэнд, мэс заслын эмчилгээг хүлээн зөвшөөрч, улс орноос нь үүнийг хөгжүүлэхэд маш их анхаарал тавьдаг болчихсон. Манай улсын тухайд сүүлийн жилүүдэд энэ салбар эрчимтэй хөгжиж байна. Үйлчлүүлэгчид ч гэсэн хүлээн зөвшөөрөгдөөд, хүмүүс гоо сайхан, эрүүл мэнд, бие галбиртаа их анхаардаг болчихсон. Энэ нь сайшаалтай. Хүн зөвхөн өвчин эмгэгээс болж эмчлүүлэх биш өөрийнхөө эрүүл мэнд, гоо сайханд анхаарснаараа нийгмийн харилцаанд оролцохдоо өөртөө илүү итгэлтэй, идэвхтэй болдог. Өөрөө өөрийнхөө гоо сайхнаар бахархана. Бусдын өмнө өөртөө итгэлтэйгээр биеэ авч явж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, хүмүүстэй нээлттэй, ил тод, ямар нэгэн санаа зовох зүйлгүйгээр нийгмийн харилцаанд орно. Ингэснээр ажил, амьдрал, бизнесийн үйл ажиллагаандаа итгэлтэй, санаа зовох зүйлгүй байдаг. Энэ чинь амжилт олох бас нэг чухал зүйл шүү дээ. Тиймээс орчин үед гоо сайхан болон гоо сайхны нөхөн сэргээх мэс заслыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйгээр ач холбогдол нь тодорхой болсон байдаг.

-Танай эмнэлгийн эмч нар хаана сургууль төгссөн бэ. Ерөнхийдөө Монголдоо эмч мэргэжил эзэмшээд, нөхөн сэргээх гоо сайхны чиглэлээрээ гадаадад мэргэжлээ дээшлүүлсэн байх даа?

-Манай улсын хувьд анагаахын дээд сургууль төгсөнгүүт нь резидентийн сургалт гэж байдаг шүү дээ, нөхөн сэргээх гоо заслын мэс заслаар мэргэжил дээшлүүлэх сургалт ер нь байдаггүй. Дэлхийн бүх оронд гоо сайхан болон нөхөн сэргээх мэс заслын эмч нарыг бэлтгэдэг сургалтын тогтолцоотой, эрх зүйн орчин нь төгөлдөржчихсөн байдаг. Харамсалтай нь Монгол Улсад энэ салбарыг хөгжүүлсэн, иймэрхүү сургалтын систем нь тодорхой биш байна. Монгол Улсад энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэдэг сургалтын систем, эрх зүйн орчин нь бүрдээгүй байгаа. Тийм учраас манай ихэнх эмч нар Хятад, Солонгос улсад нөхөн сэргээх болон гоо сайхны мэс заслын чиглэлээр тодорхой хэмжээний урт, богино хугацааны сургалтад хамрагдаж ирсэн ийм эмч нар байдаг. 

-Мэдээж, гадаадад сурна гэдэг чинь урт, богино хугацаанаасаа хамаараад сургалтын төлбөр, амьжиргааны зардал гээд өртөг өндөртэй байх. Энэ асуудлыг яаж шийддэг вэ?

-Өвчин эмгэгийн мэс заслыг хийдэг мэс заслын эмч нарыг мэргэшүүлэх болон гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэхэд ЭМЯ болон Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс энэхүү сургалтад зориулсан тодорхой хэмжээний санхүүжилт бол байдаг. Тэгээд мэргэжилтнүүдийг багаар нь юм уу системтэйгээр сургалтад хамруулдаг. Гэтэл гоо сайхан, нөхөн сэргээх мэс заслын салбарт ямар нэгэн санхүүжилт байдаггүй, төрийн бодлогоор дэмждэггүй. Зөвхөн тухайн эмнэлгийн байгууллага болон эмч нар өөрсдөө мөнгөө төлөөд гадаад, дотоодод сургалтад хамрагдаж байна. Нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын сургалт гадаадад бусад өвчний мэс заслын сургалттай харьцуулахад маш өндөр зардалтай байдаг. Жишээлбэл,  зургаан сараас хоёр жилийн хугацаанд буюу богино хэмжээний нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдъя гэхэд Солонгос улсад 15-20 сая воны төлбөртэй байдаг. Монгол мөнгөөр 40-70 сая төгрөг болно. За тэгвэл, Солонгосоос арай бага хөгжилтэй гэх юм уу, Тайланд, Тайвань, Филиппин зэрэг оронд сурвал зургаан сарын сургалт нь 8000 ам.доллар. Жилийн юм уу, хоёр жилийн сургалт 15 мянган ам.доллар байх жишээний. Ер нь л өртөг өндөртэй сургалт байдаг. Тийм учраас манай байгууллага буюу “Сондор мед” эмнэлгийн зүгээс аль болохоор эмч нараа чадавхжуулах, чанартай сургалтад хамруулахад байгууллагын зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажилладаг. Монголд яг үнэндээ ийм чиглэлийн сургалт байдаггүй, мэргэшсэн эмч нар нь ховор, багшлах эрх бүхий эмч нар нь цөөн. Мөн үйлчлүүлэгч болон эмчлүүлэгчийн тоо хязгаарлагдмал байдаг учраас манай оронд өндөр төлбөр төлөөд сургалтад явуулах эрх зүйн орчин одоохондоо бүрдээгүй байгаа. Магадгүй 1-2 жилийн дараа энэ орчин бүрдчих юм бол эмч нар маань өндөр төлбөр төлж гадаад оронд сурахгүйгээр эх орондоо суралцах боломж бүрдэнэ гэж найдаж байна.

-Та сая хэллээ шүү дээ. Үйлчлүүлэгчдийн тоо хязгаарлагдмал гэж. Гэхдээ бодит амьдрал дээр эсрэгээрээ байх. Бараг хүн болгон шахуу,  ил ярьж хэлдэггүй л болохоос биш янз бүрийн байдлаар гоо сайхны үйлчилгээ авмаар байдаг болов уу. Зарим нь хаана, хэнд, яаж хандахаа мэдэхгүй байна. Нөгөөтэйгүүр, хэрэглэгчийн хэтэвч, халаастай холбоотой шүү дээ. Өндөр зардалтай учраас “За ямар, өвчин биш. Болно доо” гэдэг байдлаар хойшлуулаад байдаг байж магадгүй. Харин Солонгост охид нэг удаа гоо сайхны хагалгаанд орж болно гээд хуулиараа зөвшөөрчихсөн гэдэг яриа байдаг. Төлбөрийн асуудал дээр төрөөс нь дэмжлэг үзүүлдэг гэх юм билээ?

-Ерөнхийдөө нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын цогц үйлчилгээний өртөг дэлхий дахинд их өндөр байдаг. Яагаад гэвэл, энэ мэргэжлээр суралцахын тулд тухайн эмч болон эмнэлгийн байгууллага маш их хэмжээний мөнгө, цаг хугацаа зарцуулан тухайн мэргэжилтнийг бэлтгэж авсан байдаг. Хоёрдугаарт, нөхөн сэргээх гоо сайхны мэс засал өөрөө их эрсдэл дагуулж байдаг тусламж, үйлчилгээ юм. Өвчнийг бол ийм мэс заслаар ингэж эмчлэхэд эдгэрчихнэ гэдэг бол гоо сайхны нөхөн сэргээх мэс заслаар тухайн хүний өөрийнх нь хүсэж байгаа зүйлийг 100 хувийн сэтгэл ханамжтайгаар бэлэглэнэ гэдэг хэцүү.

Өөрөөр хэлбэл, энэ чинь модоор сийлбэр хийж байгаатай адилхан биш. Сийлбэр ч юм уу зураг бол өөр шүү дээ. Модоор сийлэхэд ийм болж байна, дахиад ингээд засчихъя гээд модон сийлбэрийг хэдэн ч удаа оролдож болно. Зургийг бол хэдэн ч удаа баллуурдаад зурчих боломжтой. Гэтэл хүний биеийн эд эрхтэн дээр тийм боломж бага учраас энэ хагалгаанд зарцуулагдаж байгаа тухайн эмч нарын хөлс хүч, сурч мэдсэн бүх зүйл, дадлага туршлага, хагалгааны үед гарах хүндрэл, эрсдэлийг, мөн хэрэглэж байгаа эм тариа, материал нь хүртэл жирийн эмнэлэгт хэрэглэж байгаагаас их үнэтэй байж байдаг учраас зардал нь өндөр гардаг. Ийм учраас аль ч оронд иймэрхүү төрлийн мэс заслын өртөг өндөр байдаг юм. Зарим өндөр хөгжилтэй оронд мэс заслын төлбөрийн тодорхой хувийг нь ЭМД-аас санхүүжүүлдэг тогтолцоо нэвтэрсэн байдаг. Манай оронд одоохондоо ийм зүйл байхгүй байгаа.

-Гоо сайхан, гоо сайхны нөхөн сэргээх хагалгаа хийлгэхэд хөөрхөн, сайхан болно гэдэг утгаараа чихнээ чимэгтэй л сонсогдож байна. Гэхдээ хагалгааны үед болон дараа нь ч хүндрэл учрах эрсдэлтэй. Хувийн болоод ахуйн ариун цэвэр, орчны эрүүл ахуй ч үүнд хамаатай байх. Ялангуяа Монголд ямар эрсдэлээс илүү болгоомжилбол зохих вэ?  

-Дэлхий дахинд ямар ч мэс засалд ороход эрсдэл, хүндрэл тохиолддог. Мундаг туршлагатай, 30-40 жил ажиллачихсан, алдартай эмчид ч ажлаа хийх үед их, бага хэмжээний эрсдэл байнга тохиолдож байдаг. Дэлхийд ч, Монголд ч ялгаагүй тохиолдоно. Тэгвэл яаж эрсдэл, хүндрэлгүй мэс засал хийх вэ гэдэг нь маш чухал асуудал. Хамгийн чухал зүйл бол тухайн хагалгаанд орох гэж байгаа хүний өөрийнх нь эрүүл мэндийн байдал. 

Гоо сайхан ч бай, нөхөн сэргээх ч бай, өвчний улмаас хагалгаанд орох гэж байгаа хүн ч бай тухайн хүний эрүүл мэндийн асуудал нэн чухал. Магадгүй, дотор эрхтэн цоо эрүүл хэр нь зүрх нь асуудалтай хүн байж болно. Эсвэл уушги асуудалтай байх юм бол тухайн хагалгааны чанар, үр дүнд шууд нөлөөлж, эрсдэл, хүндрэл гарах эх үүсвэр нь тавигдаад явчихдаг. Хувь хүний өөрийн дархлааны онцлог, шархны эдгэрэлтийн байдал, амьдралын орчин, ажлын онцлог, хөдөлмөрийн нөхцөл байдал гээд их олон зүйл үүн дээр нэмэгдэнэ. Ийм олон зүйлээс хамаараад тухайн хүний шарх хэр хурдан хугацаанд эдгэрэх вэ гэдэг нь шалтгаална. Хагалгааны үед болон дараа нь ямар хүндрэл гарч болзошгүй вэ гэдэг нь хүн бүр дээр ялгаатай. Жишээ нь, Бат гэдэг хүний шарх 3-5 хоногийн дотор эдгэтэл Дорж гэдэг хүний шарх 30 хоногийн дотор эдгэж байна шүү дээ. Яагаад удаан эдгэж байна вэ гэхээр тухайн хүний өөрийнх нь хувь хүний онцлог байж болно. Хавсарсан эмгэгтэй ч байж болно. Тухайн амьдарч байгаа орчин нөхцөлд ч байж болно. Хагалгаа хийсэн эмчийн туршлага, ур чадварт ч байж болно. Хэрэглэж байгаа эм тарианы чанар хүртэл нөлөөлнө шүү дээ. Тэгэхээр ямар ч хагалгаанд тодорхой хэмжээний эрсдэл хүндрэл байдаг гэдгийг ойлгох учиртай. Эмчтэйгээ маш сайн ярилцаж байж тухайн хагалгааг ингэж хийлгэнэ гэдгээ сонгох нь байна шүү дээ. Түүнээс биш хүндрэл гардаггүй хагалгаа, олон жил ажиллачихсан мундаг эмч юм чинь хүндрэл гарахгүй гэсэн ойлголт угаасаа байж болохгүй. Хамгийн гол нь ямар өвчтөнд ямар мэс заслыг, хэр зөв менежмент, хэр зөв тактикаар хийх вэ. Хагалгааны дараа хэр сайн асаргаа, сувилгаа, ямар эмчилгээ хийх вэ гэдгээс л аливаа мэс заслын үр дүн хамаардаг. 

-Хавдрын сүүлчийн шатанд яваа ч юм уу, нэгэнт амь насыг нь аварч чадахгүй нь тодорхой болчихсон өвчтөнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, аль болох ая тухтай байлгаад байдаг шүү дээ. Гоо сайхны хагалгаа хийлгэсэн хүний тухайд  магадгүй сэтгэл зүйн гэхээсээ тухайн хүний хувь хүний сахилга бат, дэг журамтай холбоотой шаардлага тавигдана байх. Ямар ч өвчний үед баримтлах дэг байдаг шүү дээ. Магадгүй, хагалгаанд орсон хүмүүс сахартай хүнс идэж болохгүй байх. Үүн шиг гоо сайхны хагалгаанд орсон хүмүүс ямар сахилга бат, дэг журам сахидаг юм бол оо? 

-Тухайн хүн ямар эрхтэний аль хэсэгт ямар мэс засал хийлгэсэн бэ гэдгээсээ хамаараад баримтлах дэглэм тухайн хагалгаа болгон дээр янз бүр. Гэхдээ ерөнхийд нь баримтлах дэглэм гэж байна шүү дээ. Нэгдүгээрт, Монгол орон бол эрс тэс уур амьсгалтай. Улаанбаатар хотын агаарын бохирдол маш их. Үүн дээр нэмээд монголчуудын маань амьдралын хэв маяг бас их онцлогтой шүү дээ. Ариун цэвэр, эрүүл ахуй бол хамгийн түрүүнд баримтлах ёстой нэн чухал дэглэм. Үгүй ядаж л нүүрний хэсэгтээ ч юм уу, хамар, зовхи, эрүү, хүзүүндээ мэс засал хийлгэсэн бол аль болохоор тоос шороогүй, агаарын бохирдолгүй орчинд ядаж 5-7 хоног байх хэрэгтэй. Мөн ажил, хөдөлмөрөөсөө 5-7 хоног чөлөө авсан байх ёстой. Цээжний мэс засалд орж байгаа хүмүүс 5-7 хоног хэвтээд, хөдөлгөөнөө аль болох хязгаарлах ёстой. Иймэрхүү ерөнхий дэглэмүүдээ барихаас гадна  архи дарс ууж болохгүй, тамхи татахгүй. Тэгэхээр  гадуур гарч,  зугаалахгүй гэсэн үг.  Мөн бодибилдинг, фитнесээр хичээллэхгүй.  Хагалгаа болгон дээр тусгайлсан барих гам, дэглэмүүдийг манай эмч нар тухай бүрд нь өгөөд явдаг.

-Төлбөрийн хувьд хэр боломжийн байдаг вэ. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдтэй харьцуулахад “Сондор мед”-ийн төлбөр ямар байдаг юм бол. Мэдээж, дэлхийн жишигтэй харьцуулахад арай наана тусна байх гэж тааж байна? 

-Яах вэ, ер нь бусад эмнэлэгтэй харьцуулахад дундаж жишгээр л бид тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа. Монголчууд маань санхүүгийн хувьд тийм ч өндөр чадамжтай биш байна шүү дээ. Нөхцөл байдлаа ойлгоод аль болох уян хатан нөхцөлтэйгөөр тухайн үйлчлүүлэгчээ дэмжих боломж, гарцыг л хайдаг даа.  Манай хамт олныг зориод ирсэн эмчлүүлэгчийн маань мөнгө мэс заслын төлбөртөө хараахан хүрэхгүй байлаа гэхэд, хэрэв нийгмийн даатгал төлдөг бол Store Pay, Pocket zero зэрэг апплейкшн ашиглан зээлэх боломжтой.  

-Одоо ингээд хүн хүссэн дүр төрхөөрөө дахин “төрж” болж байна. Гэтэл зарим нь дүр төрх төдийгүй эхээс төрсөн хүйсэндээ хүртэл сэтгэл хангалуун бус байдаг. Бие, физиологи, сэтгэл зүйн хувьд огт өөр сонирхолтой хүмүүс байдаг шүү дээ. Сонсож байснаар Тайландад хүйсээ солиулах хагалгаа хийлгэдэг байх. Монголд ийм боломж байгаа юу?

-Дэлхийн бүхий л орны хүмүүст одоо тохиолдож байгаа асуудлын нэг л дээ. Бие махбодь, сэтгэл зүйн хувьд төрөлхийн бэлгийн чиг хандлага нь өөр,  трансжендер ч гэдэг юм уу ийм хүмүүс байгаад байгаа шүү дээ. Энэ хүмүүстээ зориулаад тухайн үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийн хүсэлтийг харгалзан үзээд, тэр хүмүүсийн зөвшөөрлөөр бид эрэгтэй хүнийг эмэгтэй болгох, эмэгтэй болгохын тулд хөх хийх,  бэлгэ эрхтэний пластик мэс заслыг хийж байгаа. Манай хамт олон ийм мэс заслуудыг ялангуяа, эрэгтэй хүнд хөх хийх, хөх томруулах мэс заслыг нэлээд хэдэн жил хийж байгаа. Мөн эмэгтэй хүмүүсийн хөхийг аваад, эрэгтэй цээжтэй болгох мэс заслуудыг бас хийдэг. Бэлгэ эрхтэний пластик мэс заслууд дээр гадны  эмч нартай хамтарч, ажилладаг. Удахгүй Монголд, бид нар өөрсдөө хийгээд эхэлнэ байх.

-Эргээд энэ маань хууль, эрх зүйн хувьд хэр хүлээн зөвшөөрөгдсөн байдаг юм бол. Манай улсад албан ёсны бичиг баримт дээр эрэгтэй, эмэгтэй гэдэг л хүйсийн сонголт байдаг шүү дээ. Зарим улсад бусад гэсэн хүйсийн сонголт байдаг гэсэн?

-Манай улсад энэ асуудлыг сүүлийн жилүүдэд л нээлттэй ярьдаг, төрөлхөөсөө бэлгийн чиг хандлага нь өөр хүмүүс ил тод болж байна. Энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар төрийн бодлого чиглэж, онцгойлон анхаардаг болсон байгаа. Удахгүй энэ чиглэлээр эрх зүйн орчин нь боловсронгуй болно байх гэж найдаж байна.

-Үүний зэрэгцээ нийгэмд сөрөг хандлагууд байдаг нь нууц биш шүү дээ. Ялангуяа, өсвөр насны хүүхдүүдэд буруугаар нөлөөлөх вий гэж эцэг эхчүүд болгоомжилдог

-Төрөлхийн өөр чиг баримжаатай хүмүүсийг бид  ойлгож, эмчилж туслан, тэр хүмүүсийн бие галбирыг засаж байгаа ч гэсэн нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн үйлчлүүлэгчийн нууцыг хадгалж, энэ талаарх мэдээллийг нийгэмд ил гаргадаггүй. Тиймээс иймэрхүү төрлийн мэдээлэл биднээр дамжин нийтэд ил тод болж, түүнийг нь өсвөр насны хүүхдүүд дуурайж, буруу үлгэрлэл авахгүй. Энэ тал дээр бид маш болгоомжтой ханддаг.

-Өсвөр насны хүүхдүүд түрхэн зуур буюу шилжилтийн насны үедээ өөртөө итгэлгүй болдог.  Бие махбодь, оюун санааны хувьд бүрэн гүйцэд өсөж хөгжөөгүй байгаа учраас буруу шийдвэр гаргах магадлалтай. Түүнийгээ ч мэдэхгүй биеийн дефекттэй хэсгээ засуулна гэж байж ч магадгүй.

-Өсвөр насны хүүхдүүд өөрсдийнхөө бие эрхтэнд сэтгэл дундуур байх, түүндээ стресстэх, улмаар сэтгэл гутралд орох тохиолдол цөөнгүй гардаг. Бидэн дээр  ээж нь хүүхдээ дагуулж ирээд “Манай охин, хүү ингээд байна, тэгээд байна” гээд тулгамдсан асуудлуудыг нь хэлээд ороод ирэх тохиолдол байдаг. Энэ үед бид аль болох “Чиний хувьд эд эрхтэн, бие махбодийн хөгжил бүрэн гүйцэд хөгжтөл санаа зовох зүйлгүй” гэдгийг хэлж ярин, ойлгуулахыг хичээдэг. Аль болох тухайн хүүхдийнхээ сэтгэл зүйг засаад гаргадаг даа. Одоохондоо өөрсдийнхөө сэтгэл ханамжгүй байгаа зүйлд нэг их онц ач холбогдол өгөлгүйгээр шилжилтийн насаа даван туулах зөвлөгөөг өгдөг.

-Бодох нь ээ, гоо сайхны мэс заслын салбар өндөр хөгжихийн хэрээр бас их эрсдэлтэй юм байна шүү. Тухайлбал, эрэн сурвалжлагдаж байгаа болон оргон зайлсан хүнд гэмт хэрэгтнүүд дүр төрх төдийгүй хүйс, нэрээ солиулаад ард түмний дунд орогнох эрсдэлтэй юм байна?

-Манай улсад одоогоор ийм тохиолдол гараагүй. Цаашид анхаарах л хэрэгтэй байх. Гарч болзошгүй эрсдэл шүү дээ. Гадаадын янз бүрийн кинон дээр ийм өгүүлэмж, гэмт хэргийн шинжтэй зүйлс гарч байдаг. Манай улсад хуулиараа нэг удаа нэрээ сольж болдог шүү дээ. Үүнтэй адилхан цаашид энэ салбарт хууль, эрх зүйн зохицуулалт хэрэгтэй болохыг үгүйсгэхгүй.

-Сонирхолтой яриа өрнүүлж иргэддээ мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. Танай “Сондор мед”-ийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа, танай “Өглөөний сонин”-ы хамт олны ажилд амжилт хүсье. Монголын ард түмэндээ шинэ оны мэнд хүргэе. Бие, сэтгэл, оюун санааны эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top