“Хэн юу хэлэв” булангийн энэ удаагийн дугаарт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү нарын байр суурийг онцоллоо.
Д.Амарбаясгалан: УИХ хүний эрхийг дээдэлсэн шинэчлэл хийнэ
-Хүний эрхийн Үндэсний комисс УИХ-ын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг. Иймд УИХ-ын дарга ХЭҮК-оос эхлэн харьяа байгууллагуудаараа ажиллаж эхэллээ. Энэхүү уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ парламентын хууль тогтоох үйл ажиллагаандаа баримтлах үндсэн чиглэлийг танилцуулав. Үүнд нэгдүгээрт, хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, хоёрдугаарт хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болох, гуравдугаарт нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох зэрэг хууль эрх зүйн “Гурван төгөлдөржилт”-ийг онцлов.
Ш.Бямбасүрэн: Төсвийн тухай хуулиудыг яаруу баталсанд шүүмжлэлтэй хандаж байгаа
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь өөрөө маш чухал баримт бичиг. Энэ баримт бичгийг харьцангуй хурдан шуурхай баталсан гэж харж байна. Мөн төсвийн тухай хуулийг дагаж маш олон хууль орж ирсэн. Шинээр сонгогдсон гишүүдийн хувьд өмнөх процессийг нь төдийлөн мэдэхгүй, энэ хуулиуд анх хэрхэн батлагдсан, одоо яагаад өөрчлөгдөж байгааг судлах боломж хомс байлаа. Мэдээж, байнгын хороодоор хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлууд орж ирсэн. Асуулт тавих гэхээр Засгийн газар дөнгөж бүрдсэн, төсөв мөнгөө хэлэлцэж байна гээд асуултад хариулах сайд нар дутмаг бас хэт яаруу баталсанд тодорхой хэмжээний шүүмжлэлтэй хандаж байгаа.
Ц.Төрхүү: Би 20 гаруй жил ажиллахдаа Х.Нямбаатар шиг өдөр, шөнөгүй ажилладаг Засаг дарга хараагүй
-Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү Тохижилт үйлчилгээний байгууллагын удирдлагуудтай уулзан үүрэг чиглэл өгч, шүүмжлэлтэй хандлаа. Тэрбээр "Би 20 гаруй жил ажиллахдаа Х.Нямбаатар шиг өдөр, шөнөгүй ажилладаг Засаг дарга хараагүй. Шөнө хурал хийгээд сууж байхад, аягатай цай барьж чадахгүй татаж байсан. Энэ сэтгэлийг нь бодоод, бүгдээрээ удирдлага нь аятайхан ажилламаар байна" гэв.
Сэтгэгдэл ( 0 )