АНУ-ын хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг болох "America's Got Talent" шоуны энэ жилийн дуулиант оролцогч болох 55 настай Ричард Гүүдалл олны анхаарлыг татсаар байна.
Эхний шатны шалгаруулалтад "Don't Stop Believin" дууг дуулсан тэрээр шүүгч Хэйди Клумаас "Алтан баззер" авч, бичлэг нь 23 сая хандалт авчээ.
Индиана мужийн Терра Хауте хотын оршин суугч Ричард "Вест Виго" хэмээх дунд сургуульд жижүүр хийдэг байна. Түүний бичлэг цацагдсан даруйд олны хайр, хүндэтгэлийг хүлээж, дэлхийн өнцөг булан бүрээс захидал, бэлэг илгээх болсон гэнэ.
Гэсэн ч тэрээр энэхүү хайр хүндэтгэл, нэр хүндийг тун даруухнаар хүлээн авч, сургуулийн жижүүрийн ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа аж.
Энэ тухайгаа Ричард "Би ямар хүн байсан тэр хэвээрээ л байгаа. Хуучин сургуульдаа ажилласаар байна. Би яаж дива болох вэ дээ, би тийм төрлийн хүн биш шүү дээ. Хэзээ ч тийм зүйл болохгүй. Тийм тансаглал эдлэх хүн би биш, өмнө нь ч тийм байгаагүй, цаашид ч тийм зүйл болохгүй" гэжээ.
Бага байхдаа Journey, Foreigner, Bob Seger, Aerosmith зэрэг уран бүтээлчдийг сонсож өссөн тэрээр караоке тэмцээнүүдэд оролцох болсноор сүмийн хамтлагт дуулж эхэлсэн байна. Цар тахлын үеэр 30 жил ханилсан эхнэрээ алдсан Ричардын сэтгэл санааг өргөхийн тулд дотнын найз нь түүнийг дуу хөгжмийн ертөнцөд эргүүлэн авчирсан гэнэ. Түүний ажиллаж байсан сургуулийн багш дуулж буй бичлэгийг нь тик ток платформд байршуулсан нь олны анхаарлыг багагүй татсанаар жижүүр өвөө Ричард "America's Got Talent" шоунд оролцохоор болжээ.
Ричард Гүүдалл тус тэмцээний шилдэг дөрөвт шалгараад байгаа бөгөөд 19 дэх удаагийн "America's Got Talent" шоуны ялагч болно гэдэгт шүтэн бишрэгчид нь итгэлтэй байгаагаа илэрхийлсээр байна.
Сэтгэгдэл ( 2 )
Гайхалтай сайхан дууллаа. Гэхдээ энэ хүн Janitor гэсэн байна. Монголоор бол хог цэвэрлэгч, хогийн машинд хог ачидаг хүн гэсэн үг л дээ. Зөв орчуулмаар юм даа. Ийм сайхан авъяас ил гаралгүй явсаар өдий хүрсэн нь харамсалтай
55 настай хүн эд насан дээрээ яваа эр хүн биш үү! Дахиад эхнэр аваад хүүхэдтэй болход одоо бол гайхаад байхгүй болсон.