ХЭН ЮУ ХЭЛЭВ | Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 08 сарын 27

 

Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буланд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хотын даргын орлогч Н.Мандуул нарын хэлсэн үгнээс онцолж байна.

-УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН: Улсын болон хувийн хэвшлийн бүх байгууллага ЭМДЕГ-тай гэрээ байгуулдаг. Энэ жил тийм төрлийн тусламж үйлчилгээг, тэдэн төгрөгт багтаан үзүүлнэ гэж гэрээлдэг. Тэр нь хэтэрчихсэн. Хийсэн гэрээний үнийн дүн хэтэрсэн газрууд руу мэдэгдсэн. Түүнээс ямар нэгэн байдлаар санхүүжилт зогссон зүйл байхгүй. Гэрээний сунгалт хийх үү, үгүй юу гэдэг л асуудал. Ер нь, Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа. Санхүүжилт багассан. Гэхдээ санхүүжилт байхгүй гээд ямар нэгэн тусламж үйлчилгээг зогсоогоогүй. Харин хувийн хэвшлийнхэнд хийсэн гэрээ нь ийм түвшинд байна, мөнгөн дүнд чинь хүрсэн шүү гэдэг мэдэгдлийг л хүргүүлсэн.

 

 

-Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ: Монгол Улс булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа. Гадаад бодлогын энэ хүрээнд Оман улстай харилцаагаа бэхжүүлж, урт удаан, бат бэх түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна. Хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд улс төрийн найрсаг түвшинд харилцаж ирсэн. Цаашид хамтын ажиллагааг шинэ түвшин хүргэхэд санал нэгдлээ. Манай улс, Оман улстай тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Эдийн засгийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлж, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, боловсрол, байгаль орчны салбарт харилцааны эрхзүйн орчныг бэхжүүлэхээр тохиролцлоо.

 

 

-Хотын даргын орлогч Н.МАНДУУЛ: Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд соёлын салбарыг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилт тавьж, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд технологийн дэвшлийг ашиглан соёлын өвийг дэлхийд сурталчлах том амбицтай ажлыг эхлүүлсэн. Аялал жуулчлалын салбар ч энэхүү ажлаас хойш суухгүй, хөл нийлүүлэн алхана гэдэгт итгэлтэй байна. Алхаж ч байгаа гэж харж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
q(202.9.40.74) 2024 оны 08 сарын 27

Uvsiin hyrgas sumiin haryat jorlongiin shees baas dulguun nuuriin batsuh

0  |  0
Top