-ӨГЛӨӨНИЙ НАР ТОСОН СЭРГЭЛЭНГ ЗОРЬСНЫ УЧИР-
Наймдугаар сарын 25-ны өглөө эрт. Ням гараг. Нийслэл хотын хөл хөдөлгөөн дөнгөж эхэлж, өдөржин түгжрэлд дарагддаг зам харгуй эзгүй шахам цэлийж байх цаг дор Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ны ордны өмнөх талбай ер бусын хөл хөдөлгөөнтэй байв. Цугларагсдыг ажвал хурандаа голдуу цолтой цэргийнхэн, бас энгийн хүмүүс. Дийлэнх нь өнөөгийн хэлээр бол 50 нэмэх насныхан. Дуу шуу болон уулзаж, хаа холоос бие биеэ угтан тосож амар мэнд мэдэлцэхийг үзвэл эртний танилууд гэдэг нь илт. Ийн цугласаар 90 гаруй хүн болжээ.
Тэд бол Монголын залуучуудын байгуулллагын 103, “Залуучуудын үнэн” сонины 101, Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан арга хэмжээ, хоёр үеийн уулзалтад оролцохоор Төв аймгийн Сэргэлэн сумыг зорих залуучуудын байгууллагын ахмад ажилтнуудын төлөөлөл. Б.Сэргэлэнбаатар ерөнхийлөгчтэй МЗХ-ны өнөөгийн удирдлага, Б.Энхмандах, Ж.Рэнцэн-Амгалан тэргүүтэй МХЗЭ-ийн ахмад ажилтны холбооны тэргүүлэгчид, хурандаа Ж.Мөнхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн бие бүрэлдэхүүнээс санаачлан уг арга хэмжээг зохион байгуулсан юм.
Тус нэгтгэл нь БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин Х.Чойбалсангийн нэрэмжит. Х.Чойбалсан нь Бошгыг халах залуучуудын эвлэл буюу өнөөгийн Монголын шинэ цагийн залуучуудын байгууллагыг үндэслэгч. Цэргийн алба бол залуусын алба гээд сэжим хөөх юм бол залуучуудын байгууллага, тус нэгтгэл хоёрыг холбох учиг, утга олон.
Хоёр урт автобусны суудал нэгэнт эзнээ олсон учир бүгдийг тухтай аялуулахаар МЗХ-ны ажилтан залуус байрнаасаа сандал зөөж сул зайг дүүргэн тавьсаар сая бүх хүнийг суудалтай болгоод ургах наран зүг хөдөллөө. Хөдөлгөөн сийрэг тул торох саадгүй довтолгосоор Налайх орж, тэндээсээ урагш эргэн Сэргэлэн сумыг зорив.
-ХҮНДЭТ ХАРУУЛ, УЛААН ХИВС, ЁСЛОЛЫН МАРШТАЙ УГТАЛТ-
Х.Чойбалсангийн нэрэмжит, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд хүрч очиход төр, засгийн дээд түвшний төлөөлөгчид ирсэн мэт нэгтгэлийн дайчин тугаа мандуулж, улаан хивс дэвсэж, хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимд ёслолын марш эгшиглүүлэн угтлаа. МЗХ-ны үе үеийн төлөөлөл тэнд очихдоо МХЗЭ-ийн зургаан одонт туг, Зэвсэгт хүчний залуучуудын байгууллагын жанжин тугийг залж хүргэсэн юм.
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн түүхээс сөхвөл 1923 онд жанжин Д.Сүхбаатарын тушаалаар “Хуягт тэрэгний суман” нэртэй байгуулагджээ. 1952 онд маршал Х.Чойбалсангийн нэрэмжит болсон байна. Үүсэж байгуулагдсан цагаасаа дайчин замнал туулсан энэ нэгтгэлийн цэрэг дайчид Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болсон их, бага хэмжээний бүх тулгаралт, мөргөлдөөн, байлдаан, 1939 оны Халх голын болон 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон, монгол цэргийн түүхэнд тодоор дуурсагдах гавьяа байгуулсан онцлогтой. Тиймдээ ч тус нэгтгэлээс Ш.Гонгор, Л.Гэлэгбаатар, Д.Нянтайсүрэн, Л.Аюуш, Д.Данзанваанчиг, С.Дампил, Б.Цог, М.Жанчив, Д.Хаянхярваа, Т.Дүүдэй нарын БНМАУ, Монгол Улсын 10 баатар төржээ. Мөн Ц.Төмөр, Р.Авирмэд, Н.Алтантогос нарын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Г.Мягмаржав, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Төрийн шагналт түүхч О.Батсайхан, Төрийн шагналт хүний гавьяат эмч Г.Баяраа, олон арван гавьяат цолтнууд тус нэгтгэлд алба хаажээ. Хурандаа генерал С.Батаа, Б.Цог, хошууч генерал Г.Эрэндоо, Д.Гэндэнпил, Т.Туваанжав, Р.Гүнчин-Иш, Э.Цэрэндорж, Д.Магсаржав, Ч.Магсар, Д.Бадам нарын зэрэг 26 генерал нэгтгэлд ажиллаж, 100 жилийн түүхэнд 29 захирагчийн нүүр үзжээ. Нэгтгэлийн өнөөгийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяр НҮБ-ын мандаттай энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, Ирак, Афганистан, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тус нэгтгэлд гурав дахь жилдээ ажиллаж байгаа юм байна.
МЗХ, МХЗЭ-ийн ахмад ажилтны холбооны удирдлагууд Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, очсон хүмүүс баатруудын дурсгалын цогцолборт хүндэтгэл илэрхийлсний дараа нэгтгэлийн Соёлын төвд гол үйл ажиллагаа эхлэв.
-ЗАСГИЙН ГАЗРААС 2025 ОНЫГ ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОЖЭЭ-
МЗХ-ны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар эхний илтгэлийг сонсголоо. Тэрбээр “Өнөөдөр Монголын залуучуудын өдөр. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл өнгөрсөн жил 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Тус нэгтгэл нь Бошгыг халах залуучуудын эвлэлийг үндэслэгч Х.Чойбалсангийн нэрэмжит юм. МЗХ өдгөө шинэ шатанд гарах цаг болсон. Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Монголын залуучуудыг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор МЗХ олон ажил төлөвлөж байна. Засгийн газар бүтэцдээ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай болсон. МЗХ тун удахгүй Залуучуудын агентлаг гэдэг байгууллагыг хуулийн хүрээнд өөр дээрээ авахаар эхний шатны хэлэлцээнүүд амжилттай боллоо. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд та бүгдийн оролцоо их байгаа. Ахмадуудтайгаа байнга ойр дотно ажиллаж тэднээс зөвлөгөө, заавар авч байх болно” гэсний дараа үлээвэр найрал хөгжимд Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүллээ.
Үүний дараа тус нэгтгэлийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяр байгууллагынхаа бүтэц, бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэлийг хэрхэн хийж гүйцэтгэж байгаа ажлаасаа танилцууллаа. Тайван цагт цэргийн бэлтгэл, сургуулиа хангахын зэрэгцээ энхийг сахиулах ажиллагаанд олон албан хаагч үүрэг гүйцэтгэж, олон улсын цэргийн хамтарсан сургуулиудад оролцож иржээ. Мөн үер усны гамшгийн голомт, зудын үеэр үүрэг гүйцэтгэн иргэд, малчдад тусалсаар ирсэн байна.
Цэрэг дайчид халагдсаны дараа амьдралд нь хэрэг болох “Ажил хөдөлмөрт бэлтгэх сургалт”-ыг Барилгын политехник коллежтой хамтран зохион байгуулдаг аж. Эндээс залууст цахилгаанчин, гагнуурчин, тогооч мэргэжил эзэмшүүлж, жолооны курс, жолооны ангилал ахиулах сургалтад ч хамруулдаг юм байна. Олон улсын болон дотоодын зэвсэгт хүчний хэмжээнд болдог уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож иржээ. Голлох баяр ёслолын үеэр Сүхбаатарын талбайд болдог парадад тус нэгтгэлийн дайчид тогтмол оролцдог, техникийн парадад эдний байлдааны техник жагсдаг уламжлалтай. Хугацаат цэргийн алба хааснаар төрийн албанд орох эрх нээгдэж, дээд боловсролтой залуус офицер болон улирч, мөн бүрэн дунд боловсролтой бол ахлагчийн сургуульд элсэх, гэрээт албанд орох, цэргийн алба хаах хугацаандаа ЭЕШ-д хамрагдах, эмнэлгийн иж бүрэн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах, сар бүр цалин авах зэрэг олон давуу тал үүсэж байна. Гардан тулааны танхим, жагсаалын талбай шинэчлэн байгуулахад МЗХ-ны дэд ерөнхийлөгч н.Ганзориг дэмжлэг үзүүлсэнд нэгтгэлийн захирагч талархал илэрхийлсэн юм.
“Цэргийн жишиг хотхон” гэсэн төсөл хэрэгжүүлж, офицер, ахлагч, түрүүч, цэрэг дайчдын тав тухыг хангаж буй нь тус нэгтгэлийн нэг гол онцлог байв. “Эко ногоон төсөл”-өөр Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан тэрбум мод тарих хөдөлгөөнд тус нэгтгэлийнхэн идэвхтэй оролцож байна.
МХЗЭ-ийн ахмад ажилтны холбооны тэргүүн, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, доктор Б.Энхмандах хэлэхдээ наймдугаар сарын 25 бол Монголын нийт залуучууд, МЗХ-ны хувьд онцлог түүхэн өдөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг гэдгийг онцлов. Уг өдрийг онцлог байдлаар тэмдэглэх санаачлагыг МЗХ гаргаж, Бошгыг халах залуучуудын байгууллагыг үндэслэгч Х.Чойбалсангийн нэрэмжит тус нэгтгэлийн байнгын байрлал дээр Залуучуудын байгууллагын ахмад ажилтнууд, залуу дайчдын хоёр үеийн уулзалт хийж буйг тэрбээр тэмдэглэсэн юм.
МХЗЭ-ийн ахмад ажилтны холбоо нь залуучуудын байгууллагад ажиллаж байсан, биеэрээ амьд түүх болсон, залуусын хүмүүжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн үе үеийн олон ахмадыг нэгтгэсэн ТББ гэдгийг мөн танилцуулав. Уулзалтад оролцогсод дотор Монгол Улсын Ардын багш хоёр, гавьяат цолтон 12 хүрэлцэн иржээ. Цаашдаа үе хоорондын холбоо, харилцааг бэхжүүлэх, залууст дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүднээс баяр ёслолын үеэр төдийгүй бусад үед уулзалт, арга хэмжээг байнга зохион байгуулж байх нь зүйтэй гэсэн санаа бодол байдгийг ч МХЗЭ-ийн ахмад ажилтны холбооны тэргүүн Б.Энхмандах хэллээ. Цаашид МЗХ, МХЗЭ-ийн ахмад ажилтны холбооны хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтран хийх ажлаа чанаржуулах шаардлагатай байгаа гэлээ.
-ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТ БА ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА-
Уулзалт өдөрлөгийн үеэр ахмад дайчдын төлөөлөл ч үг хэлсэн юм. Өдгөө ялалтын 85 жилийн ой нь тохиож буй Халх голын дайн нь БНМАУ-ын хувьд томоохон сорилт шалгуур, дэлхийн дайны угтал болсныг тэрбээр онцоллоо. Дайнд оролцсон хүмүүсийн яриагаар Халх гол оргилон буцалж, Хайлааст манхан хайлж урсах мэт халуун тулаан болсон хэмээдэг байв. Улс орон даяар бүх үйл ажиллагаагаа дайны нөхцөл байдалд зохицуулж, бүхнийг ялалтын төлөө зориулж байсныг залуу дайчдад танилцууллаа.
Монголын Зэвсэгт хүчний залуучуудын байгууллага нь анх Цэргийн яамны дэргэд “Жавхланг бадруулагч” нэртэй байгуулагдсан Эвлэлийн үүрээс эх үндэстэй ажээ. Арми, залуучууд хоёр ихэр байгууллага. Ардын хувьсгалаас 18 жилийн дараа Халх голын дайн болсон. Цэргийн залуучуудын байгууллага ялалтын төлөө бүхнээ дайчилсан түүхтэй байгууллага. Маршийн үед эвлэлийн хурлаа морин дэл дээр ч хийдэг, цэргийн залуучуудын байгууллага нэлээд төлөвшиж чамбайрсан байсан. Тулалдаан болсон дөрвөн сарын дотор 400 гаруй цэрэг дайчид эвлэлийн гишүүн болсон. “Дайныг хүсэх юм биш, тулаад ирвэл ухрах юм биш” гэж Дандар баатар сургадаг байжээ гэдгийг тус нэгтгэлийн залуу дайчид ахмадын үгээс сонслоо.
Илтгэлүүдийн дараа 016 дугаар нэгтгэлийн урлагийн авьяастнууд, тус нэгтгэлийн “Оч” хамтлаг уулзалтад оролцогсдод зориулан тоглолт сонирхуулж, залуучуудын байгууллагын ахмад ажилтнууд ч ая дуугаа өргөсөн юм. Шагнаж урамшуулах үйл ажиллагаа ч болж, тус нэгтгэлийн зарим залуу офицер, дайчдад Монголын залуучуудын байгууллага, Нийслэлийн залуучуудын байгууллагын 100 жилийн ойн дурсгалын медаль гардуулж, нэгтгэлийн номын санчдад “Залуучуудын үнэн” сонины 100 жилийн ойд зориулсан тусгай дугаар, “Монголын ардын армийн залуучуудын байгууллага” ном болон бусад ном бүтээлийн дээжээс гардууллаа.
Үүний дараа уулзалтад оролцогчид дайчидтай зэрэгцэн сууж цэргийн хоол амталцгаав. Төмөр аягатай сүүтэй цай, төмөр тавганд дүүргэсэн жигнэсэн гурилтай шөл, гурвалжин будаатай хуурга, нэгтгэлийн гал тогоонд бэлтгэсэн боорцог, барьсан талх бүгд эрүүл, амттай хүнс байв. Цэрэг дайчдыг аль болох шимтэй, тэжээллэг хоолоор хангахыг нэгтгэлийн удирдлагын зүгээс анхаардаг ажээ. Зүгээр нэг хоол хүртээд гарцгаасан ч юм биш, МЗХ-ноос нэгтгэлийн хоолны танхимын засварт зориулж энэ үеэр нэг сая төгрөг хандивласан юм.
-ЗАЛУУС ЭХ ОРОНЧ ҮЗЛЭЭР ЦАНГАЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ-
Цэргийн алба хаасан, хааж буй залуус, “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан залууст өнөө үед нэн дутагдаад буй эх оронч үзэл илүү төлөвшдөгөөрөө онцлог. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн олон дайчин 2002 оноос эхлэн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож “Монгол цэрэг бол дэлхийн цэрэг” хэмээх нэрийг олон улсад дархлахад гар бие оролцоод байна. Түүгээр зогсохгүй халагдаж гарахад амьдралд хэрэг болох мэргэжил эзэмшиж, цалингаасаа тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болж буй.
Харин цэргийн алба хаагаагүй цөөн зарим залууст эх оронч үзэл хараахан бүрэн төлөвшөөгүй нь харагддаг нь тэдний буруу биш. Харин ч залуус эх оронч үзлээр цангаж байгаа юм биш биз. Тэдэнд зориулсан тусгай хөтөлбөр, шат дараатай үйл ажиллагаа дутаад байна уу гэсэн бодол энэ үеэр төрж байлаа. Ерөнхий болосролын дунд сургуулийн сурагчдын дунд цэрэг-эх орны сэдэвт үйл ажиллагаа явуулахад тэд маш идэвхтэй оролцдог шүү дээ.
Гадаад талд геополитикийн ээдрээтэй нөхцөл байдалтай, хөрш орон дайн самуунтай байгаа өнөө үед ийм үйл ажиллагааг залуусын дунд явуулахад буруудахгүй байх. Тухайлбал, энэ намар 85 жилийн ойг нь тэмдэглэх Халх голын дайны талаар олон янзын яриа гарч, тухайн үеийн нөхцөл байдлыг мэдэхгүй залуус аль нь зөвийг ойлгож мэдэхэд төвөгтөй болж буй. Зарим судлаач энэ дайн Монголд огтхон ч хамаагүй, тухайн үеийн Японы талд Монголд довтлох санаа огтхон ч байгаагүй хэмээн ярьж байгаа. Харин бодит баримтад тулгуурлавал түүх юу өгүүлдэг вэ?
Токио хотод 1946 оны тавдугаар сарын 3-наас 1948 оны 11 дүгээр сарын 12-ны хооронд “Токиогийн” гэх олон улсын шүүх хуралдаан болсон байдаг. Энэ хуралдаан дан ганц нэг талыг барьсангүй. Шүүх хуралдаанаас АНУ, Хятад, Их Британи, Австрали, Канад, Франц, Нидерланд, Шинэ Зеланд, ЗСБНХУ, Энэтхэг, Филиппин зэрэг 11 улсын төлөөлөгч багтаасан тусгай Шүүх байгуулжээ. Тэндээс “Японы тал БНМАУ руу эхэлж халдан довтолсон” гэсэн эцсийн дүгнэлт хийжээ. Энэ олон орны төлөөлөл багтсан тусгай шүүхээс дэлхийн дайны халуун гал дөнгөж зогсоод байсан цаг үед гаргасан дүгнэлт бодит байдалтай нийцсэн байж таарна. Энэ мэт түүхийн үнэнийг залууст тайлбарлах, тэдэнд нийгмийн сүлжээгээр тархаж буй мэдээллийг нягталж сурах, эх орныхоо түүхийг бодитоор мэдэх, эх орноо хайрлах үзэл суулгах нь гадна талын энэ ээдрээтэй нөхцөл байдал дунд хамгаас чухал болж байгаа нь бодит үнэн юм.
Залууст эх оронч үзэл суулган төлөвшүүлэхэд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Тус нэгтгэлийн 101 жилийн түүхэнд ойролцоогоор 24 орчим мянган хүн тэнд цэргийн алба хаажээ. Одоо ч олон залуу офицер, ахлагч нар ажиллаж, хугацаат болон гэрээт цэргийн албыг олон залуу дайчид хааж байна. Баялаг түүхтэй, олон баатар төрүүлсэн энэ нэгтгэлд залуус алба хаах сонирхолтой байдаг аж. Сэргэлэнгийн дивиз нэртэй байх цагаасаа барилга байшин, материаллаг баазын хувьд тохижилт сайтай. Тиймээс Батлан хамгаалахын өмнөх сайд нараас “Нэгтгэлийг түшиглэж энхийг сахиулах гурав дахь батальоныг байгуулах боломжтой” гэж байсан удаатай. Залуу дайчид ч цэргийн амьдрал үзээгүй залуус алба хаасан хүнээс аль нэг талаараа, тухайлбал, амьдралын хатуу, хүндийг даах нуруу, тэсвэр, чадвараар дутуу харагддаг. Цэргийн алба нь нийгмийн оролцоо, хоорондын харилцаа, ёс суртахууны өндөр боловсрол, өөрийгөө авч явах чадварыг бий болгодог, эр хүнд зориг тэсвэр, хатуужил суулгадаг хийморьтой газар хэмээдэг юм.
-ҮЕ ХООРОНДЫН АМЬД ХАРИЛЦАА ЧУХЛЫГ ХАРУУЛЛАА-
Төгсгөлд нь хэлэхэд үе хоорондын амьд харилцаа маш чухал болоод буй өнөө цагт Залуучуудын байгууллагын ахмад ажилтнууд, залуу дайчдын уулзалт хийсэн нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болсон гэдгийг хэлүүштэй. Ахмад, залуугаараа талцаж, амьд харилцаа алга болж, цахим ертөнц, олон нийтийн сүлжээнээс хөгшин залуугүй бодитой, бодит бус мэдээлэл холилдсон үер дунд хөвдөг болсон үед ийнхүү нүүр нүүрээ харалцан уулзаж, зоогийн танхимд тэдний гарын хоолыг зэрэгцэн сууж идэж, залуус нь ахмадууддаа цог золбоо бэлэглэж, ахмад нь залуустаа нас ахисан ч хийморилог явахын үлгэрийг үзүүлж нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Ерөөсөө л цахим ертөнцөд живж хоорондын амьд харилцаа дутагдах болсноор үеүд хооронд талцал, үл ойлголцол үүсэх болсон. Хамтарч суугаад ярилцвал амьд халуун уур амьсгал, үгүйлэгдээд байгаа ойлголцол үүсдэг гэдгийг харуулав. Орой тарах болоход ахмадууд нэгтгэлийн Соёлын төвийн арын талбайд цоглог хөгжмийн аялгуу дор намиртал бүжиглэцгээснийг бас хэлэх учиртай. Хоёр автобус дүүрэн зочид уулзалтаа өндөрлүүлж нийслэлийн зүг буцах болоход дайчид гар даллан үдэж, ангийн жижүүр ёсолсоор хоцорсон. Ахмадууд ч залуу насандаа эргэн очсон мэт цангинатал дуулсаар аян замдаа гарсан. Цэрэг дайчид дунд нэгэн өдрийг өнгөрөөсөн болоод ч тэр үү, дуулсан дууны ихэнх нь цэргийн сэдэвтэй. Цэргийн дуу бүжгийн чуулгын тэртээ цагийн уран бүтээлийн сангаас мэргэжлийн дуучид шиг дуулж явцгаасан нь бахархууштай. Тэр цагийн дууны үг ямар үнэн, аялгуу хэчнээн уянгалаг юм. Залуучуудын байгууллагын ахмад ажилтнууд ч барагтайхан мэргэжлийн дуучдыг ичээмээр яасан сайхан тунгалаг хоолойтой, бас ямархан чин сэтгэлийн гүнээсээ дуулах аялгуутай юм. Ахмадуудын дуу хоолой цуцах яагаа ч үгүй, ихийг бүтээх сэтгэл нь ч буураагүй байна. “Энэ их хүчийг нийгэм зөвлөх үйлчилгээ, бусад зүйлд ашиглаасай” гэсэн бодол замын турш төрж явлаа.
Тэмдэглэлийнхээ төгсгөлд энэ сайхан уулзалт өдөрлөгийг зохион байгуулсан МЗХ-ны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар, тус холбооны залууст, МХЗЭ-ийн ахмад ажилтны холбооны хүндэт ерөнхийлөгч, академич, доктор Д.Дашжамц, тус холбооны тэргүүн, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, доктор Б.Энхмандах, Нийслэлийн ХЗЭ-ийн нэгдүгээр нарийн бичгийн дарга асан Ж.Рэнцэн-Амгалан болон бусад хүмүүст, хурандаа Ж.Мөнхбаяр захирагчтай 016 дугаар нэгтгэлийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.
Сэтгэгдэл ( 0 )