Telegram-ыг үндэслэгч Дуровыг Ассанжийн хувь заяа хүлээж байгаа юу?

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 27

Telegram олон нийтийн сүлжээг үндэслэгч Павел Дуров WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн хувь заяаг давтаж магадгүй. Учир нь Telegram мессенжер нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нэгт тавьснаар олон улстөрчдийн дургүйцлийг хүргэдэг. Дуровыг баривчилсан нь түүнд дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.

Telegram нь контентод маш бага цензур тавьдаг платформ. Энэ бодлого нь өрнөдийн улстөрчдийн дургүйцлийг хэдийн хүргээд байгаа. Дуров дараагийн Ассанж болж магадгүй гэж Киотогийн их сургуулийн дэд профессор Паскал Лоттаз онцолжээ. Францад баривчлагдаад буй Павел Дуровыг цахим гэмт хэрэг, санхүүгийн гэмт хэрэг дээр эрх баригчидтай хамтран ажиллахаас татгалзсанд буруутгаж байна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Павел Дуровыг баривчлах шийдвэр нь улс төрийн зорилгогүй хэмээн мэдэгджээ.

Павел Дуровыг Францын Ле Бурже нисэх онгоцны буудалд өнгөрсөн бямба гарагт саатуулсан билээ. Дуров нь ОХУ болон Францын давхар иргэншилтэй. Түүнийг ийн саатуулснаас хойш Telegram сүлжээ Франц улсад хамгийн их татагдсан нийгмийн сүлжээний жагсаалтыг тэргүүлж эхэлсэн бол АНУ-д хоёр бичигджээ. Дэлхий дахинд тус сүлжээний хандалт дөрвөн хувиар өссөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top