В.Путин 2024 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ илгээжээ

2024 оны 08 сарын 28

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 3-6-нд Владивосток хотод зохион байгуулагдах 2024 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчид, зохион байгуулагчид болон зочдод мэндчилгээ илгээсэн. Энэхүү чуулга уулзалт нь манай улсын Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай тогтоосон эдийн засгийн ажил хэрэгч хэлхээ хобоог хөгжүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан юм гэж ОХУ-ын төрийн тэргүүн мэндчилгээндээ тэмдэглэжээ. Түүний хүрээнд хэрэгжүүлж буй Оросын болон гадаадын бизнес эрхлэгчид, төрийн хийгээд олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид, шинжээчдийн албан бус харилцаа нь бүс нутгийн олон тулгамдсан асуудлыг хэлэлцэх, ашиг тустай хамтарсан төслүүд боловсруулах боломж олгодог.

 “Энэ нь “Алс Дорнод – 2030. Хүчин чармайлтаа нэгтгэж, боломж бололцоо бүрдүүлцгээе” гэсэн 2024 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын урианд ч бас тусгалаа олсон байна. Олон улсын ажил төрөлд Ази, Номхон далайн бүс нутгийн гүйцэтгэх үүрэг эрчтэй өсөн нэмэгдэж байна. Энд үр ашигтай хоршин ажиллах шинэ боломжууд, түүний дотор ЕАЭЗХ, ШХАБ, БРИКС зэрэг нэр хүндтэй олон улсын бүтцүүдийн хүрээнд үр бүтээлтэй хорших боломжууд нээгддэг. Орос улс Ази, Номхон далайн орон зайд сонирхсон бүх түнштэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн бөгөөд жинхэнэ эрх тэгш байдалд үндэслэсэн, дарангуйлал, хориг арга хэмжээний дарамтаас ангид олон улсын харилцааны илүү шударга, ардчилсан тогтолцоо бүрдүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллах шийдвэр төгс байгааг батлан илэрхийлэхийг хүсч байна” – гэж Владимир Путин цохон тэмдэглэсэн байна.

Чуулга уулзалтад оролцогчид тээвэр, эрчим хүч, дэд бүтцээс аваад экологи, аялал жуулчлал хүртэл олон салбарт шинэ, ирээдүйтэй хэлбэрийн хамтын ажиллагааны тухай бодох хэрэгтэй болно гэж ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглэжээ.

 “Та бүхэн баялаг агуулгатай, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлж, дэвшүүлсэн санал, санаачлагууд чинь практик амьдрал дээр эрэлт хэрэгцээтэй байх болно гэж найдаж байна”  хэмээн Оросын төрийн тэргүүн дүгнэн хэлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top