Төрийн ордон хөл толгойгоо алдаж, УИХ дадлагын талбар болов уу?!

2024 оны 08 сарын 21

 

Хатуу хэлбэл Монгол төр нэг талаар тоглоом болж дуусах тийшээ хандлаа. УИХ гэж өнөөхөндөө нэг л олон гишүүнтэй, учир зүйгээ ухаж, хөлөө олж амжихгүй будилж тэвдсэн цөөнгүй хүнтэй салан палан газар болсон харагдана. Энэ бол инээдэм биш, төрд нүүрлэж буй том эмгэнэл. Төрийн ордны босго дөнгөж алхсан шинэ гишүүд төрийн эрхэмсэг оршихуйг үл тоон элдэв зохисгүй үйлдэл хийж байгааг өмөөрч хаацайлах зүйл огт биш.

Дээхнэ үед зарим шинэ гишүүн эхний жилдээ “Суралцаж байна” хэмээн үг дуугаралгүй суудаг байв. "Тэнэг хүний дуугүй нь сүртэй” гэгчээр тэр нь ч дээр байж. Гэтэл одоо харин ч юм мэдэхгүйгээрээ гайхуулах шинжийн нөхөд олширчээ. Ямар учиртай ажил хийх гэж ирснээ ойлгож амжаагүй нэгэн ч байна.

Төрийн хар хайрцагны бодлого гэгчийг огт ойлгодоггүй, улс, үндэсний аюулгүй байдалтай холбоотой зарим асуудал цөөн хүний цээжний мухарт байх учиртайг ч ялгадаггүй, үзсэн харсан, сонссон дуулснаа хаа хамаагүй зарлаж, нийтэд цацаж, мундаг сайн шударга хүн болж тодрох гэсэн арга ядсан нэгэн ч орж ирж. Ямар сайндаа л УИХ-ын ээлжит бус чуулган дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс оруулж ирсэн нууцын зэрэглэлтэй асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр зарласан гишүүн ч гарсан байна. Хамар доорх хагархайгаа захирч чаддаггүй хүн төрийн өндөр дээд албан тушаал эрхэлж, төрийн нууц руу дөхөж болдоггүйн нэг жишээ энэ. Жагсаалтаар орж ирсэн зарим гишүүн тойрогт өрсөлдөж, УИХ-ын гишүүний мандат өвөрлөх гэж зовоогүйнх ч юм уу, учраа олж, төрийн хүн болсноо ухаартлаа их л хугацаа зарах бололтой.

Байтлаа өрөөнийхөө номер дугаарыг голлоо л гэнэ. “Хэцүү нэрт”-ийн дугаартай ижил хэмээн сэжиглэж 461 дүгээр өрөөнд орох гишүүн олдохгүй дөлөөд байсныг өмгөөлөгчөөр ажиллаж байсан хуульч гишүүн эмэгтэй авч бусдынхаа санааг амраасан л гэх. Хэрэг хийгээгүй л юм бол “Хар гэр”-ийн хаягтай ижил дугаартай өрөөнд орлоо гээд яав л гэж. Эсвэл үйлдсэн хэргээ нууж, 461 гэсэн тоо хармагц үнхэлцэг зүрх нь савласан тийм олон гэмтэй хүн сонгогдчихсон юм уу. Зориг гаргаж “Муу ёрын дугаар”-тай өрөөг эзэмшсэн мөнөөх бүсгүй гишүүн ч “Хорих 461 дүгээр анги бол хийморь сүлд дээшлүүлдэг, хүүхэдгүй эмэгтэйг хүртэл хүүхэдтэй болгодог ер бусын газар” гээд л нүүр номоороо бичнэ лээ.  Ямар ч мухар сүсэгтэй, үзэл бодолтой гишүүд ороод ирсэн юм, бүү мэд. Бас өрөөнийхөө тавилгыг голж, сайхан муухайгаар нь хэлээд явдаг гишүүд ч бишгүй дуулдсан. Төрийн ордны хөл, толгойг алдуулж баахан тавилга коридорт овоолчихсон зураг сошиалаар дүүрсэн. Хаа очиж ингэж өрөөний дугаар сонгож, тавилгыг нь голж шилж явсан гишүүд өмнөх УИХ-уудаас дуулдаагүй юмдаг.

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дэд дарга М.Нарантуяа-Нара гудамжинд яваа мэт хаа сайгүй лайвдаж, бүр чөлөө зөвшөөрөл авалгүй гадагш дотогш явж, бараа, бизнес сурталчлан, үүнийгээ УИХ-ын гишүүний ажил үүрэгтэй харшлахгүй хэмээн үздэгээ ч зарласан. Ингээд УИХ хэмээх хууль тогтоогч байгууллага өмд гутал зардаг лангуу болоход дөхсөн байна. УИХ-ын холбогдох байгууллагаас чөлөө авалгүй, парламентын гишүүний үйл ажиллагаанд ч огт хамаагүй ажлаар, зүгээр л нэг лангуу эрхлэгч аятай Хятадын Гуанжоу руу явчихсан эрхэм гишүүнийг юу гэж ойлгох вэ. Төрийн өндөр албаны хүн гадна талд хэнтэй уулзаж, юу хийж яваа нь, ямар харилцаа үүсгэж буй нь, тэр нь  улс орны эрх ашигт нийцэх эсэх нь, түүнээс улбаалаад өөрөө ч мэдэлгүй төрийн нууцыг гадагш алдуулах этгээдтэй хэлхээ холбоо тогтоох эсэх нь тухайн иргэн М.Нарантуяа-Нарагийн хувийн хэрэг бус, Монгол төрийн хэрэг, УИХ-ын гишүүний ухамсрын асуудал гэдгийг хэзээ ухаарах түшээ юм бол.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар тусдаа байртай болох ёстой. УИХ-ын гишүүд, сайд нар, хэвлэл мэдээллийнхэн нэг хуушуурын гуанзанд хамт хооллох ёсгүй” гэсэн байна лээ. Хэнтэй хамт хоол идэх нь бүр 100 дугаар асуудал. Наана нь Засгийн газрын гишүүд ажилдаа төвлөрч түргэн зүгшрэх нь, нуух зүйлээ дотроо хадгалж, төрийн нууцаа сахиж чаддаг байх нь чухал биз. Хуушуурын гуанзны тухайд төр, засаг өөртөө үйлчилгээ аж ахуйн газрын харьяа зоогийн газартай байсныг өмнөх засгийн үед хувьчилж, гудамжны GS25 оруулж хэд хоногийн өмнө бэлтгэж хөлдөөснийг мэдэхгүй халаасан хуушуураар Төрийн ордонд ажилладаг хүмүүсийн ходоодыг хорлох болсон. Тэндээс олныг хамарсан хоолны хордлого гарч гэмээнэ төр, засаг ажиллах чадвараа алдаж, төр эзгүйрэх шалтгаан болж мэдэхийг ч ухаарч сэхээрээгүй. Төрийн ордон дотроо гудамжны хоолны газар залчихсан улс орон Монголоос өөр байхгүй биз. Дээд давхрын зоогийн газрыг хувийн хэвшлийнхэн авч, байсхийгээд солигдож, байдал төрх нь олон хүн хөлхсөн хөдөө зам дагуух хоолон гэр мэт болжээ. Монгол төрийг ажиллах чадамжгүй болгоё гэвэл хувьд очсон хоолны газарт нь нэг будилаан тарьчихад л амархан гэгч төр, засаг чадамжгүй болно биз. Эрх биш Их тэнгэрийн үйлчилгээ, аж ахуйг хувьчлалгүй үлдээсэн байх хэмээн найдна. Түүнээс биш гаднаас ирсэн өндөр дээд түвшний зочид гийчдийг хордлогод оруулж улсын нэр сүрийг навс унагасан хэрэг болохыг үгүйсгэмгүй.

Парламент нэр дээрээ 126 гишүүнтэй хэмээгдэж буй ч нэдэр дээрээ арай чүү 60 орчим хувийн ирцтэйгээр л ээлжит бус чуулганаа хийж байна. Хуралдаанд суудаггүй гишүүд нь шинэчүүд голтой ч байх шиг. Чуулганы хуралдаанд сууж сураагүй хэсүүл хүмүүс төр барих хэцүү. Энэ бүхнээс харахад УИХ-ын сонгуульд ялангуяа жагсаалтаар нэр дэвшүүлж буй улс төрийн намууд ч, тойрогт нэр дэвшигчдээс шилж сонгож байгаа иргэд сонгогчид ч төр түшүүлэх тухайн хүнийхээ ёс зүй, мэдлэг, боловсролд анхаарч байхгүй бол наад захын төлөвшилгүй нөхөд төрийн түшээ болж эрх мэдэл атгадгийн жишээг эхнээс нь харж байна.

Ёс зүйн алдаа гаргасан гишүүдийг “Улсын өмч идэж хулгайлсан биш, тендэр зувчуулсан биш, тэднээс илүү идсэн уусан, хулгайлсан нөхөдтэй, давхар хашдаг албан тушаалаа өгөөгүй байгаа гишүүдтэй хариуцлага тооц” гэсэн иргэдийн сэтгэгдэл олон нийтийн сүлжээгээр дүүрэн харагдана. Идсэн, уусан, хулгайлсан, зувчуулсан, УИХ-ын гишүүний хавсарч хашиж болохгүй ажлаа өгөөгүй байгаа гишүүдтэй хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Түүний зэрэгцээ төрийн өндөр албан тушаал хашихаар сонгогдож орж ирчихээд төрийн тухай наад захын ойлголтгүй, төрийн хүний ёс зүйн хэм хэмжээг огт мэддэггүй, улс орныхоо, сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ төсөөлдөггүй гишүүдийг ч өмөөрөх учиргүй юм.

Захын нэг албан байгуулагын ажилтан ч удирдлагаасаа чөлөө авалгүй, хоног хугацаа саатах зэрэг зам зуурт учрах эрсдлийг тооцолгүй  “Амралтын өдөр юм чинь” гээд дуртай зүгтээ арилаад өгдөггүйг санах л учиртай. Тэр тусмаа төрийн нууцыг сахидаг, өндөр албан тушаалын хүн дур зоргоороо хэсэж яваад хөнгөн хуумгайн балгаар гаднын тагнуул туршуулын байгууллагын өгөөш болж “тэсрэх бөмбөг” тэврээд ороод ирэхийг байг гэхгүй. Чиг зүггүй явж байгаад осолд өртвөл яах юм. Ийм л учраас “Би хэрэг тарьчихлаа, уучлаарай. Чөлөө авах учиртайгаа мэдсэнгүй, одоо засарна аа” гэх эрх танхи үгэнд нь хууртаж толгойг нь илэх учиргүй юм.

УИХ гэдэг дадлагын талбар биш. Монгол Улсын хууль тогтоох байгууллага. Наад зах нь харьяа газраасаа чөлөө авч, хаашаа ямар зорилгоор явах гэж буйгаа мэдэгдэж сураагүй гишүүд олширвол юуных нь хууль тогтоох, хэрэгжилтийг нь хянах. Хууль тогтоох бус, хууль гэж юу болох, яаж хуулийн төсөл боловсруулж баталдгийг зарим шинэ гишүүнд заах дадлагын хугацаа гаргах үүрэг УИХ-ын Тамгын газарт ирж болзошгүй. Эс бол Удирдлагын академийн дэргэд “Шинэ гишүүдэд хууль зүйн анхан шатны ойлголт, хууль тогтоох мэдлэг өгөх түр дамжаа” байгуулах шаардлага ч үүсэж мэдэх нь. Ямар боловч төрийн алба, УИХ-ын гишүүний ажил гэдэг дадлага хийх дамжаа, түр курс биш гэдгийг ялангуяа жагсаалтаар орж ирсэн зарим гишүүнд хатуу сануулах цаг ирсэн байна.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.241.13) 2024 оны 08 сарын 22

Байгаа нөхцөлдөө тааруулаад ажлаа хий!!!!!! Туурга тусгаарлаж өрөө тасалгаа өөрчилсөнөөр ажил чинь сайжрахгүй ээ. Татвар төлөгчид бид өнөөдөрийн нөхцөл байдалдаа гомдоллолгүй ажлаа хийгээд л болж байна!!!!!!!!

0  |  0
ZOCHIN(58.160.64.25) 2024 оны 08 сарын 22

ER N BOL ENE UZEGDEL MONGOL HUMUUSIIN L UNEN TURHSHUUDEE...HAMGIIN GOL N AVILGAL LSHUUDEE....BUSAD N BOL YVAANDAA BOLNO...AVILGAL L BVAL MUHNU SUNUNUDUU....HEZEE CH HUGJIHGUISHUU....AVILGALTAI ULS....AFRIIKIIN BRUNDI GEDEG ULSTAI L IJILDUUSHUU MONGOL ...HAJUUD N RUANDA GEDEG ULS N AVILGALTAI TEMTCSENIIH EE TULUU IRGED N AMDRAL N HOL DEESHILSEN TUUHEES YDAHDAA SURAA CH...

0  |  0
ZOCHIN(58.160.64.25) 2024 оны 08 сарын 22

ER N BOL ENE UZEGDEL MONGOL HUMUUSIIN L UNEN TURHSHUUDEE...HAMGIIN GOL N AVILGAL LSHUUDEE....BUSAD N BOL YVAANDAA BOLNO...AVILGAL L BVAL MUHNU SUNUNUDUU....HEZEE CH HUGJIHGUISHUU....AVILGALTAI ULS....AFRIIKIIN BRUNDI GEDEG ULSTAI L IJILDUUSHUU MONGOL ...HAJUUD N RUANDA GEDEG ULS N AVILGALTAI TEMTCSENIIH EE TULUU IRGED N AMDRAL N HOL DEESHILSEN TUUHEES YDAHDAA SURAA CH...

0  |  0
зочин(86.111.137.65) 2024 оны 08 сарын 21

хаа очиж Нямдорж гуай чинь хуультай зангарагтай байлгаж чадсан мундаг хуульч байжээ

0  |  0
зочид(86.111.137.65) 2024 оны 08 сарын 22

ингээд Төр засгаа зах замбараа алдаж эх захгүй болгож байгаагийн хариуцалгыг нь хэн үүрэх юм вээ? Улс орныг балладаг жишээ Украйнаас эхлээд байжил бна!!!\n

1  |  0
Зочин(103.212.117.211) 2024 оны 08 сарын 21

ПАААА УИХ-ЫН ГИШҮҮН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ГЭНЭ ҮҮ ЁСТОЙ ЭРВААТАХ ЮМАА 128 гишүүн угаасаа хэрэггүй 76 байхдаа хэцүү басан.. Ер нь ЮУ БОЛООД БАЙГААН БЭ НЭГ Л ЯМАР Ч ЗАХ ЗАМБАРААГҮЙ ЮМ БОЛЖ БАЙНА. ЮУ МЭДЭХГҮЙ НӨХДҮҮДИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ НЬ ЗӨВ БАЙХ ШҮҮ

0  |  0
Зочин(202.126.89.187) 2024 оны 08 сарын 21

УИХ ЫН ДАРГА ЗАНДАНХЭН БОЛСОН ТЭР ҮЕЭС Л ЕР НЬ ИХ ХУРАЛ БОЛОН ТҮҮНИЙ ГИШҮҮД НЭГ Л СУЛБААГААД ЯВЧСАН ШҮҮ

0  |  0
songogch(202.9.46.155) 2024 оны 08 сарын 21

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААГАА ЗАНАЛТАЙГААР УРЖ ТАСДСАН Ч.ЛОДОЙСАМБУУ ГЭДЭГ НӨХРИЙГ ХУД-Н СОНГОГЧИД ГАРГАЧИХСАН......ТЭР ҮЙЛДЭЛ НЬ УИХ, ЗГ- Т ОГТ ПАДГҮЙ БОЛОЛТОЙ.....

1  |  0
Zochin(66.181.188.15) 2024 оны 08 сарын 21

Ямарч хүн улс орны аюулгүй байдлыг мэддэг байхаа ямар үед үг хэлэх ямар үед гадагшаа гарахаа мэдэх байлгүй УИХ суух гэж байгаа хүн юу хийх билээ гэдгээ судалсан байх ёстой шүү сэтгэлийн хөөрлөөр биш бүхэл бүтэн ард түмэн төлөөлж УИХ сууж байгаа шүү хөөөөөөөөөөөөөөөөөө Хамгийн гол нь улс орны аюулгүй байдал ???????????? Тэрч буй хэл хамаатан саданд хүртэл юу хэлэх юу хэлэхгүй байхаа мэддэг байх хэрэгтэй хөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөө

1  |  0
Монгол(202.126.90.181) 2024 оны 08 сарын 21

Маш зөв бичсэн байна, их хурлын гишүүн болох шалгуур үзүүлэлт хэрэгтэй болохын сонгодог баримт байна\nХүний хувьд ялгаварлаж болохгүй харин мэргэжил, ажлын туршлага зэрэг шаардлага байж болно шүү байх ч ёстойг Наранхүү харууллаа шүү

0  |  0
Баатархүү(202.126.91.204) 2024 оны 08 сарын 21

Эрх биш нэг ингэж дуугарч голд нь ортол хэлэх хүний нэг Оюунцэцэг мөнөөсөө мөн шүү

0  |  0
zzzz(139.5.217.184) 2024 оны 08 сарын 21

atsnykhaa baasyg ch oligtoikhon tsewerlej chadakhgui bairyn ork yumnuud kharagdaad baina daa , ter jagsaalt gej gai baijee

0  |  0
Зочин(66.181.160.104) 2024 оны 08 сарын 21

Эргүүлэн татаач зарим мэдоэлүүдийг

0  |  0
х(202.9.40.148) 2024 оны 08 сарын 21

Тийм шүү, дэмжиж байна. Ядаж сургалтанд бүрэн хамрагдах хэрэгтэй.

0  |  0
Top