Иргэн бүр Таван толгойгоос хувь эзэмших нь тэгээд “молиго” болов уу

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 26


 

Таван толгой гэгч буяны том тогооноос хүн бүр олз ашиг шүүрэх юм ярьцгаасаар хэдэн жилийг ардаа орхиж байна. Наадмын өмнөхөн Таван толгойн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл, УИХ-д өргөн барьж танилцуулах, шийдвэр гаргуулахаар болсон юм. Одоо л нөгөө хувь хүртээх ажил нь бодитоор хэрэгжиж эхлэх нь хэмээн хүмүүс тун баяртай, чих тавин чагнаж суув. Гэвч байдал нэг л биш болж байх шиг байна. Таван толгойн 40 хувийг Хятадын “Шинхуа” групп, 24 хувийг Америкийн “Пибоди” компани, 36 хувийг Орос-Монголын хамтарсан консерциумд эзэмшүүлэх төслийг Засгийн газар дэмжсэн байв. Өөрөөр хэлбэл олон сарын турш сунжирч дуншсан стартегийн хөрөнгө оруулагчид маань ийнхүү тодорч буй ажээ. Уг нь УИХ-аас тус ордыг ашиглах талаар 39 дүгээр тогтоол гаргасан. Энэ нь ордыг ашиглахдаа ямар нэг алдаа гаргахгүй байхын тулд чиглэл өгсөн хэрэг байлаа. Мөн Ерөнхийлөгч болон Үндэсний айлгүй байдлын зөвлөлөөс Таван толгойн төсөлд ихээхэн анхаарал хандуулжээ. Өнгөрсөн оны 5 дугаар 18-нд энэ асуудлаар хуралдаж зөвлөмж өгчээ. Зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж буйг харин өнгөрсөн хавар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонирхож, танилцсан байна. Мөн УИХ-ын 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг адилхан авч үзжээ.  Ингээд  Ц.Элбэгдорж сэтгэл дундуур байгаагаа тухайн үед нуугаагүй. Ил шулуухан хэлсэн байв.

Гэтэлд саяхан Таван толгойн төсөл хэрхэн хийгдсэн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Эрдэс баялаг, эрчим хүчний асуудал хариуцсан ажилтнууд нягталж үзэхэд дээрх зөвлөмж, тогтоол үндсэндээ биелэгдээгүй байжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, УИХ-ын 39 дүгээр тогтоолын гол үзэл санаа нь Таван толгойн ордыг хамтран ашиглах хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулахдаа нээлттэй, ил тод явуулах явдал байлаа. Өөрөөр хэлбэл гэрээ хэлэлцээрийг яаж хийхийг нь хүртэл заагаад өгчээ. Хэлэлцээрийг хийхдээ улс төрийн аль нэг албан тушаалтныг оролцуулахгүй гэж хүртэл нарийвчлан хэлээд байв. Гэтэл энэ бүх заалтууд нь хэрэгжсэнгүй. Сонгон шалгаруулалт үндсэндээ улс төрчдийн хуйвалдаан болоод дуусчээ. Хамгийн хачирхалтай нь Таван толгойн төслөөс өнөөх иргэн бүрд олгох 10 хувийн хувьцаа алга болсон байлаа. Стратегийн хөрөнгө оруулагчдаас анх 15 компани саналаа өгсөн. Тэдгээрээс зургаа нь тунаж үлдээд, эцсийн шалгаруулалтаар дээрх гурван аж ахуйн байгууллага шалгарсан юм байх. Сүүлийн тэрхүү зургаан компани дотор Монгол-Оросын консерциум байгаагүй гэнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаныхан Засгийн газраас энэ талаар  тодруулах гэсэн боловч хариу өгдөггүй юм байна. Эхний зургаад багтаагүй энэ консерциум нь тэгээд хулгайгаар яваад орчихсон хэрэг үү. Тэр бүү хэл Таван толгойн 40 хувийг ашиглахаар тохиролцсон гэх Хятадын “Шинхуа” групптэй байгуулсан гэрээнийх нь эх хувь Ерөнхийлөгчийн ажлын албаныханд олдохгүй байгаа сурагтай. Мөн стартегийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулсан тендерийн баримт бичигт Монголд хамгийн чухал хэрэгцээтэй байгаа цахилгаан станцууд огт тусгагдаагүй байжээ.

УИХ-ын 39 дүгээр тогтоолд хувьцааны  10 хувийг иргэн бүрд өгөхөөр заасан ч Таван толгойг гадаадын хөрөнгө оруулагчидтай хуваан ашиглахад алга болчихсоныг манай зарим улс төрчид үнэнээр ойлгохгүй болоод байна. УИХ-ын тогтоолд, хэрвээ Таван толгойг хэдэн хэсэг болгож хуваасан тохиолдолд иргэддээ 10 хувийг хувьцаа хэлбэрээр өгөхгүй гэсэн юм огт байхгүй. Энэ мэтээр гайхал төрүүлсэн Таван толгойн гэрээг улс төрчид, иргэд бүү хэл эдийн засагчид, мэргэжлийн хуульчид ч ойлгосонгүй. Төслөөс жийгдсэн Солонгос, Японы компаниуд засгийн газраараа дамжуулан Монголын Засгийн газарт гомдол тавьж байна. Японы Ерөнхий сайд Наото Кан саяхан дахиад л Сү.Батболдод энэ тухай захидал илгээж, Таван толгойн төсөлд оролцохоо илэрхийлэв. Энэ бүхнээс харахад Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, төслийн ажил нь эхнээсээ хуудуутай боллоо. Үүнээс улбаалан гадаадын томоохон бизнесийн хүрээнд Монголын нэр хүнд унахад хүрч байна. Иргэд маань Таван толгойн хувьцааны 10 хувийг авна гэж горьдсоор суугаад хэмх молигодуулж орхив бололтой.  

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top