Сонгуулийн дараа эмхлэн байгуулагдсан хамтарсан Засгийн газраас боловсруулсан 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд зарлагыг 35.8 их наяд төгрөг, орлогыг 33.9 их наяд төгрөг байхаар тусгажээ.
Сануулахад, сонгуулийн өмнөх Засгийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр буюу УИХ-д өргөн мэдүүлж, батлуулсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд, төсвийн орлогыг 29.4 их наяд төгрөг, зарлагыг 31.3 их наяд төгрөг, ДНБ-ий өсөлтийг 8%, инфляцыг 6% хүрнэ гэсэн тооцооллыг тусгаж байв.
Тухайн үед, Монгол Улсын нэгдсэн төсөв 2025 онд 31 их наяд хүрч, зургаан жилийн дотор 21 их наядаар тэлэх гэж байна хэмээн бичиж байлаа.
Тэгвэл энэ тоо тавхан сарын дараа 4.5 их наяд гэсэн том дүнгээр нэмэгдчихлээ.
Төсвийн орлогын эх үүсвэр төрөлжөөгүй, хумигдмал хэвээрээ нөхцөлд төсвийн зардал ийнхүү нэмэгдсээр буй нь зайлшгүй анхаарах ёстой асуудал юм. Төсөв гэдэг бол энэ улс орон боломж нөөцөө хэрхэн ашиглаж, хэдий хэмжээний орлого олж, хэрхэн яаж зарцуулах вэ, эргээд өгөөж нь иргэдийн ахуй амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал.
Сангийн сайд Б.Жавхлан газар, хэлтсийн дарга нарынхаа хамтаар УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, 2025 оны төсвийн төслийг танилцуулахдаа, Үндсэн агуулгаараа 2025 оны төсөв мега төслүүдэд зориулагдсан зарлагын дүн өндөртэй ч угтан буй 30 жилийн хөгжлийн гарааг товчлон төлөвлөгдсөн учраас өмнөх жилүүдийн төсөвтэй харьцуулахад ач холбогдол өндөртэй төсвийн жил болно гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Тэгвэл энэ долоо хоногийн МАН-ын бүлгийн хуралдааны дараа мэдээлэл хийх үеэр Б.Жавхлан сайд мега гэгдэх төслүүдийн талаар хэлэхдээ, Нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц зэрэг эхний ээлжийн долоон төсөлд төсвөөс хийх хөрөнгө оруулалт бараг байхгүй, ихэнх нь гаднын хөрөнгө оруулалттай гэсэн юм. Түүнчлэн дараагийн долоон төслийн эх үүсвэрийг ч ийм маягаар шийдвэрлэх хэрэгтэй талаар ярив.
Тэгэхээр сайдын хэлж буйгаар мега төслүүдийг хөдөлгөх санхүүжилтийг аль болох төсвөөс шийдүүлэхгүй гэж байгаа ч 2025 оны төсвийн зардлын тэлэлтээ мөнөөх мега төслүүдэд хамаатуулж буй юм.
Сайдын зүгээс Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдэд өгсөн мэдээллээс эшлэхэд, ирэх оны төсвийн төсөөллөөр эдийн засаг уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл сайжирч, улмаар эдийн засаг 8 орчим хувиар өсөх төлөв ажиглагдаж буй. Мөн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийг хэрэгжүүлэхэд бүтээн байгуулалт, үйлдвэрлэлтэй холбоотой импортын хэмжээ нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. Сангийн яамны тооцооллоор ирэх онд импорт 13,9 тэрбум ам.долларт хүрч, 18 хувиар өсөх төсөөлөл бий.
Боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлсэн учраас экспортын дүнг 2025 онд 18,9 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг төсвийн төсөлд тусгасан гэжээ. Мөн тэрбээр эрчим хүчний салбарын либералчлал, үйлдвэрлэлийн хүчин чадлыг тэлэх зорилгоор хэрэгжүүлэх ажлуудыг онцоллоо. Эдгээр бүтээн байгуулалтууд 2025 онтой золгоод эхлэх учраас хэрэглээний үнийн индекс нэмэгдэх, инфляцд бага зэргийн өөрчлөлт үзүүлэх нөлөө бий. Тиймээс инфляцын түвшинг тогтвортой, 6 хувиас хэтрүүлэхгүй байхыг зорьж, 2025 оны төсвийн төслийг зурагласан гэсэн юм.
Жишгийн дагуу УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд ирэх оны төсвийн төсөлд санал зөвлөмж өгөөд байна.
Тодотгоход, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс энэ оны тавдугаар сарын 16-нд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөлөл, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай” зэрэг Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өгч буй дүгнэлт, зөвлөмж болон холбогдох мэдээллүүдийг танилцуулж, хэвлэлийн бага хурал хийж байсан.
Мэдээлэлдээ, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаманд хүргүүлсэн “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал”-ын тайланд тусгагдсан эдийн засгийн таамаглал, гадаад дотоод эдийн засгийн эрсдэл, төсвийн үзүүлэлттэй зарим талаар нийцтэй бус байна гэж дүгнэснээ дурдсан.
Мөн цар тахлын дараагийн жилээс нүүрсний экспортын орлогыг дагаж төсвийн зарлага ихээхэн өссөн нь цаашид эдийн засагт дарамт учруулах хэмжээнд хүрч болзошгүй байна.
Иймд цаашид тулгарч болзошгүй түүхий эдийн үнийн уналт, экспортын орлогын тасалдал, төсвийн алдагдал нэмэгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлж төсвийн орлого, зарлагын өсөлтийг зайлшгүй сааруулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгагдсан нүүрсний экспортын орлого, улмаар төсвийн нийт орлого нь бодит байдлаас ихээхэн өндөр, хэт өөдрөг төлөвлөгдсөн гэж үзэж буйгаа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс мэдэгдэж байв.
Харин Засгийн газар, УИХ уг зөвлөмжийг үл хэрэгсэж төсвийг 31 их наяд төгрөг давуулан тэлсэн төсвийн хүрээний мэдэгдлийг баталж байв.
Тэгвэл одоо хамтарсан Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын зөвлөмжийг үл хэрэгсэн 36 их наяд төгрөг шүргэсэн өндөр зарлагатай төсвийг хуульчлан батлуулахаар хэдийнэ гараанаас гарчихлаа.
Дашрамд дурдахад, мега төсөл гэх үг "хөөстэй" сонсогддог болоод удаж буй. Үүнд улстөрчид их буруутай. Тиймээс ч "2025 оны төсөв мега төслүүдэд зориулагдсан зарлагын дүн өндөртэй ч угтан буй 30 жилийн хөгжлийн гарааг товчлон төлөвлөгдсөн..." гэх үгсэд бүрэн дүүрэн итгэхэд дэндүү эрт байна.
Үүц баялагтай ч өнөөдрийг хүртэл эрүүл засаглаж чадаагүйн тод илэрхийлэл нь өнөөдрийн Монголын нийгэм дэх тэгш бус байдал, гурван хүн тутмын нэг нь ядуу ангилалд, хөшигний цаана байгаагаас тодорхой ойлгогдож буй. Тиймээс эрх баригчдын захиран зарцуулах мөнгөний дүн их наяд их наядаар өсөхийн цаана хэнд, хаана илүү өгөөж нь үлдэх вэ гэдэг нь анхаарал татаж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )