ОЛОН ӨНГӨ I Хуучны гудамжаар хэсүүчлэхэд ...

2024 оны 10 сарын 04


Хүрээ хотын хуучин гудамжаар хэсүүчлэхэд өнөөгийн орчноос тасарч өнөд эргэж ирэхгүй өвгөд дээдэстэй уулзаж, зэргэлдээх ертөнцийн зэрэглээт мананд умбах мэт.

Сүйх тэрэгчин морины ам татан дэргэд ирж зогсоход халиу нударга сэгсэрч, ханжаарынхаа хормойг цэгцэлсээр Хандармаа бүсгүй бууж, хажуухан талын дааман хаалгыг татан орохуйд том хонх дан дүн дуугарч дөрвөн нүдтэй улаан халтар нохой угтан ирж эрхлэн дагах нь нүдний үзүүрт зэрвэс үзэгдэх шиг ээ. Гудамж уруудан явбаас дөрвөлжин сараалжтай цаасан цонхны цаанаас шанзны эгшиг хангинах аястай.

Хотын энд тэндхэн, хамагдаж үрэгдээгүй дээхний янзаараа байгаа хуучин барилгуудын хажуугаар өнгөрөхөд яагаад ч юм, ийм нэг бодолд ээрэгдэж, би өөрөө өдөн цагаан малгай хэлтгий тавиад урт ханцуйтай торгон дээл, цагаан улт гуталтай хаа нэг тийш зорин явах адил.  Яг нэг газраар явахад тийм бодол илүүтэй зурсхийн орж ирээд байдаг нь сонин. Энэ тухай хамаатны ахдаа хэлтэл “Тэгж ч явсан юм бил үү, урд насандаа” гэж билээ.

Нээрээ би өмнөх зууны 30,40-өөд онд нэг тийм хүрээ хүүхэн явсан юм болов уу?

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top