Аймаг, нийслэл, сум, дүүргийн 2024 оны ИТХ-ын сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 11-ний 07.00 цагаас 20.00 цаг хүртэл үргэлжилж, дүнг эцэслэн гаргав.
Сонгуулийн үр дүнд нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 40-ийг МАН, тавыг АН-ын нэр дэвшигчид авч, ХҮН-аас нэг ч нэр дэвшигч сонгогдсонгүй. Үндэсний Эвсэл ч УИХ-ын сонгуульд оролцсон шиг идэвхийг ИТХ-ын сонгуульд гаргасангүй.
Орон нутагт МАН нийт 14 аймагт, АН Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Төв, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд гэсэн долоон аймагт олонхийн санал авсан байна.
Суудлын тоог харьцуулбал:
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 10 нам, нэг эвсэл болон бие даагчдаас 8031 мандатын төлөө 17.278 нэр дэвшигч өрсөлдсөн. 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1.642 тойрог 6.922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай байв. Улс даяар 2.107.291 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Үүнээс 1.120.021 хүн саналаа өгчээ.
Улаанбаатарын үндсэн сонгогч 1.005.132 байснаас 425.347 иргэн санал өгч 42.3 хувьтай сонгуулийг өндөрлүүлсэн нь нийслэлчүүд хамгийн бага ирцтэй оролцсон сонгууль болж түүхэнд бичигдлээ. Харин орон нутагт ирц өндөр байсан бөгөөд Баян-Өлгий, Сүхбаатар аймгууд өндөр ирцтэй байв. Нэгдсэн дүнгээр 2024 оны ИТХ-ын сонгуульд дөнгөж 53.2 хувь ирц бүрдсэн байна. Гэхдээ энэ удаагийн сонгуулийг ирцийн босгогүй болгосон. Сонгогчдын насны байдлыг авч үзвэл, залуус хамгийн идэвхгүй оролцжээ.
Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа намууд мэдээлэл хийсэн. Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар "2024-2028 онд нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бид хэрэгжүүлж, нийслэл хотынхоо тулгамдсан олон асуудлуудыг шийдэн их бүтээн байгуулалт, хөгжлийн тэсрэлтийг хийх болно. Бидэнд итгэл үзүүлсэн сонгогчдодоо талархлаа. Мөн бидэнд санал өгөөгүй ч нийслэл хотынхоо төлөө санаа зовниж байгаа нийт сонгогчдынхоо итгэлийг олж авахын төлөө хичээн зүтгэж ажиллах болно" гэв.
АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал “Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам маш амжилттай оролцлоо” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “21 аймгаас долоод нь АН ялалт байгууллаа. Ерөнхийдөө нийслэлд ялагдал хүлээлээ.Олон намаас олон нэр дэвшигч өрсөлдсөнөөс нийслэлд ялагдлаа. Үүнээс харахад цаашид нийслэлд ардчиллын чиг баримжаатай намууд нэгдэж сонгуульд оролцвол МАН-ыг ялж болохоор юм байна.
Нийт 330 сумаас АН 150 суманд ялалт байгуулаад байна. Энэ удаагийн сонгуульд ажиглагдаж байгаа нэг зүйл нь маш цөөхөн саналын тоогоор ялагдаж байна. Жишээ нь, дөрвөн аймагт нэгийн зөрүүтэй саналаар ялагдсан.
Энэ нь Монголын ард түмний тэн хагас нь АН-ыг дэмжиж байгааг харуулж байна. Намын дүрмээр орон нутгийн сонгуульд тухайн дунд шатны байгууллагууд хариуцлага хүлээдэг. Эцсийн дүн гарсны дараа тодорхой асуудал яригдана” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
Их хуралд олонхи болсон намаа л дэмжих ёстой шүү дээ үнээс гажсан нь төсөвөөр хохирно уу г\nэхээс хожихгүй тэнэгүүдээ
Жагсаалтаар гардаг л даа