Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Төрийн ордонд өчигдөр эхэллээ.
Чуулга уулзалтад 15 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, 20 орчим олон улсын байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон салбар бүрийн манлайлагч гадаадын 200 гаруй зочин, төлөөлөгч, Монгол Улсаас 600 гаруй төлөөлөгч оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бол НҮБ-ын индрээс “Тэрбум мод” ургуулах зорилт дэвшүүлсэн, улс орондоо үндэсний хөдөлгөөн өрнүүлсэн “Ногоон” Ерөнхийлөгч. Төрийн тэргүүн чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Аливаа улс үндэстний эв найрамдал, хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал байдгийн адил даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, шударга, энэрэнгүй нийгмийг цогцлооход эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо асар чухал юм.
Дэлхийн улс орнуудын баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх хугацааны талаас илүү хувь нь өнгөрөөд байхад жендерийн эрх тэгш байдлыг хангах 5 дугаар зорилтын хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.Хэдийгээр энэ чиглэлээр дэлхийн улс орнууд тодорхой ахиц дэвшил гаргаж байгаа ч хэрэгжилт нь төдийлөн хангалтгүй байгааг олон улсын байгууллагууд анхааруулжээ.
ОУВС-ийн судалгаагаар олон улс оронд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хязгаарласан эрх зүйн зохицуулалтууд байсаар байгаа төдийгүй шийдвэр гаргах түвшинд ч эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйчүүдээс бага хэвээр байна.Тухайлбал, энэ оны зургаадугаар сарын байдлаар дэлхийн 26 улсын төр, засгийг эмэгтэйчүүд удирдаж байгаа бөгөөд дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн 26.5 хувь, сайдын түвшний албан тушаалын 22 хувийг эмэгтэйчүүд хашиж байна.Мөн эмэгтэйчүүд албан бус, цалин хөлсгүй ажил хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнхийг эзэлж байгаагийн зэрэгцээ эрчүүдээс дунджаар 12 орчим хувиар бага цалин хөлс авч байна.
Хэрэв улс орнууд жендерийн эрх тэгш байдлыг бүрэн хангаж чадвал дэлхийн эдийн засаг 23 хувиар тэлэх боломжтой болохыг ОУВС-ийн судалгаанд дурджээ.Манай улс энэ түүхэн уламжлалаа улам бүр баяжуулан хөгжүүлж, үндэсний хэмжээнд салбар бүрд, бүх түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлж, бүс нутагтаа манлайлал үзүүлэн ажиллахыг зорьж байна.Цаашид бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2000 онд баталсан “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 дугаар тогтоол, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн 2018 онд дэвшүүлсэн “Энхийг сахиулах үйл ажиллагаа” санаачилгыг бүх талаар дэмжин, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог улам нэмэгдүүлэхийн төлөө идэвхтэй ажиллах болно” хэмээн онцлон тэмдэглэв. Чуулганы санаачлагч УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлж дуусах хугацаа ойртсоор байгаа ч дэлхий дахиныг хамарсан хямрал сөргөлдөөн, цаг уурын өөрчлөлт нүүрлэсэн түүхий эгзэгтэй агшин тохиолоо. Эмэгтэйчүүдээ хүчирхэгжүүлж, оролцоог нь хангасан хүйсийн тэгш байдалгүйгээр эдгээр хяралыг даван туулж, эх дэлхийгээ аварч чадахгүй” гэдгийг тэмдэглэв.
Бүгд Найрамдах Словени улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар “Манай улсад зургаан сарын өмнө 14 хүртэлх насны 5000 охин, хөвгүүний дунд судалгаа хийсэн. Судалгаагаар “Эмэгтэйчүүд улстөрд манлайлагч болж чадах уу” гэсэн асуулт тавьсан. Ингэхэд хөвгүүдийн 48 хувь нь үгүй гэж хариулжээ. Энэ хариулт буруу гэдгийг нотлохын тулд би өнөөдөр энд ирсэн. Энэ чуулганд оролцож байгаадаа би маш их баяртай байна.
Словени улс хүйсийн эрх, тэгш байдал бол нэн чухал гэдгийг ойлгосон. Манай парламентын гишүүдийн 44 хувь, Засгийн газрын гишүүдийн 7.7 хувь нь эмэгтэйчүүд. Улс төрийн эмэгтэйчүүдийн оролцоо 35.5 хувь болж нэмэгдсэн. Нэг хүнд ногдох ДНБ 7 доллар болсон бол өнөөдөр 34 мянга ам.доллар болтлоо нэмэгдсэн. Тэгэхээр аливаа шийдвэр гаргалтад, аливаа нийгмийн хөгжил цэцэглэлтэд эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал гэдгийг харуулж байна.
Нэг түүх яръя. Европын холбооны улсад саяхан нэг хууль баталсан. Бүртгэлтэй компанийн ажилчдын 3/1 нь эмэгтэйчүүд байна гэдэг. Энэ нь ашигт ажиллагааны түвшнийг нэмэгдүүлнэ гэдэг судалгаа гарчээ. Тиймээс бид эмэгтэйчүүдээ боломжоор хангах хэрэгтэй.
Тэгш байдал бол шударга ёс л гэсэн үг шүү дээ. Хүн бүрд гутал өгье гэж бодъё. Энэ бол тэгш байдал. Харин гутлыг хүн бүрийн хөлийнх нь өмсгөлд тааруулж өгвөл тэр эрх тэгш байдал юм. Үүнтэй адил улстөр, бодлогодоо шударга, тэгш байдлыг улам бүр дэмжих ёстойг цохон тэмдэглэх гэсэн юм. Словени улсын түүхэндээ хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч нь би. Словени улс феминист (эмэгтэйчүүдэд чиглэсэн) гадаад бодлогыг хэрэгжүүлж ирсэн” гэв.
Бээжин хотод 1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлаас хойш Ази тивд эмэгтэйчүүдийн ийм өргөн цар хүрээтэй форум болж байгаагүй. Бээжингийн бага хурлыг,мөн түүнээс өмнө Мексик (1975), Дани (1980), Кенид (1985) тав, таван жилийн зайтай болсон өмнөх хурлуудыг НҮБ-аас зохион байгуулж байсан юм. Энэ удаагийн чуулга уулзалтыг НҮБ, Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байгаагаараа онцлог юм. “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт уг чуулга уулзалтын үеэр зургаан салбар хуралдааныг зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх чуулга уулзалтаар 1.Байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо,
2. Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг,
3. Цахим эдийн засаг дахь энтрепренер эмэгтэйчүүдийн оролцоо,
4. Жендерийн тэгш эдийн засаг,
5. Эмэгтэйчүүд охидыг чадавхжуулахад боловсролын ач холбогдол, нөлөө,
6. Спорт, урлаг, соёлын салбар дахь жендерийн тэгш байдал зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцэх бөгөөд нэгдсэн зөвлөмж гаргах юм.
М.Зул
Сэтгэгдэл ( 0 )