Монгол улс цахим хөгжил, инновацын чиглэлд Казахстан улстай хамтран ажиллана

2024 оны 08 сарын 29

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Габит Койшибаевыг өчигдөр (2024.08.28) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Казахстан Улсад монголын олон стартап компани бойжиж, хөгжиж байгаад талархал илэрхийлэв. Казахстан Улс нь цахим хөгжил, инновацийн чиглэлээр дэлхийд үлгэр жишээ орноор тооцогдож байгаа бөгөөд Ази тивийн стартап компаниудыг бойжуулж, дэлхийд гарахад дэмжиж ажиллаж буйг онцлоод Монгол Улсын стартап компаниуд Казахстан Улсад үйл ажиллагаа явуулах, Астана Hub –д туршлага солилцох хүсэлтэй байгааг уламжилсан юм.Мөн Монгол Улсын Засгийн газар бүх яам, төрийн байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах боломжтой нэгдсэн цахим хуудсыг хөгжүүлж Казахстан улсын туршлагаас хуваалцах хүсэлтэй байгааг онцлов.

Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Габит Койшибаев: ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүд УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсонд баяр хүргэн, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцсан, бүх яам, төрийн байгууллагуудын нэгдсэн платформтой болох гэж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Казахстан Улсын зүгээс иргэдийн цаг хугацааг хэмнэсэн төрийн үйлчилгээг цахимжуулсан туршлага, төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас болон бусад олон асуудлаар туршлага хуваалцах, цаашид мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top