Э.Азжаргал: Оюутолгойн өрөм, тэсэлгээний багийн анхдагч эмэгтэй операторын нэг болсноороо бахархдаг

2024 оны 08 сарын 29

 

Оюутолгойн Ил уурхайн Өрөм, тэсэлгээний багийн анхны эмэгтэй операторын нэг Э.Азжаргалыг “Өглөөний зочин”-оор урьж ярилцлаа. Түүнд трайллер дээр цахилгаан өрөм аюулгүй ачиж буулгасан анхны эмэгтэй, уулын том өрмийг гартаа оруулсан оператор гээд бахархах зүйл олон бий.


-Залуухан бүсгүй өрмийн том машины оператораар ажилладаг нь үнэхээр бахархам байна. Давхар барилга шиг том машины дэргэд зогсож байгааг тань харахад сүрдмээр санагдлаа. Хэзээнээс энэ ажлыг хийж эхэлсэн бэ?

-Би Оюутолгойн ил уурхайд долоо дахь жилдээ ажиллаж байна. Анх 2018 оноос Оюутолгойд ажиллаж эхэлсэн. Эхлээд 350 тонны даацтай КАМАЗ машин дээр ажиллаж байгаад 2020 оноос өрмийн операторын ажилд эмэгтэйчүүдийг авах тухай зар гарахад шинэ зүйл суръя гэж бодоод тэр ажилд орохоор шийдсэн. Нэгэнт Дамп машин дээр ажиллаж байгаа юм чинь өрмийн машин дээр ажиллаж сурахыг мөрөөдөж байсан хэрэг. Мөрөөдөл ч биелсэн.

Ингэж ил уурхайн өрөм, тэсэлгээний багийн анхдагч эмэгтэй операторын нэг болсон. Ил уурхайн өрөм, тэсэлгээний багийнхан уулын чулуулгийг бутлах анхдагч үйл ажиллагааг хийж гүйцэтгэдэг маш хариуцлагатай ажил эрхэлдэг. Түүгээрээ өрөм тэсэлгээнийхэн аль ч уурхайн гарааны үйл ажиллагааг хийдэг гэж хэлж болно. Өрөмдлөг хийсний дараа тэсэлгээнийхэн тэсэлнэ. Үүгээрээ маш үүрэг хариуцлагатай, бахархалтай ажил юм. Ялангуяа эмэгтэйчүүд дэлхийн хэмжээний том уурхайн нэг болох Оюутолгойд өрөм тэсэлгээний анхдагч оператор болон ажиллаж байгаа нь монгол бүсгүйчүүдийн бахархал. Үр хүүхдэдээ үлгэр дууриал болон ажиллаж байгаадаа баяртай байдаг.

-Оюутолгой өөртөө сургалтын бүтэцтэй юу?

-Дамп, өрмийн машин дээр сургаж дадалагажуулах том баг Оюутолгойд ажилладаг. Тэднээс сурч өнөөг хүртэл өрмийн оператораар ажиллаж байна. Хүн сайн сайхан юуг л сурна, тэр бүрийг эрдэм гэж би боддог. Оюутолгойдоо л би энэ бүх ажилд суралцсан. Оюутолгой хүнийг та ямар чадвартай вэ гэж асууж анх ажилд авдаггүй. Та ажил хийх чин хүсэл эрмэлзлэлтэй юу, амьдралын төлөө хэр зүтгэх вэ. Хувь хүний хандлага ямар вэ гэдгийг л хардаг. Ажилд анх ормогц сургалтын багийнхан хүлээж авдаг. Олон жил ажилласан туршлагатай хүмүүс тэнд байна. Гадаад багш ч бий, монгол багш ч олон. Одоо би өөрөө сургагч багшийн орон тоон дээр ажилладаг болсон. Эхлээд өөрөө сурч байсан бол одоо шинэ хүмүүсийг сургаж дадлагажуулах гэж илүү ихийг судлаж байна. Онол, дадлагаас гадна аюулгүй ажиллагаанд сургах гээд операторуудыг бэлтгэхэд цаг хугацаа их ордог. Манай залуу багийнхан нэг нэгдээ хүндэтгэлтэй, шинийг санаачлан эрч хүчтэй, аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажилладаг онцлогтой.

-Өрмийн эмэгтэй оператор олон байдаг уу?

-Манай өрөм, тэсэлгээний баг одоо найман эмэгтэй оператортай. Нэгэн зэрэг орж ирсэн бүсгүйчүүд. Би өмнө нь хэдэн жил Дамп барьж байгаад орж ирсэн болохоор арай дадлагатай ч өрмийн машины хувьд эд нартайгаа ижилхэн л хамт орж ирсэн. Бүгд хүүхэдтэй залуу ээжүүд. Зарим нь захирал, зарим нь цэцэрлэгийн багш байсан бүсгүйчүүд.

-Таны үндсэн мэргэжил машин механизм талынх уу?

-Би ШУТИС-ийг хоол үйлдвэрлэлийн технологич мэргэжлээр төгссөн юм шүү дээ. Тэс өөр мэргэжлийн хүн. Гэтэл одоо техник талын хүн болчихсон. Үндсэн мэргэжлээрээ багахан хугацаанд ажиллаад л Оюутолгойд очсон.

-Уурхайн дотоод дэг журам хатуу биз?

-Хаалгаар ID дарж ороод л түлхүүрээ авч ажил эхлэхээс дүрэм үйлчилж эхэлнэ. Доторх дүрэм журам бол хатуу. Наад зах нь ажлын байран дотроо гүйж болохгүй гэх зэргээс эхлээд олон зүйл байна. Ажлын 12 цагтай. Тэр хугацаанд бид ажлыг хийсэн шиг хийдэг. Ажлын цагт маш их ач холбогдол өгдөг. Монгол Улсын том бүтээн байгуулалт энд явж байна шүү дээ. Орой 19:00 цагт ажлаас буугаад нойроо бүтэн авах ёстой. Тэгээд эрт босно. Гүний уурхай жинхэнэ том бүтээн байгуулалтын ажил руугаа ороод явж байгаа. Орон нутгаас олон хүн авч ажиллуулж байна. Олон мянган хүний амьдрал энд явж байна. Уурхай 24 цагаар ажиллана. Ажилчин, ажилтнууд 14, 14 хоногоор ажил, амралтаа хуваарилан дөрвөн ээлж болон ажилладаг.

-Ростер буюу ажил, амралтын ээлжлэх хугацаа 14,14 хоног болсон нь амьдралд хэр нийцэж байгаа вэ?

-Нийцэлгүй яах вэ. Түүнд маш их баяртай байгаа. Би олон хэлбэрийн ростерыг үзсэн. Ажил амралтын ээлжлэх хугацаа дөрөв дөрвөн хоног байхыг ч, 14:7, 21:7 хоног болохыг ч үзсэн. Бүр жаран хэд хоногоор ч ажиллаж үзсэн. Хамгийн оновчтой нь одоогийн 14:14 хоног шүү дээ. Цаг хугацааны 50 хувийг гэртээ, 50 хувийг ажил дээрээ өнгөрүүлж байна. Амьдралын тэнцвэртэй байдалд маш их тохиромжтой хэлбэр. Манай ажилтнууд үүнд маш их баярладаг. Гэрээсээ хол удаан ажиллах чанга шүү. Ар талдаа, үр хүүхдэдээ санаа зовно. Долоохон хоног гэртээ байгаад ажил руугаа буцахад харамсалтай байдаг. Одоогийн 14 хоног бол өөр. Энэ хуулийг батлуулсан УИХ-ын гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарынханд бид үнэхээр их баярладаг.

-Оюутолгойн уурхай гаднаасаа хэдэн сендвичин барилга харагддаг. Дотроо тохижилт, амьдрах орчин ямар байдаг бол?

-Гаднаасаа хэдэн сендвичин барилга харагддаг нь үнэн л дээ. Дотроо их гоё шүү дээ. Спортын танхим, чөлөөт цагаа тохитой өнгөрүүлж болох газруудтай. Кино үзнэ. Хоол унд сайн. Дутуу зүйл байхгүй. Аливаа зүйлийг сайхан энергитэй, сайхан байна гээд бодвол бүгд л сайхан. Гаднаас нь хараад шорон шиг гэж зарим нэг хүн боддог юм шиг байна билээ. Ханбогд суманд манай хотхон баригдсан. Тэнд гэртээ байгаа юм шиг тохижилттой байранд амьдарч байна. Хоолны мөнгө компаниас өгдөг, Ажиллах ээлжийн 14 хоногтоо таатай байх нөхцөлийг маш сайн бүрдүүлдэг. Бидний эрүүл мэндэд их анхаардаг. Уурхайн ажилтнууд ялангуяа уушгиа маш сайн хамгаалах хэрэгтэй болдог. Уурхай дотор SOS эмнэлэг гэж бий. Ажил хийж байх явцад хүнд ямар нэг зовиур илэрвэл үнэ төлбөргүй анхны шуурхай тусламж үзүүлдэг найдвартай эмнэлэг. Манайх бол дэлхийд тэргүүлэх том уурхай. Манай биш, бүр миний хамт олон гэж хэлмээр санагддаг. Тийм сайхан хамт олонтой. Бие биеэ түшиж тулдаг. Дотоод соёл маш сайтай.

-Бүсгүй хүн гэрээсээ хол, хүнд машин механизм дээр удаан хугацаанд ажиллахад ар талын түшиг тулгуур мэдээж маш их хэрэгтэй. Ар гэр тань их дэмждэг байх даа?

-Намайг энэ ажлыг хийхэд миний ээж аав, гэр бүл, хоёр хүү минь маш их дэмждэг. Миний хүүхдүүд өвдөхгүй сайхан байна. Хань түшигтэй байна. Ээж аав минь урам зориг өгч байна. Би ганцаараа биш, гэр бүлээрээ Оюутолгойд ажиллаж байгаа гэж ч хэлж болно. Нөхөр Н.Өлзийжаргал маань Тавантолгойд нүүрсний тээврийн жолооч хийдэг. Болж өгвөл намайг ажилтай байх үед хүүхдүүдээ харна. Намайг ирэхэд хэд хоног гэртээ байж байгаад тээвэртээ явна. Хоёр хүүхдийнхээ дэргэд аав, ээжийн аль нэг нь байж байхыг боддог доо.

-Хүүхдүүд тань хэддүгээр ангид сурдаг билээ?

-Том хүү Ө.Амин-Эрдэнэ есдүгээр анги, бага нь нэгдүгээр анги төгсөөд байна. Ээжийгээ 14 хоног ажилд явсан хойгуур манай хоёр өөрсдийгөө болгоод л байдаг. Хоолоо хийгээд, хувцсаа угаагаад сурчихсан. Биеэ дааж сурч байгаа. Яаж хөлс хөдөлмөр зарцуулж мөнгө олдгийг мэдрүүлэх, мөнгөний үнэ цэнийг ойлгуулах зорилгоор том хүүгээ нэг хөнгөхөн ажилд зуны амралтаар нь түр оруулсан. Том хүүгээ коллежид оруулж уул уурхайн гагнуурын ангид сургахаар боллоо. Шалгалтдаа тэнцсэн. Есдүгээр ангиа төгсөөд ийм том мөрөөдөл тээж, өөрөө бие дааж мэргэжлээ сонгоод байгаа. Би ч хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг дэмжсэн. Ээж шигээ Оюутолгойн уурхайд ажиллаад гагнуурчин болно гэж ярьдаг хүүтэй.

-Хаана сурах вэ. Даланзадгаддаа сурах юм уу?

-Тэгнэ. Манай энд Оюутолгойн тэтгэлэгтэй коллеж байдаг. Оюутолгой ирээдүйн ажиллах хүчиндээ их санаа тавьдаг газар. Олон төрлийн сургалт хийдэг. Амжилттай сайн төгсвөл ажлын байр бэлэн байдаг давуу талтай. Хоёр хүү маань Оюутолгойд очиж ээжийнхээ хийдэг ажлыг үзсэн юм. Миний ээжийн хийдэг ажил гэж их бахархацгаасан. Тэгээд л том хүүд маань гануурчин болж уурхайд ажиллах мөрөөдөл төрсөн шиг байгаа юм.

-Бага хүү зураг сонирхдог уу. Түрүүнээс хойш уйгагүй зурж суугаа харагдана. Туулай, бамбарууш гээд их уран гоё зурсан байна шүү дээ?

-Миний бага хүү Ө.Төгсжаргал долоон настай. Их төлөв түвшин зантай. Зурах дуртай, зургийн дугуйланд явдаг. Бүр багаасаа хүнийг хайрлах, энэрэх, ойлгох сэтгэлтэй. Ирээдүйд ямар хүн болох нь өөрийнх нь л мэдэх хэрэг. Хоёр хүүдээ албадаж нөлөөлдөггүй ээ.

-Хэтийн төлөв тань юу вэ. Операторын ажлаа хийх үү, өөр мөрөөдөл бий юу?

-Миний мөрөөдөл бол дахиад суралцана л гэж боддог. Ази тивд Монгол, Япон, БНСУ-д л хэдхэн ширхэг байдаг өрмийн хамгийн том машин Оюутолгойд байна. Уулын маш том өрөм. Энэ өрөм дээр ажиллаад сурчихсан юм чинь дараагийн жижиг өрмүүдийг сурна гэж бодож байна. Илүү ихийг сурна, мэднэ л гэж явдаг даа. Урагшаа л явна, арагшаа ухрахгүй.

Оюутолгойнхоо ирээдүйг ч мэдээж маш өөдрөгөөр төсөөлдөг. Бяцхан хөөрхөн үрсийн ээжүүд хүнд машин механизм дээр уурхайд ажилладаг гээд бодохоор бахархдаг. Эмэгтэй хүнээс ямар их хүч чадал гардгийг та нараасаа хардаг. Уул уурхайн эмэгтэйчүүдийн холбоо гэж ТББ бий. Тэнд бид юу хийх, цаашдаа хэрхэх, хэрхэн өөрсдийгөө хөгжүүлэх гээд олон зүйлийг төлөвлөж ярилцдаг. Манай уул уурхайн салбарынхан ч эмэгтэйчүүддээ маш их дэмжлэг үзүүлдэг.

Бидний салбартаа оруулж буй хувь нэмэр, зүтгэлийг үнэлж, салбарынхаа ирээдүйг тодорхойлоход  чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн урам нэмдэг. Дэлхийд дээгүүрт үнэлэгддэг томоохон уурхай Оюутолгойн ажиллагчдын нэгэн хэсэг болж байдгаараа бид ч бахархдаг. Оюутолгойн Ил уурхайн Өрөм тэсэлгээний  баг хамт олон,  Монголын анхдагч эмэгтэй  өрмийн операторууд, эрдэм мэдлэг, оюун ухаанаа дайчлан үр хойчдоо үлгэр дуурайлал болж Монгол орондоо ихийг бүтээж яваа хамт олондоо ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Соёл-эрдэнэ(122.201.31.130) 2024 оны 08 сарын 29

Мундаг дайчин найздаа эрүүл саруул сайн сайхан бүхнийг хүсье

1  |  0
Tesehgui Byambaa(66.181.161.32) 2024 оны 08 сарын 29

Мундаг дайчин хөдөлмөрч дүүдээ улам их амжилт хүсье

1  |  0
Top