БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчлал маргааш эхэлнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 09 сарын 05

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд Дарга Хань Жөн манай улсад айлчилна. Айлчлал маргаашнаас эхэлж, есдүгээр сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

Таван жилийн өмнө 2019 онд Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор БНХАУ-ын дэд Дарга Ван Чишань Монгол Улсад айлчилж байсан юм.

Хань Жөн 2023 онд БНХАУ-ын дэд Даргаар сонгогдсон бөгөөд III Чарльзыг ИБУИНХУ-ын хаан ширээнд өргөмжлөх ёслол, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78-р чуулганд оролцож, 2024 оны 5-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хамт Орос-Хятадын экспог нээж байв.

Хань Жөн 2003-2012 онд Шанхай хотын дарга, 2012-2017 онд тус хотын намын хорооны даргаар ажиллах хугацаанд Шанхай хотын ДНБ 65 тэрбум ам.доллараас 480 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ний үзүүлэлтээрээ Хятадын муж, хотуудаас нэгдүгээрт эрэмбэлэгдсэн юм. Шанхай хотыг Хятадын эдийн засгийн хурдацтай хөгжлийн “Луугийн толгой” гэж нэрлэдэг. Тэрбээр 2018-2023 онд Төрийн Зөвлөлийн тэргүүн Шадар сайдаар ажиллаж, Хятадын эдийн засгийн бодлого төлөвлөлтийн асуудлыг бүхэлд нь хариуцаж байжээ. Хань Жөн Монгол дахь айлчлалаа өндөрлөөд ОХУ-ын Владивосток хотноо Алс Дорнодын эдийн засгийн чуулганд оролцох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top